НийтлэлХалх голFocus

1939 оны Зарлаагүй дайн

Халхын голын түүхт ялалтын 85 жилийн ой энэ онд тохиож буй. Энэхүү тулалдаанаас олон баатрууд төрөн гарч эх орон тусгаар тогтнолынхоо төлөө алтан амиа өргөсөн. БНМАУ-ын баатар Л.Дандар, Ц.Олзвой, Б.Дорж, Н.Дугаржав дивиз командлан захирагч Ч.Шарийбуу, Тамсагийн YI дивизийн холбоочин Д.Лхгава зэрэг олон аавын хүү Дорнодын талд эх орныхоо төлөө амь хайргүй тулалдаж явсан нь түүх болон үлджээ.

Бүх эх орончдын гэгээн дурсгалыг хүндэтгэж өнөөгийн залуус бид тэргүүн бөхийж, алтан амиараа хамгаалсан эх орноо сэтгэл зүрхнээсээ хайрлан хамгаалах нь учиртай.

1939 оны тавдугаар сарын 11-нд Японы эзэн хааны явган цэргийн 23-р армийн ангиуд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нутаг дэвсгэрт Халхын голын сав орчмоор дайран орж ирж нутгийн гүн үрүү довтолж эхэлсэн юм. Монголын хилийн энэ хэсэгт харийн эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг, ганц ч нисэх онгоцгүй мөн тун сулхан зэвсэглэсэн, цөөхөн дайчидтай Монголын Ардын Армийн нэг морьт хороо л сөрөн зогсож байжээ.

Зургаадугаар морьт хорооны цэргүүд

Зөвлөлтийн улаан армийн авиабригад Халх гол руу ирж байгаа нь

Халх голын байлдаан эхлэхэд Зөвлөлтийн улаан армийн авиабригадын 82 онгоцтой байсан ч тухайн сарын сүүлээр 203 болгосон юм. 1939 оны тавдугаар сарын 28-нд Монголд ирсэн зөвлөлтийн нисгэгчдийн найм нь ЗХУ-ын баатар цолтой байсан ба тэднийг нисэх хүчний корпус командлагч, ЗХУ-ын баатар Яков Владимирович Смушкевич удирдаж байжээ. Нисэх бүрэлдэхүүн богино хугацаанд агаарын тулаанд суралцаж, Халх голын дайны үеэр японы нийт 660 сөнөөх нисэх онгоцыг устгасан хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Монгол танкчин БА-6 загварын танкны өмнө

Монгол танкчид Т-27 загварын танк 

Монгол Зөвлөлтийн цэргийг бүслэн авч устгах, Халх голын баруун эрэгт бэхжих зорилгоор 1939 оны долдугаар сарын 2-3-нд шилжих шөнө Японы тал 38 мянган цэргийн албан хаагч, 310 нэгж зэвсэг, 135 танктай Халхын голын хөвдөг гүүрээр гаталж эхэлсэн байна. Японы цэрэг Халхын голыг гаталж Баянцагааны нуруунд гарч ирснийг манай командлал 3-ны өдөр мэдсэн байна.

Японы танкчид. 1939 оны долдугаар сарын 2-3-нд шилжих шөнө Японы тал 135 танктай тулаанд оролцсон

Японы нисгэгчид -1939 оны долдугаар сарын 2-3-нд шилжих шөнө. Японы тал 225 нисэх онгоц дайчилсан

Г.К.Жуков Баянцагааны нуруунд дайсныг яаралтай барьж зогсоох, өөрийн нөөц хүчээр Японы цэргийг гурван талаас нь бүслэн устгах шийдвэр гаргасан байна. Японы цэрэг 4-ний өглөө гурван цагийн турш их бууны галын бэлтгэл хийсний эцэст сөрөг дайралт хийв. Мөн агаараас цохилт өгөхийг оролдсон байна. Манай цэрэг дайсны энэ дайралтыг няцаан байлдаж орой нь сөрөг дайралтанд оров. Япончууд Баянцагааны нуруунд таван км өргөн, хоёр км гүн хориглолтын зурваст бүх хүчээрээ эсэргүүцэж байлдаан шөнөжин үргэлжилжээ.

 

Япончууд их буугаа ашиглан манай танк, хуягтын эсрэг байлдахын зэрэгцээ гранат, шилтэй шатахуунаар зэвсэглэсэн ”никухаку” буюу “үхлийн отряд”-ын цэргийг ашиглаж байв. Тэд танкийг ойртуулан гранатаар устгах буюу танкан доогуур орж өөртэйгээ хамт дэлбэлж байв. Японы тал Комацубарагийн тушаалаар 4-ний өдрөөс эхлэн ангиудаа ухрааж эхэлсэн бөгөөд 4-5-нд шилжих шөнө дайсанд шийдвэртэй цохилт өгч, Японы үлдэгдэл цэргүүд Халхын голын дээгүүр тавьсан гүүрээрээ голын зүүн эрэгт гарсан байна. Япончууд их хохирол үзсэн 26 явган хороогоо хамгийн сүүлд долдугаар сарын 5-ны өглөө гатлуулан гүүрийг дэлбэлжээ. Халхын голын баруун эрэгт гарсан Японы 8000 гаруй цэрэг алагдаж, шархадсан бөгөөд бараг бүх танк, их буу, 45 онгоцоо алдсан байна. 

Хоёрдугаар зэргийн командарм Г.М.Штерн, БНМАУ-ын маршал Х.Чойбалсан, корпус командлагч Г.К.Жуков нар Хамар даваан дахь командын байранд

Халх голын байлдааны ажиллагааг ЗХУ-ын маршал Г.К.Жуков удирджээ. Наймдугаар сарын 20-нд Монгол Зөвлөлтийн цэргүүд агаарын цохилт өгсөний дараа давшилт хийн, 23-нд Японы VI армийг бүсэлж, 28-нд дайсныг бут цохижээ. Наймдугаар сарын 31-нд БНМАУ-ын нутаг дэвсгэр Японы түрэмгийлэгчдээс бүрэн чөлөөлөгджээ.

Фронтын бүлгийн удирдагч Г.М.Штерн, зургаадугаар морьт дивизийн дарга  Л.Дандар, корпус командлагч Г.К.Жуков. Халхгол орчим, 1939 оны наймдугаар сар

1939 оны есдүгээр сарын 15-нд япон, зөвлөлтийн офицерууд гал зогсоох хэлэлцээр хийх үеэр 

Хамар даваан дахь командын төв

1-р армийн бүлгийн дайчдын олзлон авсан зүйлс: Их буу 190, винтов 9000 гэж хэвлэлд мэдээлсэн (хэрэг дээрээ 6184), гар буу 379, хүнд пулемёт 135, хөнгөн пулемёт 225, том калибрын пулемёт 5, нисэх онгоцны пулемёт 6, галаар шүршигч 189, миномёт 40, мортир 30, винтовны сум 2066961, гар гранат 5387, ачааны машин 79, хөнгөн машин 24, трактор 25, танк 12 (хэвлэлд мэдээлснээр, хэрэг дээрээ 9), хуягт машин 23 (хэвлэлд мэдээлснээр, хэрэг дээрээ 8), унасан нисэх онгоц 608 байв.

Японы цэргийн командлал ялагдалаа хүлээн зөвшөөрч, эсэргүүцлээ бүрэн зогсоож улмаар 1939 оны есдүгээр сарын 16-нд эвлэрлийн актанд гарын үсэг зурсан. Халхын голд дөрвөн сарын турш үргэлжилсэн дайн ийнхүү Зөвлөлт-Монголын цэргийн бүрэн ялалтаар дууссан юм. Дөрвөн cap үргэлжилсэн дайны хохирол их байсан.

Японы талын албан ёсны мэдээгээр дайнд оролцсон 76000 хүнээс алагдсан, шархадсан, өвчилсөн хүний тоо 18000 хүн гэж байгаа бол -Зөвлөлтийн тал амь үрэгдсэн хүн 18300, олзлогдсон цэрэг 464 гэж мэдээлсэн байдаг. Харин Японы түүхч С.Хаяси Японы цэргийн амь үрэгдэгсдийг тулаанд оролцогчдын 73 хувь орчим буюу 55 мянга орчим хүн байсан гэж тооцон гаргасан байдаг. Юутай ч японууд энэ дайнд өмнөх хоёр жилийн турш Хятадад хийсэн дайнд алдаагүй их хохирол амссан гэдгийг онцлон хэлэх учиртай буйзаа.  

Зөвлөлтийн цэргийнхэн 12 танк, 23 хуягт машин, 25 чирэгч техник, 100 автомашин, 190 ихбуу, 40 миномёт, 189 гранатомёт, 9000 винтов, 370 пулемёт болон их хэмжээний сум хэрэгсэл олзолсон байдаг. Агаарын тулаанд японы 608 онгоц унагасан байдаг. Монголын армийнхан 2413 хүнээ алдаж, 10020 шархдаж, 216 хүн баригдсан гэж албан ёсоор мэдээлж байсан. Энэ бол ердөө албан мэдээ бөгөөд зарим эх сурвалжид зөвлөлтийн 7974 цэрэг амь үрэгдэж, 15925 цэрэг шархадсан хэмээн мэдээлдэг. 

Эх сурвалж: MASS.mn

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version