Засгийн газарУИХОнцлох

Орон сууцны ашиглалтын тухай, Үндэсний орон сууцжуулалтын тухай анхдагч хуулиудын төслийг өргөн барина

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны наймдугаар сарын 14-ний өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Орон сууцжуулалтын талаар 2024-2028 онд баримтлах бодлого, чиглэлтэй танилцав

Засгийн газрын хуралдаанд Төрөөс орон сууцжуулалтын талаар 2024-2028 онд баримтлах бодлого, чиглэлийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь танилцууллаа. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, МАН, АН, ХҮН намын мөрийн хөтөлбөр, эвслийн гэрээтэй уялдуулан ирэх дөрвөн жилийн хугацаанд баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон байна.

Судлаачид Монгол Улсын хотжилтын түвшин дэлхийн хотжилтийн түвшнээс өндөр байгааг тогтоожээ. Энэ нь улсын хэмжээнд нягтрал харьцангуй их байгаа 100 мянга гаруй оршин суугчтай Эрдэнэт, Дархан хот, 20-50 мянган оршин суугчтай аймгийн төвүүдийг эс тооцвол хүн амын тал орчим хувь нь оршин суугаа нийслэл Улаанбаатарын хотжилтын түвшин өндөр байгаатай холбоотой. Тиймээс 2024-2028 онд Улаанбаатар хотын төвлөрлийг нэмэхгүй, байх, улсын хэмжээнд эхний ээлжид эдийн засгийн өсөлт өндөртэй, аж үйлдвэрлэл, худалдаа, тээвэр логистик хөгжсөн болон таталцлын хувьд өндөр, бүлэг суурингийн төв болох чадамжтай орон нутгийн хот суурин газрыг дэмжих бодлогыг баримталж ажиллах нь зүйтэй гэж үзжээ.

Монгол Улс 2010 онд нийт 192,236 айлын орон сууцны сантай байсан бол 2023 оны эцэст энэ тоо 411,101 болж нэмэгдсэн байна. Энэ нь Монгол Улсын нийт айл өрхтэй харьцуулбал 41.1 хувьтай тэнцэж байгаа үзүүлэлт юм. 2024 оны тавдугаар сарын 01-ний өдрийн байдлаар нийт 29.1 мянган айлын орон сууц зах зээлд борлуулагдаж байгаагаас 66.0 хувь буюу 19.2 мянга нь шинээр ашиглалтад орсон, 34.0 хувь буюу 9.9 мянга нь хуучин орон сууц байна. Мөн 2024 онд нэмэлтээр 37.3 мянган айлын орон сууцны барилга угсралтын ажил шинээр эхэлсэн нь орон сууцны зах зээл дээр 2024-2025 онд нийт 66.4 мянган айлын орон сууцны нийлүүлэлт үүсгэхээр байна.

Шинээр ашиглалтад орох дээрх 37.3 мянган айлын орон сууцны 81.5 хувь буюу 30.4 мянга нь Улаанбаатар хотод төлөвлөгдсөн нь хөдөө, орон нутгийн өрсөлдөх чадамж муу, хатуу болон зөөлөн дэд бүтцийн хөгжил сул байгааг харуулахын зэрэгцээ шинээр хот, суурин газрыг хөгжүүлэх чиглэлд төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээг улам эрчимжүүлэх, хөдөлмөр эрхлэлт болон орон сууцны салбарт шинээр татаас, урамшууллын тогтолцоог нэвтрүүлж, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжид шууд нөлөө үзүүлэх бодит дэмжлэг шаардлагатай байгааг харуулж байна хэмээн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам дүгнэжээ.

Мөн бага, дунд орлоготой болон зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах санхүүгийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, эрх зүйн байдал, хариуцах бүтэц, чиг үүргийг тодорхой болгох шаардлагатай.

Тиймээс орон сууцжуулалтын талаар эрх зүйн орчныг бий болгох, сумын төв, хот суурин газарт орон сууц барихад шаардлагатай инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн бэлэн байдлыг хангах, төрөөс санхүүжүүлэн хэрэгжүүлэх нийтийн, төрийн албан хаагчдын, зайлшгүй халамж асаргаа шаардлагатай иргэдэд зориулсан орон сууцны барилгын зургийн санг бий болгох, хөрөнгө оруулалтыг зөв хуваарилах чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд:

·      Орон сууцны ашиглалтын тухай, Үндэсний орон сууцжуулалтын тухай анхдагч хуулиудын төслийг боловсруулж, УИХ-д өргөн барих,

·      Үндэсний орон сууцны хөтөлбөрийг боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх,

·      Орон нутаг дахь орон сууцжуулах төсөл арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад дэмжлэг үзүүлэх,

·      Бага орлоготой айл өрх, залуу гэр бүл, төрөөс зайлшгүй халамж шаардлагатай айл өрхийг орон сууцаар хангах, орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс нам давхарын цөөн айлын үнэ, ашиглалтын зардал бага орон сууцны төрлийг нэмэгдүүлэх төсөл арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх зэрэг ажлыг зохион байгуулах юм байна.

Албан татварыг хэсэгчлэн төлүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 337 дугаар тогтоолоор батлагдсан “Татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх, татвараас чөлөөлөх журам”-ын дагуу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд баригдах 50 МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцын төсөлд зориулан “Райд Монголиа” ХХК-ийн импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжид ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварыг дөрвөн жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг Засгийн газраас зөвшөөрлөө.

Барилга угсралтын ажил нь эхлээд буй Сүхбаатар сумын нутаг дахь 50 МВт-ын дулааны цахилгаан станц нь Түшиг сумын нутагт орших Хужиртын нүүрсний уурхайгаас нүүрсний хэрэглээгээ хангахаар тооцсон бөгөөд жилд 285.9 сая КВт цахилгаан эрчим хүч, 373.0 мян.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн түгээх хүчин чадалтай байхаар техник, эдийн засгийн үндэслэлд нь туссан байна. Нийт 141.1 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий дулааны цахилгаан станцын эхний үе шат болох 25.0 МВт-ыг 2025 оны аравдугаар сард, хоёрдугаар блокийг 2026 оны гуравдугаар сард тус тус ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Товч мэдээ

· Засгийн газрын хуралдаанаар Боловсролын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж, тогтоол гаргалаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version