СонгинохайрханFocus

“Шарилжгүй Сонгинохайрхан” дүүрэг аяны хүрээнд 548 тонн шарилж цэвэрлээд байна

Харшлын эсрэг хамтдаа уриан дор “Шарилжгүй Сонгинохайрхан” дүүрэг аяныг СХД-ийн Засаг дарга Б.Хуягбаатарын санаачилгаар  эхлүүлсэн бөгөөд  аяны хүрээнд тус дүүргийн 43 хороонд иргэдийн бүлгийн 185 ажилтан ажиллаж шарилж, хөл газрын ургамлын цэвэрлэгээг тогтмол хийж байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар ярихдаа, “Хоёр сарын хугацаанд үргэлжлэх энэхүү аяны гол зорилго нь харшлын эсрэг хамтдаа уриан дор иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэж буйгаараа онцлогтой.

Сонгинохайрхан дүүрэг нийт 43 хороотой бөгөөд 18 нь байшин хороолол,  35 нь  гэр хорооллын хороод юм.“Шарилжгүй Сонгинохайрхан” аяны хүрээнд иргэдийн бүлгийн ажилтнууд зам талбайн цэвэрлэгээний  байгууллагуудтай хамтран өнөөдрийн байдлаар 43 хорооны 554550 мкв талбайн 548 тонн шарилжийг  528 удаагийн рейсээр  төвлөрсөн хогийн цэгт хүргэн ажиллаад байна.

Нийтийн эзэмшлийн зам талбай, гуу жалгад үүссэн хог хаягдал, шарилжийг цэвэрлэж, ая тухтай цэвэр орчныг бүрдүүлэх “ШАРИЛЖГҮЙ СОНГИНОХАЙРХАН” аянд хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд  нэгдэж орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний зам дагуу ургасан шарилж, хөл газрын ургамлыг цэвэрлэх, устгах ажилд идэвх санаачилгатай оролцохыг  уриалж байна хэмээв.

“ШАРИЛЖГҮЙ СОНГИНОХАЙРХАН” аяны хүрээнд  иргэдийн бүлгийн нийт ажилчдад зориулалтын хадуур, маск, бээлий зэрэг хөдөлмөрийн багаж хэрэгслээр хангажээ. Иргэдийн бүлгийн ажилчид  хуваарийн дагуу өдөр бүр өглөөний 07 цагаас  16 цаг хүртэл ажиллаж буй аж.

Эрүүл мэндийн байгууллагаас  хөл газрын харшил үүсгэгч ургамлын тоосжилт эхлэхээс өмнө буюу өдийд хадалт, тайралт зэргийг хийх нь үр дүнтэй байдаг хэмээн зөвлөж байна.

Шарилж, луулийн төрлийн ургамлуудын үрлэх, үр боловсрох хугацаа харилцан адилгүй бөгөөд цэцэглэлтийн үе нь янз бүр. Мөн тайралт хийсний дараа дахин ургадаг учир зургаадугаар сарын сүүлийн долоо хоногоос наймдугаар сарын дунд үе хүртэл гурван удаагийн давтамжтай тайралт хийх шаардлагатай хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version