Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “Зөвлөлт Холбоот улс, БНМАУ-ын Засгийн газар хооронд 1949 онд хийсэн хэлэлцээрийн хэрэгжилт, нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийн ашиглалтын байдалд МУ-ын Үндэсний аудитын газар болон ОХУ-ын тооцооны танхимаас хийх аудитыг өнөөдрөөс хийж эхэллээ.
Аудитыг Монгол Улсын Үндэсний аудитын газар ОХУ-ын Тооцооны танхимын аудитын баг хамтран гүйцэтгэх юм. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
Аудитыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2022 оны “Аудитын сэдэв батлах тухай” 9 дугаар тогтоол, Төрийн аудитын тухай хууль, Монгол Улсын Ерөнхий аудиторын “Аудитын жилийн төлөвлөгөөг баталх тухай” 2024 оны А/152 дугаар тушаалын дагуу хийж буйг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулав.
Тэрээр, хоёр улсын хамтарсан аудитыг УБТЗ ХНН-ийн үйл ажиллагааны үр дүн, нийгэмд үзүүлж буй үр нөлөө, үр ашигт хийж буйг тодотголоо. Түүнчлэн гүйцэтгэлийн аудитаар УБТЗ ХНН-ийн талаарх ЗХУ, БНМАУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг бүрэн хэрэгжүүлсэн байдлыг хамруулж, нийгэмлэгийн үйлдвэрлэлийн болон эдийн засгийн үзүүлэлтийг сайжруулах чиглэлээр авсан арга хэмжээний хэрэгжилтийн 2021-2023 оны үр дүнг үзэхээр болж буйг мэдэгдлээ.
Тодруулбал, гүйцэтгэлийн аудитаар УБТЗ-ын 2021-2023 оны санхүүгийн баримт бичгүүдийг шалгаж, орлого төвлөрүүлэлт, зарцуулалтыг хянана. УБТЗ хоёр улсын хамтарсан, хувь нийлүүлэх нийгэмлэгийн статустай тул аль нэг улс дангаараа аудит хийх боломжгүй байдаг гэв.
УБТЗ ХНН-ийн үйл ажиллагаанд хамгийн сүүлд 2015 онд аудит хийжээ.
Аудитын үр дүнгийн тайлан, дүгнэлтийг энэ оны эцэст нэгтгэн гаргаж, УИХ-ын Төсвийн байнгын хороо болон холбогдох байгууллагад хүргүүлж танилцуулах аж. Улмаар хоёр улс харилцан зөвшилцөж, аудитын тайланг хэлэлцэнэ гэв.
Өнөөдрийн, аудитын нээлтэд ЗТЯ, УБТЗ ХНН-ийн удирдлага, төлөөлөл оролцлоо. Аудитын багт ОХУ-ын Тооцооны танхимын Удирдах газрын даргын орлогч С.У.Тменова, ахлах байцаагч Е.В.Васичкина, Ю.С.Флегонтова нарын бүрэлдэхүүн манай улсад ирж оролцож байна.