НийтлэлГэр бүлВидеоОнцлохФото сурвалжлага

Дөрвөн сайхан үрийнхээ маргаашийг харах хүсэл минь биелэнэ гэдэгт итгэж байна

Хүний амьдралын хамгийн чухал зүйл бол гэр бүл. Эрүүл саруул элэг бүтэн байж, инээд хөөр дүүрэн цалгисан халуун дулаан гэртээ хайртай үрсийнхээ өсөж, торнихыг харж амьдрахаас өөр эрхэм зүйл үгүй гэлтэй. Нэг л өдөр энэ сайхан аз жаргалтай амьдралд нь сүүдэр татуулж, хүнд өвчний туссан тухай мэдээ сонссон залуу бүсгүй Цэрэнжаа бүсгүйн сэтгэл ямар байсан бол…

Тэр ердөө 34-хөн настай. 20 гаруйхан насандаа хань Пүрэв-Очиртойгоо гэр бүл болж ууган охиноо өлгийдөж авсан цаг саяхан мэт. Өдгөө тэд дөрвөн сайхан үрийнхээ ижий, аав нь болж, “Алдарт эх”-ийн одонгоо зүүх дээлээ бэлдээд, амьдралын их замд өөрсдийнхөөрөө аялж явсан. Тэдэнд амьдралын олон сайхан дурсамж дүүрэн үлдэж, ирээдүйн  төлөвлөгөөнүүд нь ээлж дараалан ундарч байсан…

…Бага хүүгээ төрөөд 5 сарын дараа буюу 2024 оны 01 дүгээр сарын 15 нд анх шулуун гэдэсний хорт хавдраар өвчилсөн гэдэг онош сонсчээ. Гэнэтийн ирсэн сэтгэлийн их зовлон, эрүүл мэндийн шалтгаанаас үүдэлтэй асуудлууд хөвөрч, өнгөрсөн 7 сар гаруйн хугацаанд тэдний амьдралын туулах ёстой шалгуур мэт хүндхэн өдөр хоногуудтай нүүр тулж явна.

1 / 7

Тэд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаж, Сэлэнгэ-Улаанбаатар хоёрын хооронд зорчих, эмнэлэгийн үйлчилгээ авах, хагалгааны зардал, гэр бүлийн зардал, бага хүүгийн памперс, сүү гээд шаардлагатай бүхнээ зохицуулж, гэр бүл, найз нөхдийнхөө тусламж дэмжлэгээр өнөөдрийг хүрсэн. Хөөрхөн үрс нь ижийдээ эрхлэх зуурт “Хань минь аав хүнийхээ үүргийг гүйцэтгээд ажлаа хийж яваа. Амьдралд хамгийн чухал нь эрүүл мэнд гэдгийг өвдсөнөөсөө хойш дэндүү сайн ойлголоо” хэмээн санаа алдах Цэрэнжаа бүсгүй хүнд өвчинд бууж өгөлгүй тэмцэж явна.

Гэвч гэнэтийн мэдээ болсон хорт хавдрын явц нь хурдан байгаа тул яаралтай цаг хугацаа алдалгүй Хөх хот руу эмчилгээ хийлгэвэл, мэсийн эмчилгээгүйгээр бүрэн эдгэх боломжтой гэсэн сэтгэл цэлмээсэн мэдээг тэд аваад удаагүй байна. Эмчилгээний зардал нь 30 сая төгрөгт багтана гэж байгаа ч тэд шууд өөрсдөөсөө гаргаад өгөх боломжгүй болчихоод байгаа учраас манай сайтын хамт олноор дамжуулан Монголынхоо ард түмнээс тусламж хүссэн билээ. 

Тэвдэж явахад тэвнээр туслах шиг том тус үгүй билээ. Туслая гэвэл ганцаасаа гэдэг дээ. Ердөө 30 мянган хүн л 1000 төгрөгийг бүсгүйн дансанд хийхэд аюулт өвчинг цаг алдалгүй маш хурдан эмчлэх боломжтой болж, амьдралаа аз жаргалтай үргэлжлүүлж чадах билээ.

Хайр дүүрэн залуу насны утга учир болсон элэг бүтэн амьдралын аз жаргал, бяцхан үрс эжийтэй хамт байх хувь заяа, урт удаан жил ханьтайгаа хамт өтлөх буян хайрлаж, хүн бүр чин сэтгэлээсээ Алтанхундагын Цэрэнжаа бүсгүйд туслаасай гэж хүсэж байна.

Тусламжийн гараа сунгаж байгаа болон бидний нийтлэлийг уншаад “1000 төгрөг” хандивийн аянд нэгдэх халуун сэтгэлтэй хайр дүүрэн зүрхтэй Монгол түмэн минь та бүхэндээ баярлалаа. Хайр, талархал дүүрэн амьдралын он жилүүд нь гэгээн дардан байж, эрүүл энх, урт удаан наслахын ерөөл өргөе.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version