Миязаки мужид болсон газар хөдлөлтийн улмаас Ерөнхий сайд Кишида Фүмиогийн айлчлал цуцлагджээ
Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида 2024 оны 08 дугаар сарын 09-12-ны өдрүүдэд Казахстан, Узбекистан, Монгол Улсад тус тус хийхээр төлөвлөж байсан албан ёсны айлчлал Япон Улсад хүчтэй газар хөдлөлт болсонтой холбогдуулан цуцлагджээ.
Япон Улсын Миязаки мужид 2024 оны 8 дугаар сарын 8-ны өдөр болсон газар хөдлөлтийн улмаас илүү өргөн хүрээг хамарсан хүчтэй газар хөдлөлт болох магадлал нэмэгдсэн тухай Япон Улсын Цаг уурын агентлагаас мэдээлж, иргэдэд сэрэмжлүүлэг гаргаад байгаа аж.
Тодруулбал, газар хөдлөлт Миязаки мужаас 30 км-ийн зайд болсон бөгөөд Ерөнхий сайд Фумио Кишида олон нийтийг “Газар хөдлөлт болвол нэн даруй нүүлгэн шилжүүлэхэд бэлтгэхийг” уриалжээ. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас тус улсын дөрвөн гол арлын нэг Кюүшюгийн Миязаки муж орчмын тээврийн үйлчилгээ тасалдсан байна. Миязаки нисэх онгоцны буудлыг Осака, мөн Токиогийн Ханедатай холбосон зарим нислэгийг болон Кюүшю болон Ниши Кюүшюү шинкансэн хурдан галт тэрэгний хөдөлгөөн түр хугацаагаар зогсоож, Миязаки хотоос Кобе хот руу явах гатлага онгоцны хөдөлгөөнийг цуцалжээ.
Дашрамд дуулгахад, өнгөрөгч нэгдүгээр сарын байдлаар, Япон Улсын Засгийн газрын Газар хөдлөлт судлалын хороо ойрын 30 жилд Нанкай голын ойролцоо 8.0-9.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болох магадлал 70-80 хувьтай байна гэж таамаглаж байжээ.