Нийгэм

Цементийн чанарт хийсэн шалгалтын дүнг танилцууллаа

Монгол Улсын Засгийн Газрын 188-р тогтоолоор цементийн гаалийн албан татварыг 20 хувиас 5 хувь болгон бууруулсантай холбогдуулан Сайдын 96 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг цементийн чанарт хяналт шалгалт хийлээ.

Шалгалтын хүрээнд хийгдсэн шинжилгээнүүд, гарсан зөрчил, холбогдох арга хэмжээний талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилгын материалын хэлтсийн дарга Д.Батзориг, Нийслэлийн хяналт шалгалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч С.Мөнхцэлмэг нар газар дээр нь мэдээлэл өглөө.

Шалгалтаар барилгын материалын 44 зах дээр худалдан борлуулж буй БНХАУ-ын цементээс нийт 6 дээжийг газар дээрээс нь авч, барилгын материалын сорилтын лабораторид физик механик үзүүлэлтийг тодорхойлуулахаар шинжилгээнд хамруулсан.

Дээрх дээжүүдээс 3 дээжийн шахалтын бат бэх нь 42.5 МПа байхаас 42МПа, 39.9 МПа, 41.5 МПа гарлаа. Дээрх гурван дээжний хоёр нь стандартад заасны дагуу хүлцэх алдаа буюу бага зэргийн согог, стандартын шаардлагаас байж болох хэлбэлзэл 40МПа байж болохоор заасанд хамаарч байгаа бол 39.9 МПа гарсан 1 дээж шаардлага хангахгүй байгааг тогтоолоо.

Барилгын үндсэн бүтээц болон бетон зам, хучилт, өрлөг, далан суваг, усны хоолой, хамгаалалтын түшиц хана, төмөр бетон эдлэл, бетон зуурмаг үйлдвэрлэхэд цементийг орц нормын дагуу хэрэглэх шаардлагатай бөгөөд чанарын шаардлага хангаагүй цементийг ашиглах нь маш их эрсдэл дагуулдаг болохыг албаныхан анхааруулав.

Иймээс чанар стандартын шаардлага хангаагүй 1 дээжид дахин нарийвчилсан шинжилгээ хийж, Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллах юм.

Манай улс жилдээ 2.3 сая тонн цементийн хэрэглээтэй бөгөөд хэрэглээнийхээ 12 орчим хувийг гаднаас импортлож байна. Энэ оны 8-р сарын байдлаар 146 мянган тонн цемент импортоор орж иржээ. MNS 3091:2008 стандартад заасны дагуу 50кг цемент тутамд хүлцэх алдаа 1кг байдаг бөгөөд үүнээс их байвал стандартын шаардлага хангахгүй гэж үздэг.

Монгол Улсын холбогдох стандартад:

  • Өөр төрлийн болон Өөр төрлийн болон бат бэхийн анги (марк)-аар өөр цементийг хольж хураах, цементэд чийг авхуулах, гаднын зүйлээр бохирдуулах, задгай цементийг ил агуулахад хадгалахыг хориглодог.
  • Ууттай цементийг тавиур дээр 1,8 м-ээс ихгүй өндөртэйгээр нягт хурааж, чөлөөтэй хүрэх гарц гаргана.” гэж заасан байдаг.
  • Цементийн үйлдвэрлэсэн огноо, хадгалах хугацааг уут, сав дээр мөн задгайгаар нийлүүлэх үед дагалдах чанарын гэрчилгээнд бичсэн байна.
  • Цементийг үйлдвэрлэснээс хойш 60 хоногийн дотор хэрэглэхээр тооцож хадгална. Хэрэв энэ хугацаанаас хэтэрвэл цементийн идэвхжил буурч, чанарт нь өөрчлөлт ордог.
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version