НЗДТГFocus

Гэрээ байгуулсан 885 иргэний нөхөн олговрын мөнгийг шилжүүлсэн

Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах хүрээнд Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны гэр хорооллын 158 га газрын 2206 нэгж талбарыг чөлөөлж, дахин төлөвлөнө. Төслийн хүрээнд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг иргэдтэй зөвшилцөж, зөвшилцсөн иргэдийн нөхөх олговрыг олгож эхлээд буй.

Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш тухайн бүс нутгийн 1423 иргэн, аж ахуйн нэгжийн газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийж, үнэлгээний дүнг иргэдэд танилцуулсан юм.

Гэрээ байгуулах ажил үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1250 нэгж талбартай гэрээ байгуулж, 885 иргэний нөхөх олговрыг олгох Нийслэлийн Засаг даргын захирамж гараад буй. Эхний ээлжийн гэрээ байгуулж, нөхөх олговроо авсан иргэд үл хөдлөх хөрөнгөө нүүлгэн шилжүүлж, газраа чөлөөлж эхэлсэн. Чөлөөлсөн газрын ариун цэврийн байгууламжийг цэвэрлэх, хөрсний ариутгал хийж, хашаа байшингийн хог хаягдлыг зөөх ажил үргэлжилж байна.

Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныханд тус төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон юм.

Тэрбээр “Сэлбэ дэд төвийн хүрээнд 158 га талбайд 2,206  нэгж талбар айлын газар чөлөөлөх төлөвлөлтийг хуулийн төсөлд тусгасан. Газар чөлөөлөх эрх зүйн орчныг шинэчилснээр тухайн бүсэд харьяалагдаж буй айл өрхийн хөрөнгийн үнэлгээ, хээрийн судалгаа, хэмжилтийг хийж, өнгөрсөн дөрөвдүгээр сараас нөхөн олговор олгож эхэлсэн.

Ингэснээр ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн бүхий 12 мянган айлын иж бүрэн орон сууцны цогцолбор хорооллыг барих санхүүгийн болон зураг төслийн бэлтгэл хангагдаж байгаа юм. Чөлөөлсөн газрын 60 хувьд нь орон сууц, 40 хувьд нь зам талбай, ногоон байгууламж хийнэ” гэв.

Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулахдаа бүрэн төлөвлөх бөгөөд эхний ээлжид 12 мянган айлын орон сууцыг барина. Энэхүү төслийн төлөвлөлтийг 20 минутын хот зарчмыг баримталж, цогц байдлаар хийхээр зорьж буй. Ингэснээр иргэдэд төрийн үйлчилгээ ойртож, агаар болон хөрсний бохирдол буурч, автомашины түгжрэлийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэж чадах юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version