ЯрилцлагаОБЕГFocus

Д.Бат-Эрдэнэ: Хар усан тохой, Сонсголонгийн гүүр зэрэг эрсдэлтэй байршлуудад камер байршуулсан

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

Үерийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын Шуурхай штаб өнгөрсөн сараас ажиллаж байна. Шуурхай штаб өнгөрсөн хугацаанд ямар ажил, үүрэг гүйцэтгэсэн бэ? 

 -Монгол Улсын Шадар сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ОБЕГ-ын даргын тушаал гарч, өнгөрсөн зургадугаар сарын 3-наас Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах Шуурхай штаб улсын хэмжээнд байгуулагдлаа. ОБЕГ-т 20 гаруй албан хаагчийн бүрэлдэхүүнтэй Шуурхай штаб ажиллаж байна.

Бид шаардлагатай тохиолдолд холбогдох яам, агентлаг, салбарын мэргэжилтнүүдийг штабдаа татан оролцуулж байна. Сая БХБЯ, Газрын харилцаа, геодиз, зураг зүйн газар, нийслэлийн ОБГ-аас холбогдох албан тушаалтнуудыг тодорхой хугацаагаар Шуурхай штабт ажиллуулсан. 21 аймаг, нийслэлийн хэмжээнд үерийн аюулаас  урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах штабууд байгуулагдлаа. 

ОБЕГ-т байгуулагдсан Шуурхай штаб нь төв, орон нутгийн штабуудыг удирдлага, үүрэг чиглэлээр хангах, хүн хүч, хэрэгслийн нөөцийн судалгаа, тооцоог нэгтгэн зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд хүч, хэрэгслийн дэмжлэгийг хэрэгцээтэй газруудад үзүүлэх ажлыг хэрэгжүүлж ажилладаг.

Энэ жил бүс, орон нутгийн хэмжээнд усархаг бороотой жил байна гэсэн эрсдэлийн зураглалыг УЦУОШГ-аас гаргасан байсан. Тиймээс бид эхний ээлжид гамшгаас хамгаалах улсын албадад үзлэг, хяналт зохион байгуулсан. Нийслэлийн үерийн гамшигтай тэмцэх үүрэг бүхий байгууллагуудад үзлэг хийсэн.

Энэ хүрээнд үерийн далан, өнгөрсөн жилүүдэд үерийн усанд автаж байсан хороо, дүүргүүдийн нутаг дэвсгэр, үерт өртөж байсан айл өрхүүдийн байршилд штабаас томилогдсон хяналтын Ажлын хэсэг шалгалт зохион байгуулсан. Шалгалтыг ОБЕГ-ын дарга бөгөөд  Гамшгаас хамгаалах улсын хяналтын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу явууллаа.

Өнгөрсөн жил баяр наадмын үеэр үргэлжлэн орсон их хэмжээний борооны үерийн улмаас Сэлбэ, Дунд гол савнаасаа хальж, “Aqua” хотхон гээд олон газарт ус буусан.  Үзлэг шалгалтаар үерээс үүдсэн лаг, бургасыг цэвэрлэх ажил удаашралтай буюу эхлээгүй байлаа. Тиймээс энэ ажлыг шуурхай зохион байгуулахыг нийслэлийн холбогдох байгууллага, БОЯ,  Усны барилга байгууламж, геодизийн газартай зөвшилцөн, цэвэрлүүллээ. 

Мэргэжлийн байгууллага бургасыг байгаль орчинд нөлөөгүй,  шарилж маягийн зарчмаар  гэж тогтоосон. Тиймээс  усны урсцыг удаашруулж, усанд урсаж яваа эд зүйлийг нэг дор хуримтлуулж, овоолго үүсгэсэн байлаа. Халиа үүсгэснээр суурьшлын бүс, орон сууцны хотхон руу их хэмжээний ус орж, иргэдийн эд хөрөнгө, амь насанд аюул учруулах бодит эрсдэл байлаа. Тиймээс цэвэрлэгээний ажлыг шуурхай хэрэгжүүлсний үр дүнд сүүлд орсон үргэлжилсэн борооноор Сэлбэ голын дагуух хотхонууд усанд автахгүй намдуу өнгөрч байна. 

Цаашдаа далан өргөтгөх нэмэлт ажил үргэлжилж байна. Энэ ажлуудыг бүрэн хэрэгжүүлснээр өмнөх жилийн усанд автсан хотхонууд усанд автахгүй байх бололцоо бүрдэнэ.  Мөн Сэлбэ, Дунд голын голдирол дотор баригдсан “Шунхлай” ШТС, “Натур” төвийн гүүрний ойролцоо байсан обьектыг буулгаж, газар чөлөөллөө. Ингэснээр голдирлоор усны урсац нь нэмэгдэж, халих эрсдэл нь буурлаа.

Шуурхай штаб голын эрэг дагуух эргүүлийг байнга зохион байгуулж байна. Эргүүлээр явж байгаа төрийн албан хаагчид хүүхдүүдийг харах, амарч байгаа зарим иргэнийг албадан голоос явуулах, голын салаа дагуу байрласан отгийг буулгах зэрэг ажлыг хэрэгжүүлж байна. Завьт эргүүлүүд Хар усан тохойгоос “Сонгино” амралтын газар хүртэл явж, 20 гаруй хүний амь насыг авраад байна. 

Орон нутагт томоохон гол мөрний дагуу эргүүл хамгаалалт тавьж, сануулга өглөө. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн аймагт үерийн гамшиг тохиолдоход шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Тухайлбал, Завхан аймагт буусан үерийн үеэр  Шуурхай штаб иргэдийг богино хугацаанд аюулгүй газарт байршуулан, оршин сууж байсан газрын лаг шаврыг цэвэрлэж, ариутгал халдваргүйтлийг хийлээ. 

Дараагийн шатанд эрсдэл өндөртэй газар байрлаж байсан айлуудыг нүүлгэн шилжүүлж, эрсдэлгүй газар байлгах шийдвэр гаргалаа. Хөвсгөл аймагт буусан үерийн  үеэр сэтэрсэн даланг хүчитгэснээр айл өрхүүдийг усанд өртөхөөс сэргийллээ. Архангай аймагт буусан үерээр  улсын чанартай авто замын эвдэрснийг Шуурхай штаб засварлаж, иргэдийн зорчих хөдөлгөөнийг нээлээ. Бид үүнийг мэргэжлийн байгууллагатай хамтарч хэрэгжүүлж байна. Нэг дороос  удирдлага шийдвэрийг гаргаснаар цогц арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж байна.

-Үер, усны эрсдэлийн үнэлгээ хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Иргэдийг усанд осолдохоос хэрхэн сэргийлж байна вэ?

-Өнгөрсөн өвөл зудын нөхцөл байдалд эрсдэлийн үнэлгээ хийснээр гурав дахин хохирол багатай давсан дүн шинжилгээ хийсэн.  Үерийн аюултай үед бид мөн л эрсдэлээ тооцоолон, урьдчилан сэргийлж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Нийслэлийн Онцгой байдлын газар өнгөрсөн жилээс иргэдийн амь насыг хамгаалж, урьдчилан сэргийлэх үүднээс Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Сонсголонгийн гүүр зэрэг эрсдэл өндөртэй таван байршилд камер байршуулсан. Эдгээр камерыг нийслэлийн Онцгой байдлын газрын Дэд төвөөс 24 цагаар дэлгэцээр хянадаг.

Үерийн усанд үйж осолдохоос илүүтэй ахуйн чанартай усны ослоор амиа алдаж байгаа нь харамсалтай. Усанд орж сэрүүцэхдээ, аялж, зугаалж явахдаа, амралтын өдрүүдэд гэр бүлээрээ нийлж, голын эрэг дээр амрахдаа усанд эндэж байна. Үерийн эрсдэлээс мэргэжлийн байгууллага зохион байгуулалттай тэмцэж, урьдчилан сэргийлж, хохирол багатай давж, учирсан хохирлыг богино хугацаанд тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна.

Гэтэл усны осол ахуйн орчноосоо шалтгаалж байгаад иргэд маань сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө ямар ч хүчин зүйл сөхөрдөг. Гэтэл манайхан амарч, зугаалж явахдаа амиа алдаад байгаад сонор, сэрэмжээ дээшлүүлж,  сэргийлэх хэрэгтэй.

Үерт автсан айлууд  эрсдэлтэй бүсдээ буцаад ирж байна

-Өнгөрсөн жил орсон үерийн улмаас нийслэлийн Дарь-Эх орчмын айл өрх усанд автаж, нүүлгэн шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар үерийн эрсдэлтэй газарт  хэчнээн айл байгаа бол. Албадан нүүлгэх шаардлага хүргүүлсэн үү?

-Өнгөрсөн жилийн хүчтэй борооны үерт нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Дарь-Эх орчмын 25 айлын гэр усанд автсаныг аюулгүй газарт нүүлгэсэн. Нүүлгэн шилжүүлсэн тухайн газрыг тус дүүргийн Засаг даргын шийдвэрээр олгож, эрчим хүч татаж, дэд бүтцийг нь шийдэж, гэр болон тавилгын мөнгө ч олгосон байдаг. 

Гэтэл энэ жилийн үзлэг шалгалтаар усанд автсан айл өрхийн 10 гаруй нь үерийн эрсдэлтэй хэсэгтээ буцаж ирээд, байшин барьж, авто засварын газар байгуулан  тохижсон байна. Тухайн газарт байгаль өөрөө дохио өгч, өөрсдөө усанд автсан хүмүүс. Гэтэл иргэд ямар хандлага үзүүлээд байна вэ? Үерийн давтамж 5-10 жилийн хугацаатай байдаг байсан бол одоо уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой  жил бүр эрсдэл тохиолдож байна.

-Албадан нүүлгэсэн газраа буцаад ирсэн иргэдэд хариуцлага тооцох уу?

-Иргэний хариуцлага гэхээсээ тухайн хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирохоос гадна өмч хөрөнгөөрөө ч хохирно. Тухайн газрыг эрсдэл өндөртэй  гээд улс чөлөөлөөд авч байхад аюулын аманд өөрсдөө дахин очиж сууснаар амь, нас, эрүүл мэндэд аюултай шүү дээ. Төр эрсдэлтэй гэж үзсэн тохиолдолд албадан нүүлгэнэ.  

Гэтэл тухайн эрсдэлтэй газартаа “Үйлчилгээ явуулах зориулалттай обьект  зарна” гэсэн зар тавьсан байна. Зарын дагуух утасны дугаараар залгахад “Гэрээ, гэрчилгээ бэлэн. Өмчлөх эрхтэй. 300 сая төгрөгт зарна” гээд ярих юм. Тиймээс иргэд хандлагаа өөрчилж, төрийн албан хаагчдын тавьж байгаа шаардлагыг хүндэлж, амь нас, эрүүл мэндээ хамгаалдаг байх хэрэгтэй.

-Энэ жил гол усны түвшин нэмэгдэж, хальж байна.  Ямар нөхцөлд орчны бүсдээ хохирол учруулах хэмжээнд хүрдэг бол?

-Энэ жил Туул голын усны түвшин өндөр хэмжээнд нэмэгдэж, 1966 оны их үерийн түвшнээс 20-40 см-ээр давж үерлэсэн. Энэ үед Хан-Уул дүүргийн Биокомбинатын орчмын голын хөндийд байршсан айл өрх, амралтын газар усанд автсан.  Үргэлжилсэн борооны улмаас болон эх авч байгаа газруудад их хэмжээний бороо орсны улмаас гол үерлэдэг. 

Ирэх өдрүүдэд Хэнтийн нурууны орчим үргэлжилсэн бороо орох төлөвтэй байна. Туул гол эндээс эх авдаг. Тиймээс ирэх өдрүүдэд зүүн талд орж байгаа бороо их хэмжээний, усархаг байвал Туул голын түвшин огцом нэмэгдэнэ. Энэ нь  голын арал, салаа, хөндийд байрласан, амарсан хүмүүст маш эрсдэлтэй. Хурдан хугацаанд ус нэлийгээд орж ирдгээс хүмүүс амжиж гарч чаддаггүй.

-Онцгой байдлын хоногийн мэдээлэлд гал түймрийн тохиолдол байнга байдаг. Ахуйн түймэр юунаас үүдэлтэй вэ?

-Монгол Улсад зонхилдог аюул, эрсдэл нь ус, түймэр. Он гарсаар 1600 гаруй ахуйн түймрийн дуудлага ирж, 40 орчим хүн амиа алджээ.  Түймрийн улмаас 2000 гаруй айл орон гэргүй болжээ. Үүний цаана хэчнээн иргэн хохирсныг тооцоход хэцүү. Ахуйн түймэр галлагаанаас л үүддэг. Цахилгааны ашиглалтын зөрчил мөн хамаарна. Манайхан гэр, байшингийн цахилгааны монтажаа өөрсдөө хийдэг. Энэ нь маш аюултай. Мэргэжлийн хүнээр цахилгааны монтажаа байршуулах хэрэгтэй.

Онцгой байдлын албыг  хувцас, техникээр  бүрэн хангасан ч хүний нөөц дутагдалтай

 -Онцгой байдлын албан хаагчдын хүн хүч, техник хүрэлцээтэй юү?

-Онцгой байдлын байгууллага амралт, баярын өдрүүдэд амардаггүй. Харин ч эсрэгээрээ хүн, хүчээ нэмэгдүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажилладаг.  Наадмын амралтын өдрүүдэд онцгой байдлын байгууллага албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажилласан. 

Баяр, наадмын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахаар бэлэн байдлаа хангаж,  1500 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэлээ. Гол мөрний эрэг дагуу эргүүл хийсэн. Манай алба хаагчид эргүүлд ажиллахаар амралтгүй байдаг. 24 цаг үүрэг гүйцэтгэсэн хүн 48-72 цаг амрах ёстой байдаг.

Гэтэл манай алба хаагчид 24:24 цагийн хугацаатайгаар үүрэг гүйцэтгэлээ. Үүний үр дүнд олон тооны иргэдийн амь насыг аварч, аюулгүй байдлыг хангасан. Шаварт, усанд суусан дуудлага их ирлээ. Иргэд баяр наадамд төвлөрснөөс анхаарал, сонор сэрэмжээ их алддаг. 

Замын хөдөлгөөн ихэссэнтэй холбоотой зам тээврийн осол их гардаг. Энэ бүхэнд очиж, хавчуулагдсан иргэдийг техникийн тусламжтай аюулгүй болгоно, зарим тохиолдолд өвчтөнийг нисдэг тэргээр тээвэрлэнэ.

Манай алба хаагчид хөдөлмөр хамгааллын хувцас, техникээр хангагдсан. Усанд ажиллаж байгаа алба хаагчдыг усны хамгааллын хувцсаас эхлээд бусад хэрэгслээр бүрэн хангана. Харин боловсон хүчин дутагдалтай учир баяр, амралтын өдөр өндөржүүлсэн бэлэн байдалд ачаалалтай ажилладаг.

-Гамшиг ослын нөхцөл өндөр хэмжээнд байна. Та ард иргэддээ хандаж ямар зүйл сэрэмжлүүлэх вэ?

-Энэ жилийн тухайд усны осол онцгой анхаарал татаж байна. Иргэд маань дотоодын аялал хийхдээ соёлд суралцах шаардлагатай. Амралт гээд ая тух бодохоос илүүтэй аюулгүй байдал нь нэгдүгээрт байдаг шүү. Аль ч улс оронд аюулгүй байдлаа тэргүүнд тавиад, ая тух, тансаглалаа дараагаар нь тооцоорой.

Аюулгүй байдалд техник, хэрэгслийн бүрэн бүтэн байдал, зорчиж явах хурд, отоглоод амрахдаа гол, уснаас хол байх хэрэгтэй. Хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулж, гол, мөрний эргээс хол байгаарай. Стандартын бус хийлдэг гудас, хөвөгчийг битгий хэрэглээрэй. Хийлдэг гудас, хөвөгчөөс болж олон хүн амиа алдлаа.

Нууранд тээврийн хэрэгсэлтэй битгий ороорой. Монгол хүн гал, усанд ам гарч болдоггүй шүү. Ус үерлэсэн бол ямар түвшинд байгаагаас үл хамааран эрсдэл учруулдаг. Тээврийн хэрэгслийн хүчин чадалд битгий найдаарай. Гарцаагүй тохиолдолд  тээврийн хэрэгслээр ус гатлах гэж байгаа бол цонхоо нээлттэй яв.

Аюул учирвал цонхоороо гарч, амиа хамгаална. Цахилгаан машинуудад ус орвол цахилгаангүй болдог. Цахилгаангүй болохоор бүх зүйл нь автоматаар түгжигддэг. Ингээд цонх, хаалгаа нээж чадахгүй, тээврийн хэрэгсэл дотроо амиа алдах эрсдэл байна.

Малчид малаа тууж, морь малтайгаа гол гатлах гэж байгаад амиа алдаж байна. Баталгаагүй гүүр, гармаар бүү  гатлаарай. Их хэмжээний бороо орж байвал түр буудаллаж, зогсож байгаад, мэргэжлийн байгууллагууд зорчиж болно гэсэн тохиолдолд аяллаа үргэлжлүүлээрэй. Аялж явахдаа битгий яараарай. Аминаас үнэтэй яаралтай ажил гэж хүнд байх боломжгүй.

Усанд осолдсон иргэдийн 70 хувь нь усанд сэлж чаддаг хүмүүс байна. Усан бассейнд сэлдэг ч голын урсгал усанд сэлэх тэс өөр зүйл гэдгийг онцлох нь чухал юм.

 Н.Энхбат

Эх сурвалж: ОБЕГ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version