Гадаад харилцаа

Монгол Улс, АНУ-ын иж бүрэн стратегийн яриа хэлэлцээр болов

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын анхдугаар Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээ 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Вашингтон хотноо болов.

Яриа хэлэлцээг монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, америкийн талаас Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт М.Кэмпбэлл нар тэргүүлж, хоёр талаас нийт 6 байгууллагын 40 орчим төлөөлөгч оролцлоо.

Энэхүү яриа хэлэлцээ нь хоёр улсын харилцаа Стратегийн гуравдагч хөршийн түншлэлд хүрснээс хойш Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний механизмыг нэвтрүүлж байгаагаар онцлог бөгөөд хоёр талын харилцан сонирхсон асуудлаар сэдэвчилсэн долоон хуралдааныг зохион байгуулав.

Яриа хэлэлцээний үеэр талууд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн хүрээнд улс төр, батлан хамгаалах, худалдаа, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаа, иргэд хоорондын хэлхээ холбоог улам гүнзгийрүүлэх, цаашид нэн чухал эрдэс баялаг, эрчим хүч, сансар судлал, цахим хөгжил зэрэг салбарт эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Агаарын тээврийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, тэр дундаа хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэхийн чухлыг талууд онцлоод, ирэх 8 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад америкийн талын оролцоог хангахаар тогтов.

Хоёр тал бүс нутаг, олон улсын тавцанд бие биеэ дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирснээ бататган, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх, мөн энхийг сахиулах чиглэлээрх олон талт хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийн төлөө буйгаа харилцан нотоллоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version