Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд “Гоби ресурс хилл” ХХК нийтийн эзэмшлийн зам талбайд 120 метр хашааг хэтрүүлэн барьсан зөрчлийг өчигдөр буюу долоодугаар сарын 22-ны өдрөөс эхлэн арилгуулж байна.
Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/344 тушаалаар “Гоби ресурс хилл” ХХК-нд тус газарт 8.8 га газар ашиглах эрх олгосон байдаг. Гэвч тухайн аж ахуйн нэгж хашаагаа барихдаа эргэлтийн цэг буюу баруун цэгээсээ гурван метр, зүүн цэгээсээ долоон метр сунган, хэтрүүлсэн барьсан байна.
Уг зөрчлийг арилгуулахаар долоодугаар сарын 8-нд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч өчигдрийг хүртэл зөрчлөө арилгаагүй юм. Иймээс албадан чөлөөлж байна.
Мөн уг аж ахуйн нэгж хашаагаа эргэлтийн цэгээсээ сунгаж барихдаа өөрсдийн хөрөнгөөр явган хүний зам барьсан боловч стандарт хангаагүйн улмаас явган хүн зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Иймд дараагийн хэсгийн газар чөлөөлөлт болох барилгын түр хашааг энэ долоон хоногтоо багтан буулгахаар төлөвлөж байгааг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Ш.Мягмарсүрэн онцолж байлаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС