ЭМЯ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ХСҮТ-д ажиллав

Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан /2024.07.16/ Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, эмч, үйлчлүүлэгчидтэй уулзаж, санал солилцлоо. Хавдрын тусламж үйлчилгээний асуудалд онцгой анхаарал хандуулж байгаагаа илэрхийлж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, мөн зарим асуудлаар хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Тэрээр, Улсын хэмжээнд хорт хавдрын өвчлөл, нас баралт, тусламж, үйлчилгээний чанар тулгамдсан асуудал болоод байна. Хавдрын шалтгаант нас баралт нийт нас баралттай харьцуулахад дэлхийд 17 хувьтай байхад Монгол улсад 24 хувьтай байгаа төдийгүй хорт хавдраар өвдсөн иргэдийн 70 орчим хувь хожуу шатандаа оношлогдож байгааг дурдлаа.

1 / 7

Эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэнээс хойш Хавдар судлалын үндэсний төвийн санхүүжилт 2019 онтой харьцуулахад 2023 онд 60 тэрбум болж 2 дахин нэмэгдсэн байна. Гэсэн хэдий ч хүлээгдэл ихтэй, иргэдийн сэтгэл ханамж сайн биш байна.

Цаашид хавдрын тусламж, үйлчилгээг шинэ шатанд гаргах, зонхилон тохиолдож буй хавдартай тэмцэхэд дараах 3 чиглэлд дорвитой алхам хийнэ. Үүнд:

1. Хавдрыг үүсгэж байгаа шалтгаантай тэмцэх, салбар дундын үүрэг хариуцлага нэмэгдүүлэх

2. Хавдрын эрт илрүүлгийг сайжруулах, урьдчилан сэргийлэх үзлэгийг зөв, оновчтой зохион байгуулах

3. Хавдрын эмчилгээ, оношилгооны чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх

Дээрх арга хэмжээний хүрээнд Эрүүл мэндийн яамнаас баг гаргаж, хорт хавдартай тэмцэх, сэргийлэх цогц, бодитой төлөвлөгөө гаргаж ажиллахаар боллоо. Харин Хавдар судлалын үндэсний төв нь хавдрын чиглэлээр улсын хэмжээнд лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлж, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхлэх байгууллагын хувьд тусламж, үйлчилгээг хөгжүүлэх, эмчилгээ, үйлчилгээний хүлээгдлийг багасгах, шинэлэг эмчилгээний арга технологийг нэвтрүүлэх, хавдрын оношилгоонд иммуногистохимийн болон эмгэг судлалын шинжилгээний эзлэх хувийг нэмэгдүүлэх талаар онцгой анхаарч ажиллах шаардлагатайг цохон тэмдэглэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version