Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 14.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.9 их наяд төгрөг буюу 35.2 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 16-ны өдөр мэдээллээ. Харин тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 14.2 их наяд төгрөгт хүрч, 3.6 их наяд төгрөг буюу 34.2 хувиар тус тус өссөн байна.
Татварын нийт орлого 2024 оны эхний хагас жилд 13.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.4 их наяд төгрөг буюу 35.1 хувиар өсөхөд орлогын албан татварын орлого 1.7 их наяд төгрөг буюу 67.2 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 594.6 тэрбум төгрөг буюу 27.3 хувь, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 376.4 тэрбум төгрөг буюу 21.7 хувь, нийгмийн даатгалын орлого 309.7 тэрбум төгрөг буюу 17.3 хувь, онцгой албан татвар 141.4 тэрбум төгрөг буюу 37.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Эх сурвалж: https://www.1212.mn/mn