Нийслэлийн 18 байршилд 15.6 км дулааны магистраль шугамыг шинэчилж эхэллээ. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км урттай дулааны шугам сүлжээ байдаг бөгөөд эдгээрийн ихэнх нь 30-60 жилийн насжилттай байдаг. Мөн Улаанбаатар хотын орон сууц, ААН байгууллагын тоо нэмэгдэж, дулааны хэрэглээ өссөнтэй холбогдуулан шугам сүлжээг өргөтгөх ажил хийгдэх шаардлага үүссэн юм. Тиймээс энэ жил дулааны шугам сүлжээний их засварыг гүйцэтгэхдээ шугам хоолойн хэмжээг өргөтгөнө.
Сүхбаатар дүүрэг нэгдүгээр хороо, Жамъяангүний гудамж УДЭТ-аас Багшийн дээд хүртэлх дулааны шугам сүлжээг засварлаж, шинэчлэх ажил өнөөдрөөс эхэлж байна. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү дээрх байршилд ажиллалаа.
Тэрбээр “Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК зэрэг байгууллагууд хамтран 2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, зуны их засварын ажлыг эхлүүлээд байна. Бид өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс их засварын бэлтгэл ажлыг хангаж, засварын ажлаа эхлүүлээд байгаа. Дулааны шугам сүлжээний их засварын ажил хийгдэж байгаатай холбогдуулан зарим байршилд халуун усны хязгаарлалтыг тогтоосон. Гэхдээ цэвэр усны буюу хүйтний усыг хязгаарлалт тогтоолгүй засварын ажлыг гүйцэтгэж байна” гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС