ГССҮТ: Сэрэмжлүүлэг
Зуны улиралд, тэр дундаа үндэсний их баяр наадам тохиож буй аялал зугаалгын саруудад /6, 7, 8/ осол гэмтлийн тохиолдол эрс нэмэгдэж, энэ хэрээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачаалал ч мөн нэмэгддэг.
Ялангуяа үндэсний их баяр наадмын өдрүүдэд олон хоног амрах болсонтой холбоотойгоор зам тээврийн осол, бүх төрлийн уналтын шалтгаант бэртэл гэмтэл, хүүхдийн болон ахуйн хүрээний осол гэмтэл нэмэгдэх хандлагатай байгаа юм.
Тухайлбал, өнгөрсөн 2023 оны 07 дугаар сард ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт нийт 15.588 хүн тусламж үйлчилгээ авчээ.
Үүнээс эрэгтэй 9098 (58.4%), эмэгтэй 6490 (41.6%) байгаа бол, 0-18 насны хүүхэд 6512 (41.8%) байна.
2024 ОНЫ ЭХНИЙ ЗУРГААН САРЫН БАЙДЛААР:
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт нийт 87.596 хүн тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс эрэгтэй 49.854 (56.9%), эмэгтэй 37.742 (43.1%) байгаа бол, 0-18 насны хүүхэд 36.765 (42.0%) байгаа юм.
ОСОЛ ГЭМТЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ШАЛТГААНЫ ХУВЬД:
- Зам тээврийн осол -7823
- Унаж бэртэх /бүх төрлийн уналт буюу явганаас бүдрэх, ор болон шат, гуу жалга, унаа тэрэг, барилга байгууламжаас унаж бэртсэн/ -42.952
- Амьгүй механик хүчин зүйлд өртөх /Шил шаазан, хутга мэс болон бусад эд зүйлд өртөж гэмтсэн/ -15.007
- Амьтай механик хүчинд зүйлд өртөх /Нохой, муур, морь, мал, хүнд хазуулах/ -8114
- Хүчирхийлэлтэй холбоотой бэртэл гэмтэл /Ахуйн хүрээний болон гэр бүлийн маргаан, зодоон цохион, архи дарс хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй/ -6570
- Халуун дулаан бодист өртөх буюу түлэгдэж гэмтсэн -2418
- Нохойд хазуулсан -1664 байна.
МОРИНООС УНАЖ ГЭМТСЭН ШАЛТГААНТ:
2023 оны 07 дугаар сард -мориноос унаж бэртсэн нийт 370 хүн тусламж үйлчилгээ авснаас 0-18 насны 204 хүүхэд байна. Үүнээс, уралдааны мориноос унаж бэртсэн 35 хүн байна.
2024 ОНЫ ЭХНИЙ ЗУРГААН САРД -мориноос унаж бэртсэн нийт 601 хүн тусламж үйлчилгээ авснаас 269 нь хүүхэд байна. Тэр дундаа уралдааны мориноос унаж бэртсэн 13 байгаа бол, үлдсэн 256 нь уналгын мориноос унаж бэртжээ.
Тиймээс үндэсний их баяр наадам, аймгуудын тэмдэглэлт ойн баярын эдгээр өдрүүдэд иргэд та бүхэн өөрийн болон хайртай гэр бүл, ойр дотны хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндэд анхаарал тавьж, зам тээврийн осол болон болзошгүй аюул эрсдлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Хөдөө орон нутагт зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, авто замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, тээврийн хэрэгсэл жолоодох үедээ архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Түүнчлэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хорхог боодог хийх болон бусад төрлийн идээ ундааг бэлтгэхдээ өөрсдийн болон ойр тойрны хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж түлэгдэж гэмтэхээс сэргийлэх, мөн гол ус, нуур цөөрмийн дэргэд анхаарал болгоомжтой байж аялал зугаалгад оролцох нь хамгийн чухал юм.
Баяр наадмын өдрүүдэд гарсан осол гэмтлийн дийлэнх шалтгаан нь архи дарс хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй байдаг бөгөөд өнгөрсөн 2023 оны 07 дугаар сард ахуйн хүрээний архидалттай холбоотой зодоон цохион, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 104 хүн ГССҮТ-д тусламж үйлчилгээ авчээ.
0-18 НАСНЫ ХҮҮХДИЙН ОСОЛ ГЭМТЭЛ
Ерөнхий боловсролын сургуулийн улирлын амралт болон зуны саруудад хүүхдийн осол, гэмтлийн тоо эрс өсдөг бөгөөд уналт, ахуйн хүрээний осол гэмтэл, нохой мууранд хазуулах, тоглоомын талбайд бэртэж гэмтэх, мориноос унах зэрэг шалтгаант тохиолдол энэ хэрээр нэмэгддэг.
2024 ОНЫ ЭХНИЙ ЗУРГААН САРД -Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт 0-18 хүртэлх насны нийт 36.765 хүүхэд тусламж үйлчилгээ авчээ.
НАСНЫ ХУВЬД:
- 0-5 нас -11.741,
- 6-13 нас -15.546,
- 14-18 нас -9478 хүүхэд байна.
ОСОЛ ГЭМТЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ШАЛТГААНЫ ХУВЬД:
- Зам тээврийн осол -2883,
- Унаж бэртэх /бүх төрлийн уналт буюу явганаас бүдрэх, ор болон шат, гуу жалга, унаа тэрэг, барилга байгууламжаас унаж бэртсэн/ -18.205,
- Амьгүй механик хүчин зүйлд өртөх /Шил шаазан, хутга мэс болон бусад эд зүйлд өртөж гэмтсэн/ -6273,
- Нохойд хазуулсан -789 байна.