Чөлөөт цагFocus

Түмпэнтэй зуслан

          … Долоон настай Тэмүүлэн хүү ээжтэйгээ дэлгүүрээс угаалгын жижигхэн түмпэн авлаа.  За ингээд түүний зусланд амрахад хэрэгтэй бүхэн бэлэн. Хүү: хоёр литр ус багтах гэсэн байсан. Энэ дотор багтана тээ ээж ээ …

******************* 

Орон нутгийн өмчит Хөвсгөл аймгийн “Урандөш” зуслан гурван жил ажиллахгүй завсарлаж байгаад өнгөрсөн жилээс хүүхдүүдээ авч эхэлсэн. Энэ зун 9 ээлжээр нийт 900 хүүхэд амраахаар төлөвлөснөөс одоогоор 6-17 насны 500 шахам хүүхдээ хүлээж аваад байна. “Хөвсгөл аймгаас гадна УБ хот, Булган аймгаас хүүхдүүд олон ирж амарч байна гэж  хүүхдийн“Уран дөш” зуслангийн арга зүйч багш Д.Энхбаатар ярилаа. Түүнээс зарим зүйлийг тодруулснаа хүргэе. 

Багачуудыг зусланд угаалгын түмпэнтэйгээ ирээрэй гэсэн байсан?

-Тийм ээ. “Урандөш” зуслангийн 6-10 насныханд жижиг хувцас хэрэглэлээ өөрөө угаахад нь сургаж байгаа юм. Оймсоо хэрхэн сайн угаах, зөв мушгих,  хатаах гээд жижиг гэлтгүй аргыг насанд нь тохируулан зааж байна. Хамт угаах, хэн нь сайн өнгө оруулснаа харах, уралдах гээд багачуудад их сонирхолтой байдаг. Аав ээжүүд нь ч дуртай.

Энэ жишээгээр зөв дадал хэвшилтэй болгох, бие даах чадвар суулгахад чиглэсэн сургалтуудыг  амрагч хүүхдүүдийнхээ насанд нь тохируулан орж байна. Мөн манай зуслан спорт, урлаг соёл, аялал, монгол ёс заншлын гээд нийт таван сургалтын хөтөлбөртэй. 07 сарын 15-наас монгол наадмаа сурталчлах, танин мэдүүлэх сургалт орно.

Нийт хэчнээн багш, ажилтнууд “Урандөш” зусланд ажиллаж байна вэ?                

-Нэг арга зүйч, дөрвөн багш, арваад ажилтан тогтмол ажиллаж байна. Ачаалал өндөр үед багш нарыг түр авч ажиллуулдаг.  

-Хүүхдүүдийн хоол хүнсийг шим тэжээлтэй, шинэ, эко, байлгахад хэрхэн анхаарч байна вэ?  

-Өдрийн гурван хоол, хоёр ундтай.  Голдуу  нутгийнхаа  сүү, тараг, мах, хүнсний ногоо, өндөг зэрэг хүнсээр хоолоо бэлтгэж байна. Зуслангийн захиргаа малчидтай гэрээ хийж сарлагийн сүү авч хүүхдүүддээ өгдөг. Зусланг тойроод цөөнгүй малчин айл бий.

-“Уран дөш” 1980 онд байгуулагдсан, 44 жилийн түүхтэй зуслан. Ашиглалтад орсноос хойш бүрэн шинэчлэл огт хийгээгүй гэдэг.  Ямар асуудалтай тулгарч байна?  

-Зарим модон байшин байр, халуун ус, бохир агуулах сав гээд шинэчилж сайжруулмаар зүйлүүд олон бий. 1978-1979 онд баригдсан модон байшингуудтай. Орон нутгийн өмчийн харьяалалтай болохоор орон нутгийн төсвөөс  урсгал зардалд тодорхой төсөв гаргадаг.

Хүүхдүүдийн нэг хоногийн төлбөр 45 000 төгрөг. Эдгээр нь яг урсгал зардалдаа таардаг. Цаашид бүс нутагтаа томд орох энэ зуслангийн паркийг шинэчлэхэд анхаармаар байна. Хүүхдүүдэд хөл бөмбөг, орчин үеийн тоглоомын талбай, тоглоомын төв хэрэгтэй байна. Улсаас аймгуудын зуслан, хүүхдүүдийн тухтай амарч хөгжих ийм газруудыг бодлогоор дэмжмээр хөгжүүлж санагддаг.

Зуны цагт  хүүхдүүдээ утас тэврүүлж гэрт, гудамд өнжүүлэх үү, байгалийн сайханд найз нөхөдтэй нь амрааж хөгжүүлэх үү гээд бодохоор ийм зуслан, хүүхэд хөгжих газар аймгуудад маш чухал. Хөвсгөл аймгийн нийт хүн амын 36 хувь нь 17 хүртэлх насны хүүхдүүд. 50 000 шахам хүүхдүүдэд сургууль тарсан зуны цагт ийм зуслан, хөгжлийн төв маш чухал. Хүүхдүүд олноор ирж амарч байна.  

Баярлалаа.

1 / 11

/Жич: Урандөш зуслангийн тухай мэдээллийг Д.Энхбаатар багшийн 86064505 дугаараас авах боломжтой/

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version