НҮБFocus

Дорноговь аймгийн долоон суманд хүмүүнлэгийн тусламж хүрлээ

Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Сайншанд, Өргөн, Дэлгэрэх, Алтанширээ, Иххэт сумын зудын гамшигт өртсөн малчин өрх болон зорилтот бүлгийн иргэдэд НҮБ-аас хүмүүнлэгийн тусламж хүргэлээ.

Зудын гамшигт өртсөн малчин эмэгтэйчүүдэд ариун цэвэр, эрүүл мэндийн багц хүргэх, сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээллийн товхимол өгөх, санал бодлыг нь сонсох үүрэг бүхий НҮБ-ын Хүн амын сан болон Онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөл энэ сарын 3-5-ны өдрүүдэд тухайн сумдад ажилласан юм.

Тус аймагт сүүлийн 40 жилийн хугацаанд тохиогоогүй их хэмжээний цас орж өвөлжилт, хаваржилт хүндэрсний улмаас 580 мянга гаруй мал хорогдож, 14 сумын 547 өрх малынхаа 70-аас дээш хувийг алдаж, 55 айл огт малгүй болжээ. Улмаар НҮБ, олон улсын байгууллагууд болон хувийн хэвшил зэргээс 10.4 тэрбум төгрөгийн хандив тусламжийг зудын гамшгийн үеэр болон дараа нь малчдад өгсөн гэдгийг аймгийн удирдлагууд тодотгож байлаа. Мөн НҮБ-ын Хүн амын сангаас өнгөрөгч сард Дорноговь аймгийн гурван дунд сургуулийн дотуур байрны эмэгтэй сурагчдад хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнийг агуулсан ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг өгчээ.

Энэ удаагийн хүмүүнлэгийн тусламжийг НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй. Зорилтот бүлгийн иргэнд зориулсан хүмүүнлэгийн тусламжийн олон төрлийн живх нь байнгын асаргаа шаардлагатай хүмүүст хамгийн хэрэгцээтэй зүйл гэдгийг Алтанширээ сумын нэгдүгээр багийн иргэн Ю.Буяннэмэх онцолж байв. Тэрбээр 87 настай ээжийгээ асардаг байна.    

Сумын ЗДТГ-ын дарга М.Баасанжав “Малчдад туслахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүмүүст дэмжлэг үзүүлж байгаад талархлаа. Энэхүү хүмүүнлэгийн тусламжийн багц нь хүлээж авсан айл өрх, эмэгтэйчүүдэд тусламж, хэрэгцээ болохоос гадна дараагийн удаа бид ийм зүйлийг бэлтгэж бэлэн байдалд хадгалж байх нь зүйтэй гэдэг туршлага, мэдлэгийг өгөхөөр нөлөөллийн ажил юм байна. Ер нь зудад малаа алдаад төв бараадаж байгаа малчдын тэр тусмаа эмэгтэйчүүдийн сэтгэл зүй хүнд байна. Бид өөрсдийн нөөц бололцоогоороо дэмжиж, хамтран ажиллаж байна” гэж ярилаа.

Тэгвэл НҮБ-ын Хүн амын сангаас мэргэжлийн байгууллагуудтай хамтран зудын гамшгийн нөлөөлөлд өртсөн малчид, охид, эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version