“The Night with us” 5 нас хүрлээ
“The Night with us” тоглолтын таван жилийн ойн баярын хүрээнд Монголын рок попын тэргүүн эгнээнд бичигдэх “Номинталст”, “Камертон”, “Никитон”, “Хар сарнай” болон “3 охин” хамтлагууд нэгэн тайзнаас үзэгч фенүүдтэйгээ уулзах гэж байна.
2024 оны наймдугаар сарын 10-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох энэ тоглолтод хит 60 уран бүтээлийг үзэгч фенүүддээ толилуулж, нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхээр уран бүтээлчид бэлтгэлдээ оржээ.
“Номин талст”хамтлагийн дуучин А.Хаянхярваа “Наймдугаар сарын 10-нд болох тоглолт дээр та бүхэн маань оюуны өмчөөр баталгаажсан дуу сонсох болно” гэв. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал солигдож, менежмент өөрчлөгдсөн учраас өмнөх тоглолтуудаас илүү тав тухтай, ариун цэврийн өрөөний асуудал хүртээмжтэй байна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.
“Камертон” болон “Номинталст” хамтлагууд өмнө нь Төв цэнгэлдэх хүрээлэнд 60 мянга гаруй үзэгчтэйгээр тоглож байсан түүхтэй.
Энэ удаагийн тоглолтод найруулагчаар “Фантастик” продакшны жүжигчин, найруулагч Б. Тамир ажиллаж буйгаараа онцлог юм.
Ердөө ганц удаа тоглох тус тоглолтод “Хар сарнай” болон “3 охин” хамтлаг, “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, “Номинталст” хамтлагийн дуучин Хаянаа болон Дээгий нар ганцаарчилсан уран бүтээлүүдээ мөн толилуулах юм байна.