Ийм нэгэн СОНГУУЛЬ
Эхлэл буюу нэгдүгээр хэсэг /Уншигчаас ирсэн захидал/
Оршил.
Миний бие 2014 оноос улс төрийг ажиглаж, энэ талаар гүнзгий судлаж анализ хийх болсон. Ер нь 2009 оноос улс төрийн сонгуулийн ажилд оролцож, 2012 оны сонгуулиар Нээлттэй Нийгэм Форумын судалгааны ажилд туслах ажилтнаар оролцож ажиллаж эхэлсэн. Энэ үеэс эхлэн улс төр, нийгмийн талаар гүнзгий мэдлэгтэй болж эхэлсэн. Миний суурь мэргэжил эрхзүйч учраас аль 2-р курст Үндсэн хуулийн эрх зүй, Олон улсын эрхзүй, Гадаад орнуудын үндсэн хуулийн эрх зүй судлах үед улс төрийн системийг суурь онолоор нь мэдэх болсон, эдгээр хичээлүүд бүр миний онц гардаг хичээлүүд. Хүний эрхийн Их Харти, Томас Жефферсоны “Америкийн тусгаар тогтнолын тунхаг”, 1960-аад оны колонийн системийн задрал, 1992 оны манай Ардчилсан Үндсэн хуулийн агуулга, үзэл санаа гээд эдгээрээс эхлээд тэдгээрийг нэвт шувт уншин судлахын зэрэгцээ Платон, Аристотель зэрэг эртний сэтгэгчдийн төрийн талаарх гүн ухааны сэтгэлгээ, Жон Локк, Шарль Луй Монтески нарын төрийн эрх мэдэл хуваарилалтын онол, Ардчиллын зарчим ба посткоммузмын хор уршиг гээд эдгээр бүхнийг онолын углуургаар нь нухацтай судалж байв. Ингэхийн зэрэгцээ 1992 оноос хойшхи бүх сонгуулийн дата өгөгдөлд анализ хийж, мөн тухайн цаг үеийнх нь нийтлэл, сурвалжилгыг тулгаж унших, ингээд өөрөө өгүүлэл, нийтлэл туурвиж түгээх гээд Монголынхоо улс төрийг багагүй мэддэг болсон.
- Орчин үеийн Монголын улс төрийн хямралын түүх
2004 он
2004 онд сонгуулиар МАХН-36, ЭОАЭвсэл 34, БНН-1, Бие даагч-3 гэсэн сонгуулийн үр дүнгээр тэнцэж, улс төрийн 2 том хүчин хоёр хоёр жилээр ээлжилж Засгийн Газар байгуулах зөвшилцөлд хүрснээр том намууд хоорондоо эвсэж засаг барьдаг, сөрөг хүчингүй МАНАН болох дампуурлын цикль Монголын улс төрд эхэлсэн юм. 2004 оны энэ үхлийн тэнцлийг Сант марал судалгааны төв бараг жилийн өмнөөс “зөгнөж” хэлж байсан гэдэг.
2008 он
2008 оны сонгууль маргаан будлиан нэлээн дагуулсан, үймээн ч гарсан. Хэдийгээр 2 намын суудал зөрүүтэй байсан ч Үндэсний эвслийн засгийн газар гэж байгуулж бас сөрөг хүчингүй болов. Энэ ээлжийн парламентын ганц дэвшилттэй хууль гаргасан нь сонгуулийн хуулийг холимог системээр явуулах хууль баталсан, тухайн үеийн АН-н дарга Н.Алтанхуяг ирэх зуныхаа сонгуульд бэлдэхээр 12 сард хамтарсан Засгаас гарахдаа эргээд бид ороо ирэхдээ “ОЛУУЛАА” болоод ороод ирнэ ээ гэж хэлэв.
2012 он
2012 оны сонгуулиар АН 34 суудал авсан нь анх удаа Монголчууд парламентын сонгуульд пропорациональ/хувь тэнцүүлэх/ систем ашиглаж бодит сонгууль болж, “сонгогчдын саналыг гээх” аргаар МАН ялдаг байсныг нь илчлэв. Жишээ нь 2000 онд МАХН нийт сонгогчдын 51 хувийн санал авсан ч парламентын 76 суудлын 72 суудал буюу 90 гаруй хувийг эзлэв. Зарчимдаа бол сонгогчдын 51 хувийн саналыг авсан нам УИХ-н нийт суудлын 51 хувийг л эзэмших учиртай юм. АН энэ сонгуулиар 39 суудал авсан бол хуулиараа олонхи болох байсан ч 34 болсон учраас Н.Алтанхуяг мэдэгдэл хийхдээ “бид ОЛОНХУЛАА боллоо” хэмээж, Монгол хэлний санд ийм үг нэмэгдэж орлоо хэмээн улс төрийн хүрээнийхний дунд хошигнож байв. Гэвч яг өнөөдрийн 2024 оных шиг ойролцоо байсан тул дангаараа засаг байгуулахаар 1996 оных шиг байн байн уначих гээд арга буюу тухайн үед нийт сонгогчдын 21 хувийн дэмжлэг авч 11 суудал авсан Намбарын Энхбаярын ахалсан Шударга ёс эвсэлтэй хамтарч засаг байгуулснаар “Монголын 20 настай залуу Ардчилал 90 настай чавганцын өвөрт орлоо” хэмээн шүүмжлүүлж байв.
Ингээд МАН түүхэндээ хамгийн цөөхөн суудал авсан учраас 2012 оны “зөв” Сонгуулийн хуулийг хүчингүй болгуулахаар Үндсэн хуулийн цэцэд “сонгогч төлөөллөө шууд сонгох эрхтэй” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг пропорациональ систем зөрчлөө хэмээн “шалтаглах гомдол” гаргаж, намын томилгооны шүүгчдээсээ өрөө буцааж авах замаар энэхүү системийг “хүчингүй болгуулж” чадав. Энэ бол посткоммунистуудын Монголын ардчиллын хөгжлийн замналд гай болсон хамгийн том хүчин зүйлүүдийн нэг. Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд албан тушаалын гэмт хэрэгтнүүд бүрэн эрх нь дуусахаар өөр халдашгүй байдлын хамгаалалттай албан тушаал руу шургалахын тулд намдаа амлалт өгч ҮХЦ, УДШ, ХЭҮК гэх мэт байгууллагын халдашгүй байдлын дээвэр дор шүхэрлэн нуугддаг. Тэр хуулийн шүхэрт нуугдсан хүмүүс 2012 оны дэвшилттэй сонгуулийн хуулийг “булшлах” шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг гаргасан он цаг, гомдол гаргасан хүмүүсийг ухраагаад хараарай.
2016 он
2016 оны сонгууль посткоммунистуудын захиалж батлуулсан хүслийн дүрмээр явлаа. АН өөрсдийгөө булшлах хууль баталснаа ойлгож байсан эсэхийг бурхан л мэдэх байх. Ингээд тэр хуулиар нь буюу можаритор систем 76 тойрог дээр халз үзэцгээв. МАН мөнгө тараах, шуудайтай гурил, 5л ургамлын тос, 2кг сахар, лаазалсан мах тараах замаар ялав. /зураг ба бичлэг, бусад олон баримт бий/
УИХ-н 76 суудлын 65-г нь МАН авлаа, гэхдээ нийт сонгогчдын ердөө л 45,1 хувийн санал авсан. АН-ийн хохь, өөрсдөө олонх байхдаа энэ хуулийг баталсан. 65 суудал авсан МАН сүүлдээ хоолоо чамлан хоорондоо уралцав. Нэг талаас газрын наймаачин Минколд, нөгөө талаас хусмаа чамласан хуурамч хурандаа Хүүк. Эцэстээ Хүүк нь ялж, завсраас нь Данк төрөв. Женко ядаж байхад нэмэр болов. Энэнээс цаашхи ЖДҮ энэ тэр гээд бичихэд надад залхуутай байна, загасны ой санамжитнууд минь өөрсдөө гүүгэлдээд сэргээн санацгаа.
2020 он
2020 оны сонгуулиар эрх баригч нам гөлөг төөрүүлэх “технологио” томсгосон мажоритар гэж томьёолоод нэг аймгийг нэг тойрог болголоо. АН ба ард түмэн одоо л энэ шинэчлэл хэмээн итгэж ээлжит молигоо үмхэв. 76 суудлаас МАН дахиад 62-ийг нь эзлэв, гэхдээ нийт сонгогчдын ердөө 44%-н дэмжлэг авав. Энэ хооронд нүүрс, Хөгжлийн банк… азгүй амьтад минь цааш нь өөрсдөө үргэлжлүүл, надад залхуутай байна, зав ч алга…
Манай хулгайчууд гэнэт бүсчилсэн хөгжил ярив, уйдсандаа ч биш, сонгууль дөхчихгүй юу. Ингээд бараг сүүлийн сумаа тавив. Энэ нь бүсчилсэн, томсгосон тойрог. Гэхдээ арга буюу олон нийтийн шахалтаар пропорацианаль хольж, парламентын гишүүдийн тоог нэмэв. /Нөгөө ҮХЦ… шууд сонгох эрх бла бла тэр хаачив аа/. Энэ нь 2 талтай, нэг талаас олон нийтийг уужруулах, нөгөө талаас хулгай луйвраар мөнгөжсөн хурган коммунистуудынхаа амбицыг багтаахгүй бол Ми мэт нь тэднийг араас нь сумлах гээд болдгүй. Гэхдээ МАН-д нэг том давуу тал байдгаа хэзээ ч мартдаггүй, бүх цаг үед тэрнийгээ ашиглаж ялж ирсэн. Тэр нь сум бүр дээр байдаг партизанууд ба тэднийг дагасан өндгөн толгойтнуудын арми, сүлжээний бүтэц. Энэ бүтэц дээр суурилсан технологио хууль болгож, хууль юу байхав луйврын дүрмээ УИХ-р батлуулав. Энэ луйврын дүрмийг хууль болгож байхад АН-н гишүүд хаана явсныг бүү мэд, сөрөг хүчний үүрэг энтр гэж байдаг билүү үгүй билүү, бараг нэгдчихсэн бишүү, Нэгдчихсэн байжээ гэж уулга алддагийн учир нь сүүлд тайлагдана.
2024 он.
2024 оны сонгууль буюу энэ жил нийт сонгогчдын 65 хувь нь сонгуульд оролцлоо гэж СЕХ мэдээлэв. Сонгууль эхлэхэд л МАН ялах нь тодорхой байв. 2024.06.10-нд сонгууль эхэлсэн ч хэн ч өрсөлдөөн гаргасангүй, ялангуяа Ерөнхийлөгч, Ерөнхий Сайдын орчин тойрныхон, Ерөнхийлөгчийн дүү, Ерөнхий сайдын хуурай дүү, Ерөнхий сайдын найз, тэдний фракцынханы дэвшсэн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зүүн бүсийн 6-р тойрогт хэн ч тэд нартай өрсөлдсөнгүй. Тэднийг газрын наймаачин, хүчиндэгч, мөнгө угаалтын сүлжээнийхэн гэж дайрч, цуврал нэвтрүүлэг хийж, алдах үнэт зүйлгүй хөлсний троллуудаар ил цагаан дайралт хийлгэсэн ч тэд няцаалт өгсөнгүй, тайлбар хийсэнгүй, тэр үнээн гээд л хүлээн зөвшөөрч буй бололтой. Бүр АН-аас зүүн тойргоо ахлах гол кандидат нь Хүүк-н дүүд өөрийн өссөн төрсөн нутгийн тойргоо “зөөлөн мах” болгож сул шидэж өгөөд жагсаалт руу зугтах нь тэр. Тэрэнд нь эгдүүцсэн нөхөд нь ҮБХ биш хүнийг орондоо оуулчихлаа хэмээн орилолдоод л…
Энэ жилийн сонгуулийн томсгосон тойрог 3-4 аймаг хамарсан 35-60 сум тосгонтой, тэр нутаг дэвсгэрт 17 хоногт багтааж сонгуулийн сурталчилгаа хийх шаардлагатай. Гэвч нэр дэвшигч карлсон биш болохоор энэ том нутаг дэвсгэртэй тойрогт тойрч амжихгүй, аль аль нам нь хууль зөрчөөд цагаан сарын дараанаас тойролт хийж эхлэв. Шинэ залуу нэр дэвшигч ингэвэл хууль зөрчсөнд тооцогдож буцаан татагдах учраас сонгуулийн 17 хоногтоо захирагдана. Мөрийн хөтөлбөр, бодлого, үйл ажиллагаагаа таниулахад цаг хугацаа болоод орон зайн хувьд амжихгүй нь ойлгомжтой. Ийм нөхцлийг тооцоолж посткоммунистуудын баталсан хууль нь энэ. Энэ бол хууль биш, энэ бол хуйвалдааны сонгодог онол, луйврын дүрэм.
Ер нь бол өнгөрсөн хугацаанд хурган коммунистуудын санаачлагаар посткоммунистууд МУҮХ-г хувийн компанийнхаа дүрэм шиг хэд хэд санаан зоргоор өөрчилж МУҮХ болоод Монгол төрийн дархлаа, Ард түмний оюун санааны халдашгүй дархан хил Монголын Ардчилалд ноцтойгоор халдсан, бүр давтагдах шинжтэйгээр.
Ингээд посткоммунистууд дарангуйллаа үргэлжлүүлээд байдаг, Ардчиллыг хамгаалах Ардчилагчид нь нэг бол тохироод, нэг бол бөлдөгдүүлээд хөдөлдөггүй. Игнээд эцсийн бүлэгт ард түмэн цөхрөөд байдаг, ингээд миний бие өөрийн эрхгүй найтаав. Намайг найтаахаар олон хүн цочлоо. Хашгирвал бүр тэсэхгүйн байна л даа. Нэр дэвшлээ.
Би Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс анх удаа зарласан Байгаль орчны сэтгүүл зүйн үндэсний хөтөлбөр, Эрэн сурвалжилах сэтгүүл зүйн хөтөлбөрт суралцаж байгаа юм. Хаврын өдрийн уртыг хэлэх үү, хүрээ орох замын холыг хэлэх үү. Энэ хавар бараг замд ба хичээлийн танхимд хаваржлаа. Хичээлийнхээ хажуугаар уран бүтээлээ хийнэ, тэгээд завсарлагаанаар сонгуульд нэр дэвших материалаа бүрдүүлнэ. Багийн засаг даргын тодорхойлолтоос эхлээд аймгийн цагдаагаас шалгагдаагүй гэсэн бичиг, татварын тооцоогүй, шүүхийн шийдвэрээр бусдад хугацаа хэтэрсэн өргүй, банк санхүүд тооцоогүй, Иргэний хэргийн шүүх ба Арбитраар өр төлбөргүй, УДШ-д асуудалгүй, ЦЕГ-н нэгдсэн сангаас эрүүгийн хэрэгт шийтгүүлээгүй гээд бүх л зүйлээрээ асуудалгүй Бурхан буддагаас ч ариун байж нэр дэвшдэг юм байна. Ингээд Мөрийн хөтөлбөрөө 4 сарын 7-нд Аудит тушаагаад тэр нь тэнцлээ гээд СЕХ-оос утасдаж байна.
Сонгууль эхэллээ, жаахан синдромтой, солиотой, эргүү галзуу, янз бүрийн хувцас, толгой бүсэндээ юу зүүсэн нь мэдэгдэхгүй баахан юм, за яахав нэр дэвших нь хүний эрх юм даа гэж бодтол эд нар АН-н саналыг хувааж унагах гэсэн МАН-н тусгай ажиллагаа, нууц төсөл байжээ. МАН ингэн ингэн байж санал өгсөн хүмүүсийн 50 хувийн босгыг сая нэг давах аядав.
БАС ДАХИН МЭХ
Хамтарсан засаг. 2004 оноос хойш хамтарсан засаг байгуулдаг чөтгөрийн тойрог тогтлоо. 76 байсан ч тэр, 126 болоод ч нэмэр алга. Сөрөг хүчингүй, парламентад ард түмнийг өмгөөлөх бүлэггүй.
Миний бие 3-4 жилийн өмнөөс олон улсын байгууллагаад ажилд ороод намын ажлаас хөндийрсөн. Байгаль орчны судалгаа хийгээд зав муу. Гэвч Монголын ардчиллын бэлэг тэмдэг болж, Монголын ард түмний оюун санаа, эрх чөлөөг хамгаалах ёстой АН-аа байнга дэмжиж, өмгөөлж, хамгаалж, шаардлага гарвал түүний төлөө тэмцэхэд бэлэн явдаг. 5 дугаар сарын 17-нд Хэнтий аймгийнхаа намын хороо дээр нэр дэвшихээ илэрхийлж очив. Гэвч нэгдүгээрт АН-аас Их хуралд нэр дэвшигчдийг гишүүд нь биш, анхан болон дунд шатны намын байгууллага нь шийдэхээ больчихож, тэр бүү хэл намын удирдах дээд байгууллага ҮБХ нь ч шийдэхгүй, зөвхөн батламжлах бэлэг тэмдгийн үүрэгтэй болж. Сонгон Шалгаруулах Хороо нэртэй 7 хүнд таалагдсан 126 хүн нэр дэвшив. АН маань гишүүдийн оролцоотойгоор асуудлаа нээлттэй шийддэг ардчилсан зарчмаас ухарч, хаалттай коммунист аргаар хаанаас хэн нь захиалж илгээсэн нь мэдэгдэхгүй хүмүүсийг нэр дэвшүүлэв. Яг л 1937 оны Чойбалсангаар ахлуулсан Онцгой бүрэн эрхт комисс гэдэг шиг. Ингээд тойрог дээр нэр дэвшсэн 78 хүн дотор ард түмний хүсээгүй, манлайлалгүй, тэр бүү хэл гэмт хэрэгт орооцолдож байсан, нэр хүнд тааруу хүмүүс дэвшсэн. Энэ нэр дэвшүүлэх процессын ажиллагаа буруу явагдсанаас АН ялагдах хамгийн том үндсэн шалтгаан болсон.
Дараагийнх нь тойргууд дээрх тохиролцоонууд. Зарим сум аймагт сурталчилгаа хийхгүй, тэр бүү хэл нэр дэвшүүлэх ажиллагаа дуусгавар болох сүүлийн мөчид өөрийн тойргоо эрх баригчдад “зөөлөн мах” болгож хаяад “хохирогчийн дүрд тоглох жүжиг тавиад” жагсаалт руу зугтав.
Сонгууль эхлэхийн өмнө МАН-ын рейтинг 20 хувь, АН-ынх 16-аас 18 дээр ирэв. Бараг л зэрэг гарсан гэсэн үг. Монголын улс төрийн намуудын үнэлэмж шаланд байгаагийн илэрхийлэл, уланд ч гэх юмуу. Сонгуулийн ирц 65%-д хүрэв. Энэ ирцийг анхан шатны намын байгууллагууд дараах байдлаар бүрдүүлэв. Сонгогчдын 23-24 орчим хувийг/өөрийн гишүүд болох/ МАН штаб дээрээ хоол хийж уях, машинд нь бинзен хийж өгөх, бусад бэлэг сэлт өгөх, хундага тулгаж гэрт хонох, машинаар зөөж авчрах аргаар саналаа өгүүлэв, АН мөн 22-23 хувийг ийм аргаар, ингээд 2 нам нийлээд 47 орчим хувийг хайрцаглаж саналыг нь арай ядан цуглуулав. Үлдсэн 18 хувийг Үндэсний эвсэл, Хүн нам, жижиг намууд болоод бие даагчид саналын дэмжлэг авч 65 хувьд хүргэв, ингээд цаана нь 35 хувь нь огт саналаа өгөөгүй, үүний 25 хувь нь бойкот хийсэн байх, үлдсэн 8-10 хувь нь угаасаа огт сонгууль өгдөггүй юм. Үндсэндээ 2 намыг нийт ард түмний дөнгөж тал хүрэхгүй хувь нь дуртай дургүй дэмжсэн болж. Энэ юуг хэлж байна вэ гэхээр иргэд, сонгогчид эрүүл шударга, цэвэр, шинэ улс төрийн гуравдагч хүчнийг хүсч буйн илрэл юм.
Сонгуулийн хуулийн хамгийн том гажиг ба үүнээс татгалзах нь
Сонгуулийн хуулийг МАН нэлээн судалгааны үндсэн дээр “боловсруулав”. МАН бүсчилсэн хөгжил нэрийн дор тойргийг томсгож, сум бүрийн намын хорооны суурь сүлжээ бүтцээрээ ялахын тулд бусад нам эвсэл, бие даагчдыг “барьц” алдахаар том тойрог зохиож, сонгуулийн сурталчилгааны хугацааг 17 хоногоор тогтоов. Гөлөг төөрүүлэх аргаар бүсчилсэн хөгжил нэрийн дор баахан чуулган, форум хийж сонгуулийн далд санаагаа халхалж, нийгмийн сэтгэл зүйг бүсчилсэн тойрог руугаа алсуур хөтөлж чирэв. Энэ бол энэ жилийн сонгуулийн хуулийн хамгийн том гажиг.
Зөвхөн зүүн бүсийн 6-р тойргийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт 7 мандаттайгаас 1 нь АН, 6 нь МАН-н нэр дэвшигч эхний долоод багтаж чадав. Сүхбаатар аймгийн намын хорооноос хэн ч эхний 7-д багтаж чадсангүй. Ингэхээр Дорнодынхон Сүхбаатарыг төлөөлөхгүй, Хэнтийнхэн Сүхбаатарынханыг төлөөлөхгүй хэмээн иргэд сонгогчид бухимдаж байна. Тэгэхээр тойргийг томсголоо томсголоо гэхэд хамгийн томдоо нэг аймгаас хэтэрч болохгүйг бодит сонгууль нотлов. Тойргийг томсговол нэг бол улсаараа бүтэн нэг тойрог болох эсхүл нэг аймаг л нэг тойрог болох нь бидний уламжлалт сэтгэхүй болоод өнөөдрийн төлөөлөх нөхцөл байдалд бодитоор нийцэх аж.
Миний бие энэ жилийн УИХ-н сонгуульд нэр дэвшдэг нь дараах учиртай. Нийгмийн сэтгэлзүйд зөвхөн дарга анги УИХ, ЗГ-т багтаж ажилладаг, энгийн иргэдийн хувьд улс төрийн эрх нь зөвхөн сонгууль өгөх л үүрэгтэй гэсэн ойлголт хэвшчихсэн. Нөгөө талаар УИХ буюу хууль тогтоох байгууллага зөвхөн бизнесийнхэний төлөөлөл, эрх ашгийн бүлэглэлийн төлөөлөл, нам фракцын даалгавар гүйцэтгэгчид гээд ардаа эзэнтэй улс төрийн робот, утсан хүүхэлдэйнүүдээр дүүрч, хөдөө орон нутгийн иргэд, малчдын төлөөлөл, Байгаль орчны салбарын төлөөлөл, тэдний дуу хоолой байхгүй болсон учраас би иргэний зориг гаргаж, Үндсэн хуулиар олгогдсон иргэний улс төрийн эрх, эрх чөлөөгөө эдэлж энэ удаагийн УИХ-н сонгуульд намыг биш, иргэдийг төлөөлж нэр дэвшсэн. Надад улс төрийн 4 нам нэр дэвших санал хүсэлт тавьсан ч би бие даах шийдвэрээ 4 сарын 7-нд Аудитад Мөрийн хөтөлбөрөө тушааснаас эхэлсэн болохоор галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн, нөгөөтэйгүүр АН бол миний үзэл бодлын найдвар, энэ нам миний найдварыг одоохондоо тасалчихаагүй байгаа болохоор өөр намд би ороогүй, орох ч үгүй. Миний нэр дэвшсэн энэ үйлдэл олон залуучуудад улс төрийн их итгэл найдвар өгч, урам зоригийг нь бадраасан бөгөөд цаашид улам олон түүчээ үйлдэл хийх болно.
ИРГЭНИЙ ДУУ ХООЛОЙ ЦЭДЭВДОРЖИЙН ЧОЙЖАМЦ