УИХ

М.Нарантуяа: Авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдохгүй гэдэгтээ бүрэн итгэлтэй байна

2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд ялсан нэр дэвшигчдэд гишүүний үнэмлэх гардуулах үйл ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд болох үеэр ИЗНН-ын жагсаалтаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон М.Нарантуяа дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр хэлэхдээ, “Шинээр нийт 32 эмэгтэй гишүүн сонгогдсон байна. Хүүхэд эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг зөвхөн эмэгтэйчүүд гишүүд гэлтгүй 126 гишүүн бүгд анхаарах ёстой бодож байна. Миний хувьд хүүхэд эмэгтэйчүүдийн асуудалд түлхүү анхаарч ажиллана гэж бодож байна. Манай Иргэний зориг ногоон намын тухайд эвслийн засгийн газарт орж ажиллахгүй гэдгээ Удирдах зөвлөлөөрөө шийдсэн. Сөрөг хүчний үүргээ сайн биелүүлж ажиллана. УИХ-ын гишүүн боллоо гээд нэг л өдөр төрөл арилждаг зүйл биш. Надад санал өгсөн 70 гаруй мянган санал бол ИЗНН-аар дамжуулж намайг “Хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөөллийн ажлыг илүү бодитой, төрийн түвшинд хийнэ байх аа” гэж найдаж өгсөн. Тийм болохоор энэ үүргээ хариуцлагатайгаар дааж явах болно.

Цаашид цахим хаягаа цензурдана. Мэдээж хувийн зан характер тэр дундаа хүмүүстэй ан мана үзэлцдэг байдлаа тодорхой хэмжээгээр татах гэж хичээнэ. Гэхдээ УИХ-ын гишүүн болно гэдэг иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллах болохоос биш хэн дуртайд нь доромжлуулдаг ажил биш. УИХ гишүүнээс гадна хувь хүн болон амьдрах эрх байх ёстой. Үүнийгээ би хамгаалсаар байх болно. Өнгөрсөн хугацаанд зөгийн аж ахуй болон сошиал орчинд хүний амьдралын хэрэгцээ шаардлагаа бүрдүүлсэн. Тиймээс төр түмнийхээ өмнө хулгай хийгээд, авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдохгүй гэдэгтээ бүрэн итгэлтэй байна” гэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version