СЕХ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүллээ

Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Нарийн бичгийн дарга, гишүүд Сонгуулийн  нар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүн,  Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид өнөөдөр (2024.07.01) өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Улсын Их Хурлын ес дэх удаагийн ээлжит сонгуулийг нэр төртэй, амжилттай зохион байгуулсан Сонгуулийн ерөнхий хороо, зохион байгуулахад оролцсон нийт төрийн албан хаагчдад Монгол Улсын нийт ард иргэдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Сонгуулийн үйл явц ил тод, маргаан багатай болж төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлаа бүрдүүллээ.

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн түүхэн ой тохиож байгаа үед Улсын Их Хурлын ээлжит сонгууль болсон онцлогтой. Улсын Их Хурлын 126 гишүүн сонгодог болсноор түүхэнд хамгийн олон нэр дэвшигчтэй сонгууль болж, олон намын төлөөлөл сонгогдлоо. Эмэгтэйчүүдийн оролцоо өндөр сонгууль болж, парламентад эмэгтэй гишүүд олноороо сонгогджээ.

Сонгууль ардчиллын дагуу ил тод, нээлттэй зохион байгуулагдсанд ард иргэд ч сэтгэл хангалуун байна” гэлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу 126 гишүүнийг холимог тогтолцоогоор сонгох сонгуулийг амжилттай зохион байгууллаа. Олон намын төлөөллийг хангаж, олон ургалч үзлээр хяналттай парламентыг бүрдүүлэхийг зорьсон зорилго биелж байна. Эмэгтэйчүүдийн төлөөлөл ч олон улсын дундаж түвшинд хүрч, Азидаа тэргүүлсэн парламент бүрдлээ.

Санал тоолох төхөөрөмжид эргэлзээгүй болгох, сонгуулийн дүнд эргэлздэг хүмүүсийн эргэлзээг тайлж Үндэсний аюулгүй байдлыг хангахын тулд 100 хувь хяналтын тооллого хийлгэхээр хуульчилсан. Сонгуулийн дүнд нийт иргэд эргэлзээгүй, сонгуулийн үйл ажиллагаа амжилттай боллоо” гэсэн юм.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран хэлсэн үгэндээ “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад нийт 2,224,233 сонгогч бүртгэгдэж, үүнээс түр хасав тэмдэглэгээтэй 134,284 сонгогч, үндсэн 2,089,949 сонгогчоос улсын хэмжээнд 69.85 хувийн ирцтэйгээр 6 дугаар сарын 28-ны өдөр санал хураалт боллоо. Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 47 салбар комисст зохион байгуулж саналаа өгөхөөр бүртгүүлсэн 13095 сонгогчоос 9579 сонгогч саналаа өгч 73.2 хувийн ирц оролцоотойгоор зохион байгууллаа.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж ээлжит сонгуулийн санал хураалтын дүнд үндэслэн тойрог тус бүрээр хамгийн олон санал авсан нийт 78 нэр дэвшигчийн, мөн нам, эвслийн авсан саналын дүнд үндэслэн 48 нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээ сонгогдсонд тооцож, үнэмлэх олгох тухай шийдвэрийг гаргалаа.

Энэ удаагийн сонгууль нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа 126 гишүүнийг сонгуулийн хосолсон тогтолцоогоор зохион байгуулсан нь сонгууль зохион байгуулалтын болоод эрх зүйн орчны хувьд өргөн цар хүрээг хамарсан онцлог сонгууль боллоо.

Монгол Улсын Их Хурлын ес дах удаагийн сонгуулийг зохион байгуулахад аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах төв комисс болон 47 салбар  комисс, 2198 хэсгийн хороонд нийт 23,000 төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч, мэдээллийн технологийн албан хаагч ажилласнаас гадна, сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгах үйл ажиллагаатай холбоотойгоор  иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, онцгой байдлын болон цагдаа, тагнуул, Төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагч нийт 30,000 гаруй төрийн албан хаагч ажиллалаа.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал хураалт дууссаны дараа 2198 хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн дүн хяналтын тооллогын дүнтэй бүрэн тохирсон” гэж онцлов.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version