ОУ-ын Хөдөлмөрийн бага хурлын ээлжит 112 дугаар чуулган Женевт болж байна
Олон улсын хөдөлмөрийн Бага хурлын 112 дугаар чуулган 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Женев хотноо эхэллээ. Чуулганд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй манай улсын гурван талын төлөөлөгчид буюу Засгийн газар, Монголын ажил олгогч эздийн холбоо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Монгол үйлдвэрчний эвлэлийн холбоо, бусад нийгмийн түнш байгууллагын төлөөлөл оролцож байна.
Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын 187 гишүүн орны гурван талын төлөөлөгчид хуран цугласан ээлжит чуулган “Ажлын орчинд нөлөөлж болох биологийн аюул занал, түүнд бэлэн байх, эрсдэлтэй ажлын байх, ажилчдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх” үндсэн сэдвийн хүрээнд ОУХБ-ын суурь конвенциудын хэрэгжилт, хөдөлмөрлөх суурь зарчим ба эрхүүд, зохистой хөдөлмөр ба асрахуйн эдийн засаг зэрэг өргөн хүрээтэй асуудлаар хэлэлцэнэ. Түүнчлэн чуулганаар ОУХБ-ын Захиргааны зөвлөлийн 2024-2027 оны гишүүдийг сонгоно.
Манай улсын төлөөлөгчдийн тэргүүн Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа 6 дугаар сарын 10-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн хяналтын өнөөгийн байдал, хууль, эрх зүйн орчны шинэчлэл, ололт, сорилтын талаар танилцуулж, Засгийн газрын байр суурийг илэрхийлнэ.
Ээлжит 112 дугаар чуулган 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл үргэлжилнэ.