Зочны ярилцлагаОнцлох

Л.Шагдарсүрэн: Т.Балдан, Д.Дамбадаржаа нарын мятрашгүй зориг, эх оронч үзэл 70 мянган адууг тогтоосон

Шуурганд уруудсан 70 мянган адууг тогтоон, хил давуулалгүй авч үлдсэн баатарлаг түүх бол одоогоос 80 жилийн өмнөх явдал юм. Энэхүү баатарлаг түүхийг өнөөгийн хүмүүс санах нь санаж, мартах нь мартжээ. Иймд түүхийн үнэнийг уншигч түмэндээ эргэн сануулахаар Дорноговь аймгийн Өргөн сумын Нутгийн зөвлөлийн дарга Л.Шагдарсүрэнтэй ярилцлаа.

-Бидний ярилцах түүх Дорноговь аймгийн Баянмөнх сумын нутагт болж өнгөрсөн. Түүх сөхөхийн өмнө засаг захиргааны нэгжийн тухайд эхлээд тодруулах нь зөв байх. Баянмөнх сум нь одоогийн Өргөн сум. Тэгэхээр нь тэр үед Баянмөнх гэж ямар сум байв?

-Дорноговь аймаг 1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр 16 сумтай байсан юм билээ. Тэр үед Баянмөнх нь 6 багт хуваагддаг, нэг баг 300-400 хүнтэй, мал аж ахуйд түшиглэсэн ардын аж ахуйтнуудаас бүрдсэн сум байсныг архивын бүртгэлээс харж болохоор байгаа юм. Газар нутгаар нь баримжаалбал, Сайншандаас гурван өртөө газар буюу Цагаан өехий хэмээх газар төвлөрч байж. Тогтоцын хувьд хойд талаараа хээр талын намхан толгод, Магнайн уул, Туулайн тал, Номт улаан худаг, урд талаараа говь, бударгант цайдам алсарсан хөндий бүхий цэлгэр газар нутагтай сум байсан юм билээ.

Тэр үед сумын дарга, намын үүрийн дарга гэж ярьдаг байлаа шүү дээ. Сум нэгдлийн удирдлагуудаар хэн гэж хүмүүс ажиллаж байв?

-Сумын даргаар Т.Балдан, намын үүрийн даргаар Д.Дамбадаржаа, сургуулийн захирлаар Рэнцэндорж, хүний эмчээр Балдан нарын хүмүүс ажиллаж байсан. Их зохиолч Б.Ринчен гуай “Их говийн зоригт хүмүүс” найруулалдаа сумын даргаар Т.Балдан, намын үүрийн даргаар Д.Дамбадаржаа нарын онцлон, нэр дурдсан байдаг.

-Сая нэр дурдсан хүмүүс тэр олон адууг хил давуулалгүй тогтоох эхний арга хэмжээг авч, аймгийн төвд мэдэгдсэн гэдэг байх аа?

-1944 оны бичин жилийн зуд гэгддэг туурайн зудыг одоогийн залуус юу мэдэх вэ. Тэр өвлийн зуд турхан бол чухамдаа хүн байгаль хоёрын нүүр тулсан тулаан байсан. Тэр цаг бол мөн агуу их эх орны дайны шийдвэрлэх мөч, Японы зүгээс манай улсын тусгаар тогтнол, дархан хил рүү өнгөлзсөн, хилийн зөрчил хурцадсан түгшүүртэй хүнд үе байсан. Тийм хүнд цаг үед Баянмөнх сумын нутгийнхан тэр олон адуу малын туурайн хөлд нэрвэгдсэн, хөр цасан дунд 100-гаад хоногийн бэрхийг сөрөн зогсож, 70 мянган адууг урд хил давуулалгүй тогтоож авч үлдсэн байдаг юм.

-Аль аймгаас уруудсан адуу байсан юм бол?

-Төв, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн нутгаас уруудаад, арваннэгдүгээр сарын сүүлч гэхэд Баянмөнх сумын нутгаар дамжин улсын хилд тулж ирсэн юм билээ. Баянмөнх сумын удирдлагууд тухайн цаг үеийг маш зөв үнэлж, малчдыг сайн зохион байгуулалтад оруулж чадсан байгаа юм. Хилийн хорооны сумангийн дайчид ч байгаль, цаг уурын энэхүү бэрхшээлийг хамтдаа сөрцгөөсөн. Адуун сүргийг тогтоох тэрхүү нөр их дайчилгаанд монгол хүний эр зориг, тэсвэр хатуужил, баатарлаг жишээг үзүүлсэн хүмүүс бол сумын удирдлага, хилийн дайчдаас гадна нутгийн малчид юм. Палам, Пагва, Должин, Чойжамц, Банзрагч, Гэлэнхүү, Содном, Өндөр, Дэлэггомпил, Лувсан, Жалбал, Дашдорж, Гончигсүрэн, Чойдорж, Рэнцэн, Чогсүрэн, Галсан, Гэндэн, Балдан, Онгон хэмээх Батаа, доктор Балдан, Догсүрэн, Равдан, Жавьяндорж гээд олон хүний нэрийг энд дурдаж болохоор байна.

-Далан мянган адууны төвөргөөн гэдэг их л сүрдмээр байсан байх даа?

-Дүн өвлийн салхи шуурганд уруудсан 70 мянган адуу ямар байх бол гэж бодохоор хүмүүсийн тархинд янз бүрийн төсөөлөл орж ирнэ байх. Ер нь 70 мянга гэж ярьдаг ч үхэж хорогдсоноо тоолвол 100 мянга хүрсэн ч гэдэг. Б.Ринчен гуай зохиолдоо “газар бүрхсэн үй түмэн адуу айсуй” гэж бичсэн байдаг. Намын үүрийн даргаар Д.Дамбадаржаа гуай их зохиолчид анх хэрхэн адуу уруудаж яваагаа ярьсан бололтой шиг байгаа юм. Гэр нь хөдлөхийн зэрэгцээ түмэн адууны төвөргөөн шиг ер бусын чимээ сонсогдож л дээ. Тэр чимээнээр гэрээсээ гарч харвал Т.Балдан гуай мөн гадаа гарчихсан зогсож байж. Ингэж л тэр хоёр нөхцөл байдлыг ойлгож, бусдадаа мэдэгдсэн байгаа юм.

-Энэ үйл явдал газар нутгийн хувьд хэдий өргөн талбарыг хамарсан гэж ойлгох вэ?

-Уртаашаа 20-30 км газрыг хамарна гэж хэлэхэд болохоор шүү, ер нь.

-Уруудсан адуунуудын завсар үхэр хавчуулагдаад үхчихсэн байсан ч гэж ярьдаг. Би үнэн болов уу гэж боддог?

-Уруудсан адуун сүрэг дунд хангай нутгийн сарлаг хавчуулагдаад ирсэн байхыг нутгийн хүмүүс үзсэн гэдэг. Давхар ухаа гэдэг газраар адуу малд явсан хүмүүс тэрхүү сарлагийг холоос хараад, баавгай хавчуулагдаж ирээд үхчихэж гэж ярьж байсан байгаа юм. Говийн улс тэр үед сарлаг гээчийг ямар үзсэн биш, хальт хараад тэгж бодож л дээ. Зарим хүн арваад сарлаг байсан ч гэх нь бий. Хожим сэг зэмэн дунд сарлагийн яс сэрзийгээд үлдчихсэн байсан гэдэг. Төв, Өвөрхангай, Архангай аймгаас л сүрэгт нийлсэн болов уу. Дараа нь тэр хавиар явсан улс Сарлаг толгой гэж нэрлэе гэж ярьж байсан удаатай.

-Түүхэн үйл явдлын гэрч болсон хүмүүстэй уулзаж байв уу?

Т.Балдан гуай цэргээс бага дарга цолтой халагдсан юм байна лээ. Тэр үед нам засгаас цэргийн алба хаасан, боловсролтой хүмүүсийг шууд сум нэгдлийн даргаар томилдог байсан байгаа юм. Т.Балдан гуай тэр үед 20 гаруй насны цэл залуухан эр явж. Д.Дамбадаржаа гуай болохоор 50 гаруй насны, намын үүрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан байгаа юм. Намын үйл хэрэгт үнэнчээр зүтгэдэг, нутгийн түшигтэй ахмад буурлуудын нэг байж дээ.

Т.Балдан гуайн үндсэн захиргаа Дорноговь аймгийн Алтанширээ, Айраг сумын хондого чигийн хүн. Тухайн үед тэр үйл ажиллагааг сайн зохион байгуулсан хэмээн төр засгаас үнэлж, Алтан гадас одонгоор шагнасан түүхтэй.Д.Дамбадаржаа гуай бол хуучин Баянмөнх сумын хүн. Энэ хоёр буурлын ах дүү, төрөл садангууд одоо ч амьд сэрүүн аж төрж байна.

Т.Балдан, Д.Дамбадаржаа гуай нарын мятрашгүй зориг, эх оронч үзэл тэдгээр 70 мянган адууг тогтоосон юм шүү дээ. Б.Ринчен гуай энэ хоёр хүнийг харвал хаана ч байж байдаг дарга удирдлагуудтай нэгэн адил, гоц гойд гавьяа байгуулах юм шиг харагдахгүй. Гэтэл хүний нүдэнд товойж үзэгдэхгүй ийм хүмүүс тулсан цагт ямар их чин зоригтой, сэтгэлийн агуу хүчтэй хүмүүс байж вэ хэмээн бичсэн байдаг.

-Нутгийнхан бол олны хөлд дарагдаад том жижиггүй туйлдсан байх даа?

Холоос ядарч зүдэрч ирсэн эрэлчдийг хооллож ундлах, эрүүл саруул гэр лүү нь буцаахын тулд сумаараа чармайсан байдаг. “Өдөр шөнөгүй галаа өрдөж, тогоогоо гал дээрээс авах чөлөөгүй байв” гэж нутгийн улсуудыг өнөөх зохиолд бичсэн бол эрэлчдийг нэг айлд олноороо цугларч дулаацаад, суугаагаараа амсхийж байсан хэмээсэн байдаг. Хаврын тарчиг цагт хэрэглэх гэж бэлдсэн аргал түлш, идээ хоол нь барагдах шахсан байлгүй. Баянмөнх сумын нутагт 300-гаад хүн ирсэн гэдэг.

-Б.Ринчен гуай найруулал бичсэн нь энэ үйл явдал өндөр авах шалтгаан болсон байх?

Маршал Х.Чойбалсангийн даалгавраар 1944 онд Б.Ринчен гуай тус найрууллыг бичсэн. 1945 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн пүрэв гаргийн “Үнэн” сонинд босоо монгол бичгээр хэвлэгдэн гарсан. Ах нь найрууллын эхийг Монгол Улсын Гавьяат багш Ч.Отгонбаярт өгч, босоо монгол бичгээс кирилл бичиг руу хөрвүүлж, бусад мэдээллээр баяжуулаад шоголтой ном хийсэн. “Их говийн зоригтон” гэдэг чинь Б.Ренчин гуайн найрууллаас улбаатай манай нутгийнханд ирсэн алдар юм шүү дээ. Зохиолч найруулалдаа “Говийн их цөл газар үе улиран байгалийн гачаалтай тэмцэж давсаар ирсэн хатан зоригт хүмүүс оршин суудаг. Цуцалтгүй зүтгэн хөдөлмөрлөдөг эрэлхэг зоригтой тэд, догшин сүрт хатуу эх болсон цөл нутагтаа үнэн сэтгэлээсээ хайртай бөгөөд ядарсан хүмүүст туслан тэтгэх эцэг өвгөдийнхөө зочирхог, найртай сайхан ёсыг эрхэмлэж дагадаг байна” гэсэн байдаг. Гарт таарвал нэг уншчихад гэмгүй. Сайхан сайхан ишлэлүүд их бий.

-Төвөөс ямар дэмжлэг туслалцаа үзүүлсэн юм бол. Архивт энэ талын баримт байгаа л байх даа?

-Энэ ажилд туслахаар аймгийн намын хороо, захиргааны төлөөлөгч Галдан, Дашдэндэв, Үдэл, Палам нар ажиллахаар ирсэн юм билээ. Үүний зэрэгцээ Улаан-Уулын хилийн отрядаас зүүн гарын суман Хар дэлийн дайчид, ялангуяа заставын дарга Ж.Дагвадоржийн гавьяа зоригийг дурдахгүй өнгөрч болохгүй. Хилчид малчидтай хамтран тэр олон мянган адууг 1945 оны долоодугаар сар хүртэлх хугацаанд хумьж, Магнай, Аргалын уул, Харагчин, Гурван овоот, Хэрээ, Зээмийн, Унага Өёхий, Долоодын говь, Алаг найман, Туулайн тал, Арнай, Тарнай зэрэг газраар хариулж, эздэд нь эргүүлэн өгөх ажлыг данс бүртгэлтэй нь тохируулан олгосон байдаг.

-Данс бүртгэлтэй нь тохируулан олгосон гэдэг ч бараг үнэн байх шүү. Социализмын үе ч байлаа, дансны аргаар нэг адуу “идчихье” гэх том толгойтой хүн байгаагүй байх?

Тухайн үеийн тоо бүртгэлийг цэргээс дөнгөж халагдсан Б.Гончигсүрэн гэдэг залуу хийсэн байгаа юм. Б.Гончигсүрэн гуай сумын нарийн бичгийн дарга, сургууль, эмнэлгийн аж ахуйн даргаар олон жил үр бүтээлтэй ажилласан ажил хэрэгч, нягт нямбай хүн байсан. Тэрээр адуу малыг зүсээр нь бүртгэж, ирсэн хүмүүст тоо ёсоор нь хүлээлгэн өгсөн гэдэг. Тэр үеийн хүмүүс ажилдаа тийм сэтгэлтэй, нягт нямбай хандаж байсныг энэ жишээнээс харж болно. Далан мянган адуу хил давсан бол манай улсын эдийн засагт ямаршуухан их хохирол учрах вэ. Энэ талаар түүхч Д.Өлзийбаатар гуайн ярьж байхыг нэгэнтээ сонсож байсан. Тухайн үеийн үнэ мөнгөөр бодсон ч, одоогийн үнэ мөнгөөр бодсон ч ямар тоо гарах нь ойлгомжтой.

-Т.Балдан гуайг хэн ч юм нэг хүн социалист өмчийг үрэн таран хийж байна гэж матаад, байцаагдаж байсан гэдэг байх аа. Нойртой нойргүй, хоолтой хоолгүй тийм хүнд цагт ч матаачид байж л байдаг гэхээр жигтэй явдал шүү?

Т.Балдан гуай бол үнэлж баршгүй гавьяа байгуулсан хүн. Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч А.Шартолгой гуайд өгсөн ярилцлагадаа “Хөлдүү газар олон мянган адуу санаатай хашиж, улсын хөрөнгийг үрэн таран хийж байна” гэсэн хов живэнд ороогдож, нэг удаадаа байцаагдаж явсан гэж ярьсан байдаг. Тэр тухай “Ноён гэгээний нутгаар” номд бичээтэй байна лээ.

-Энэ түүх эдүгээ энд тэнд мэр сэр бичигдсэн байхыг харж байлаа. Бүдгэрч байгаа түүх юм болов уу даа?

Дорноговь аймгийн Өргөн сумын Засаг дарга, ЗДТГ-аас 1994 онд Их говийн зоригтны 50 жилийг ойг тэмдэглэе гэсэн санаачилгыг гаргахад аймгийн Засаг дарга агсан Л.Одончимэд бүрэн дүүрэн дэмжсэн. Аймгийн Засаг даргын захирамж ч гарсан. Тус оныхоо долоодугаар сард Өргөн сумын төвд ойгоо тэмдэглэсэн. Түүхийн явцад хоёр удаа бяцхан товхимол ном гаргасан. Хөшөө босгох ажлыг гурван удаа хийж, 75 жилийн ойгоор сумын Засаг дарга Ж.Сүхбаатарын санаачилгаар шинэчилж, алдрын талбай байгуулсан. Баянмөнх сумын оршин байсан Өехий хэмээх газар хуучин захиргааны байшингийн суурин дээр “Их говийн зоригтны өлгий нутаг” чулуун цогцолбор босгосон. Тухайн үед Баянмөнх сумын уугуул, Ерөнхий сайд асан Д.Содном гуай гэргийн хамт, Эрүүл мэндийн сайд агсан Г.Дашзэвэг гуай болон тэдний ах дүүс нар ирж, хоёр өдөр нэг дороо цугларч “Энд манай буурь байсан, тэнд тэднийх байсан” гэхчлэн хуучилж байсан нь санаанд тод үлдэж.

Ном бүтээж үлдээнэ гэдэг их зөв санаачилга шүү. Хөгшчүүл амьд сэрүүн цагтаа үр хүүхдүүддээ түүхийг хүүрнэх байх, хожим цагт ном л тэдний өмнөөс “ярих” юм даа?

-Бидний хадгалж үлдээсэн түүхэн баримт бичиг дээр үндэслэж, дараа дараагийн үеийнхэнд түүхийг үнэн зөвөөр нь хүргэх ёстой боддог. Түүх алсрах тусмаа мэддэг хүмүүс цөөрсөөр байна. Тиймээс 1994 оноос эхлэн ах Л.Хоролсүрэн, ЗДТГ-ын дарга М.Төмөрбаатар нартай хамтарч, Их говийн зоригтон, тэдний үйл хэргийг мэдэх хүмүүстэй уулзаж, бичиж тэмдэглэж авах болсон. Өргөн сумын уугуул Д.Дашбилэг бас нэлээн зүйлийг судалж, нэгтгэн хоёр ч ном гаргасан. Бидний багад гуравдугаар ангийн сурах бичигт энэ түүх бичигдсэн байдаг байсан. Тиймээс манай дээдчүүд ийм хүмүүс байж дээ гэсэн ойлголтыг бидний үеийнхэн хар багаасаа авдаг байв шүү дээ.

Ярианы төгсгөлд сонин болгоход, Баянмөнх сумыг тэр үеийн хүмүүс Бойн говь, Сүүл сум гэж хочилж байж. Бойн говь гэдэг нь бой шиг олон мал үхсэн гэсэн үг. Сүүл сум гэдэг нь улсын төлөвлөгөөт даалгаварт өгөхөөр тэр хавиар явсан улс бүсэндээ хайч хавчуулан явж, дэл сүүлийг нь огтолж аваад тоонд өгч байснаас улбаатай хошигнол юм билээ. Ер нь адуу мал айлын гадаа бие биеэ дэрлээд үхчихдэг эсвэл уруудсан мал үүд хаалгыг нь дарж үхчихээд, айлынх нь улс тооноороо гарч байсан ч гэдэг.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version