Монголчууд эртнээс “Эрдэнэт хорвоод хүн болж төрөх нь зүүний үзүүр дээр ганц ширхэг будаа тогтохтой адил ховорхон олддог хувь тохиол” хэмээн зүйрлэж ирсэн. Тиймдээ ч хэвлийдээ бүрэлдсэн шинэ амьдралыг “хувь заяаны бэлэг” хэмээн хүлээн авч ээж хүний эрхэм хүндтэй үүрэг хариуцлагын эзэн болдог байлаа. Харин өнгөрсөн зуунд үр хүүхдээ хэзээ төрүүлэхээ хосууд харилцан ойлголцон шийдэх боломжтой болсон. 1990-ээд он хүртэл гэр бүл төлөвлөлт нь хүний эрхийн асуудал хэмээн хүлээн зөвшөөрсөн боловч Монгол Улсын төрөөс түүнийг хэрэгжүүлэхдээ эрүүл мэндийн үйлчилгээний бүрэлдэхүүн хэсэг болгохыг дэмждэггүй, жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслээс зөвхөн умайн ерөндгийг эмч нарын зөвлөгөөнөөр шийддэг. Архаг өвчтэй эсвэл эмнэлгийн заалттай эмэгтэйчүүдэд л хэрэглэдэг, үр хөндөлтийг хуулийн хүрээнд хязгаарладаг байсан. Харин 1989 оноос үр хөндөлтийг хуулийн хүрээнд зөвшөөрснөөр мэргэжлийн зөвшөөрөлтэй эмч хууль, журамд заасны дагуу үйлчилгээ үзүүлдэг болжээ. Гэхдээ төрийн өмчийн эмнэлэгт зөвхөн эмчийн заалттай тохиолдолд үр хөндөлтийг хийдэг бол хувийн эмнэлэгт үйлчлүүлэгчдийн хүсэлтийг харгалзан төлбөртэй үйлчилдэг болсон юм.
Хэдийгээр эмэгтэй хүн ээж болох эсэхээ өөрөө шийдэх бүрэн эрхтэй болсон ч энэ нь нөгөө талаар эхийн хэвлийд бүрэлдсэн ураг бүхэн орчлонд хүн болж төрөх хувь тавилан заяахгүй болсон гэж болно. Учир нь хэвлийдээ бүрэлдэх хүүхдийг төрүүлэх эсэхийг ихэнхдээ ээж л мэддэг учраас…
Яагаад гэж үү?
Өмнөх буюу СОЦ нийгмийн үед эмэгтэй хүн жирэмсэн боллоо гэхэд “Хүн нэмвэл хүнс нэмэгдэнэ. Хүүхэд хүнстэйгээ төрдөг” гэх мэтээр эерэг таатай байдлаар хүлээн авч, жирэмсэн болон төрсөн эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал бүрэн шийдэгдсэн нөхцөлд амьдардаг байлаа. Хүүхдээ төрүүлээд 45 хоноод л нярайн яслид бяцхан үрээ өгөөд харуулчихдаг. Нэг талаараа зоригтой гэмээр энэ үйлдэл нь ямар нэгэн айх айдасгүй орчин нөхцөлд төрүүлсэн үрийг нь өөрийн хүүхэд мэт хайрлан өсгөдөг маш чухал төрийн үйлчилгээ тогтолцооны шийдэл байсан.
Харин өнөөдөр хүүхэд төрүүлнэ гэдэг хувь хүний хувьд маш их бодож шийдэх асуудал болсон. Хүүхдээ хэзээ төрүүлэх вэ, хэрхэн төрүүлэх вэ, хаана төрүүлэх вэ, хүүхдээ төрүүлээд гэртээ суухад эдийн засгийн хувьд хэр удаан гэртээ сууж чадах вэ, гэр бүлийн санхүүгийн чадамж хэр вэ, магадгүй ганц бие эх болох бол бүр ч их асуудалд толгойгоо гашилтал бодож байж эцсийн шийдвэрээ гаргах болсон. Нийгмийн ч гэж болох дээрх асуудлуудыг үл ажран хүүхэдтэй болох сонголт хийж байгаа эмэгтэйчүүд, гэр бүлүүд олон гэдгийг үгүйсгээгүй. Гэхдээ нөгөө талаар хүний эрхийн талаасаа эмэгтэй хүн хэзээ ээж болохоо шийддэг болсон нь маш сайн зүйл ч бэлгийн боловсрол гэдэг маш чухал зүйл орхигдоод байгаа нь харамсалтай үр дүнд хүргэж буйг онцолмоор байна.
ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий дээр жил бүр 73 сая орчим үр хөндөлт хийгддэг бөгөөд энэ нь өдөрт ойролцоогоор 200,000 үр хөндөлт хийгддэг гэсэн үг юм. Манай улсын хувьд 2022 онд 13 мянга гаруй үр хөндөлт хийгдсэн гэсэн судалгаа гарч, өдөрт ойролцоогоор 50 эмэгтэй ийм сонголт хийгдэг гэжээ. Гэхдээ энэ бол зөвхөн Үндэсний статистикийн хорооны бүртгэлд орсон тоо баримт юм. Хэдийгээр хүний эрхийн асуудал мэт боловч энэхүү харамсалтай сонголтын улмаас хэзээ ч дахин ээж болж чадахгүй байх, магадгүй 5-10 жилийн дараа эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолддог умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх шалтгаануудын нэг болсон байхыг үгүйсгэх аргагүй.
Монгол улсад 2021 онд гэхэд 5981 хорт хавдрын шинэ өвчлөл бүртгэгдэж, үүний дотор умайн хүзүүний хорт хавдар 5.2 хувийг эзэлж байжээ. Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн хувьд дунджаар 100,000 эмэгтэйд 19.1 тохиолдол буюу 19100 орчим эмэгтэй, нас баралт 100,000 эмэгтэйд 9.6 тохиолдол буюу 9600 гаруй эмэгтэй уг өвчний шалтгаантайгаар нас барсан гэж бүртгэгдсэн нь бүс нутагтаа өндөр үзүүлэлт юм. Судалгаанаас харахад 20-39 насны бүсгүйчүүд өөрсдийн карьер, амжилтандаа илүүтэй анхаарах болж, үр хөндөлт хийлгэх нь харьцангуй өсч байгаа гэх харамсалтай тоо баримт ч байна.
АНУ-ын эх барих эмэгтэйчүүдийн эмч Энтони Леватино эмнэлгийн карьерийнхаа эхний таван жилийн хугацаанд 1200 гаруй үр хөндөлт хийжээ. Тэрбээр эхэндээ үр хөндөлтийг эмч, тухайн эмэгтэй, гэр бүлийнхэний л сонголт гэж үздэг байв. Нэг л өдөр Сеселиа бүсгүйтэй танилцаж, удалгүй гэрлэж, үр хүүхэдтэй болохыг хүссэн ч үргүйдлийн асуудалтай байсан аж. Энтони эх барихын эмч найз нараа хүүхэд үрчилж авахаар хайж байгаагаа хэлдэг байжээ. Тэрбээр энэ үед “Бурхан минь, би хүүхэд үрчилж авах гэж оролдож байгаа ч тэднийг хог руу хаяж байна. Үр хөндөлт нь хүүхэдгүй хосуудад үрчлүүлэх боломжийг хааж байна шүү дээ” гэж боддог байсан аж. Хэсэг хугацааны дараа тэдний гэр бүл төрөх өрөөнд хүүхдээ үрчлүүлэхийг хүссэн 15 настай охиноос Хизер охиноо өргөж авчээ. Хамгийн гайхалтай нь, Хизерийг өргөж авснаас хойш арван сарын дараа эхнэр нь хүү төрүүлэв. Хоёр хүүхдийн эцэг болсон Энтони үр хөндөлтийг хийсээр л байв. Гэвч 1984 оны 6-р сарын 23-нд таван настай Хизер автомашины ослоор нас барж, эмгэнэлтэй явдал болов. Бяцхан охиноо харамсалтайгаар алдсаны дараа Энтони ажилдаа эргэн орсон ч анх удаа л 15 минутын дотор хийсэн 800 долларын ажлынхаа үр дүнг нухацтайгаар харсан байна. Түүний харж байсан зүйл бол хэн нэгний хүү эсвэл охин байсан юм. Тэр явдлаас хойш гурван сарын дараа тэрбээр үр хөндөлт хийхээ больж, түүний оронд шинэ амьдралыг дэмжих ажлуудыг хийх болжээ. Одоо тэр охид бүсгүйчүүдэд хэвлийд нь бүрэлдсэн бяцхан “амьдралыг тасдах” аймшигт бодлоо түр мартаж, шийдвэр гаргахдаа сайтар бодож, судлаасай гэсэн зорилгоор үр хөндөлт хийдэг аргуудыг танилцуулж, хор уршиг, сөрөг үр дагавар зэргийн тухай мэдээлэл өгч явна. Тэрбээр “Хүмүүс бид чинь амьдралд үр хойчоо үлдээх үүрэгтэй бүтээгдсэн шүү дээ. Тиймээс охид бүсгүйчүүд минь хүний амь бүрэлгэж байгаагаас өөрцгүй үр хөндөлт гэж аймшигт үйлээс холуур байж, амьдралдаа хариуцлагатай хандаарай” хэмээн зөвлөж байна.
Тэгвэл дэлхий дээр жил бүр 15-19 насны 16 сая орчим охид хүүхэд төрүүлдэг бол, 15-24 насны залуучуудын гуравны нэг нь л ХДХВ-ийн халдвар дамжих арга зам ба энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар бүрэн ойлголттой байдаг талаар ЮНЕСКО тэмдэглэжээ. Иймд бэлгийн цогц боловсрол олгох нь хүн амын бэлгийн болон нөхөн үржихүй, сэтгэл зүйн эрүүл мэндийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэх боловсролын нэг хэсэг гэж болно. Америкийн сургалтын хөтөлбөрт бэлгийн боловсролыг “нийгмийн эрүүл ахуй” гэж оруулж, сургуульд суурилсан мэдлэгийг олгодог байна. Бэлгийн боловсролын тухай ойлголт улс орнуудын шашин шүтлэг, хандлагаас үүдэн өөр өөр байдаг ч дэлхийн ихэнх улс орнуудад бэлгийн боловсролыг 12-14 наснаас эхлэн олгож эхэлдэг бол баруун Европын зарим оронд, тэр дундаа Нидерландад 4-5 наснаас эхэлдэг байна. Хүүхэд, өсвөр насныхан нас, биеийн хөгжлийн онцлогт тохирсон боловсрол эзэмших эрхтэй. Энэ төрлийн сургалт нь амьдралын туршид эрүүл, зөв харилцааны үндэс суурийг бүрдүүлж, өөрсдийн бие махбодын онцлог ялгаатай байдлыг ойлгож мэдэж, мэдрэмж, сэтгэл хөдлөлөө танихад нь тусладаг гэж үздэг байна. Мөн дотно харилцаа, хил хязгаарын талаарх мэдлэг мэдээлэлтэй болсноор өөрийн болон бусдын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг хүндэтгэдэг ур чадварт суралцдаг гэжээ.
Тэгвэл манай улсын хувьд эрүүл мэндийн хичээлээр энэ төрлийн мэдлэг мэдээлэл олгож байгаа хэдий ч чанарын хувьд хангалттай үр дүнтэй байж чадахгүй байгаа нь нууц биш. Мөн эцэг эхчүүд энэ сэдвээр үр хүүхэдэйгээ ярилцах уламжлал бараг байхгүй, бэлгийн боловсролын талаарх ойлголтыг бэлгийн харилцаа, садар самууныг сурталчлах, дур хүслийг улам бүр өдөөж буруу алхмууд хийхэд хүргэдэг, хэрэгцээгүй мэдээлэл гэж үзэх нэгэн нь ч байсаар байна. Гэтэл гэр бүлийн амьдрал, харилцааны янз бүрийн хэлбэр, шийдвэр гаргах, зөвшилцлийн үндсэн зарчим, хүчирхийлэлд өртсөн тохиолдолд юу хийх талаар ярилцах нь хүүхдүүд өөрсдийн бие махбодын онцлог ялгаатай байдлыг ойлгож мэдэхэд нь тусладаг бөгөөд зарим оронд “Харилцаа ба бэлгийн эрүүл мэндийн боловсрол” ч гэж нэрлэдэг аж. Нөгөө талаар улс орнуудад бэлгийн замын халдварт өвчний тархалтыг хязгаарлах, өсвөр насныхны жирэмслэлт, хүсээгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бэлгийн төлөвшилтийн өмнөх буюу өсвөр насныханд энэ боловсролыг олгоход анхаарч байна.
Мэдээж жирэмслэлт гэдэг дан ганц эмэгтэйчүүдийн асуудал биш. Бэлгийн хүчирхийллийн хохирогчдоос бусад тохиолдолд хосууд хамтдаа шийдвэр гаргаж байж харилцаанд ордог. Тиймээс хүсээгүй жирэмслэлтээс үүдэлтэй таагүй асуудалтай нүүр тулахгүйн тулд урьдчилан сэргийлэх арга хэрэгсэлийг хэрэглэж занших нь бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэндтэй салшгүй холбоотой.
Хамгийн чухал нь эмэгтэй хүн бүр хэвлийдээ бүрэлдсэн үр хүүхдээсээ татгалзах сонголтыг биш хайраар дүүрэн сэтгэлээр энэ орчлонд төрүүлдэг байгаасай. Хосууд гэр бүл төлөвлөлтийн асуудалд илүү нухацтай хандаж, яг хэзээ үр хүүхэдтэй болохоо сайн ярилцаж, төлөвлөдөг болоосой. Хэрвээ тэгж чадвал, амьдрахаар ирсэн үрс харамсалтайгаар буцахгүй. Хүүхэд эцэг эхээ сонгож төрдөггүй гэж ярьдаг ч үнэндээ ээж хүн хүүхдээ сонгодог. Магадгүй үүнийг уншиж буй эрхэм бүсгүй та хөл хүндтэй болчихоод эргэлзэж тээнгэлзээд суугаа бол алтан хэвлийд чинь зорин ирсэн бяцхан үрийн чинь зүрх “Ээжээ намайг сонгооч” хэмээн аргадан аргадан цохилон байгааг мэдрэх болно.
Амьдрал олон өнгөтэй, тэр өнгийг улам гэрэлтэй болгодог нь үр хүүхэд байдаг юм шүү…
П.Нарандэлгэр