Өв соёлFocus

ЮНИДРУА-гийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин “Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн  тухай” ЮНИДРУА /Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн/-гийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг (2024.05.29) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 

“Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” конвенц нь 5 бүлэг, 21 зүйл, хавсралтаас бүрддэг. Өнөөдрийн байдлаар уг конвенцод дэлхийн 63 улс гарын үсэг зурж, зөвшөөрсөн байна, үүнээс эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу 41 улс нэгдэн орсон, 13 улс соёрхон баталсан бол Франц, ОХУ, Гүрж, Сенегал зэрэг 9 улс гарын үсэг зурсан ч нэгдэн орох, соёрхон батлах талаар ямар нэг шийдвэр гаргаагүй.

“Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” конвенц нь ЮНЕСКО-гийн 1970 оны “Соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай” конвенцууд нь өөр хоорондоо харилцан уялдаатай, нэг нэгнээ дэмжиж, нөхөх зорилготой олон улсын эрх зүйн баримт бичиг юм. Хэдийгээр 1995 оны конвенцод соёлын эд зүйл (cultural objects), 1970 оны конвенцод соёлын өмч (cultural property) /манай улс соёрхон батлахдаа “соёлын үнэт зүйл” гэж орчуулсан/ хэмжээн харилцан адилгүй нэр томьёо хэрэглэсэн ч конвенцын зорилгод хамаарах зүйлс 11 хэсэгт ижил утга агуулгаар тодорхойлон, хэрэглэж байна хэмээн Соёлын сайд Ч.Номин танилцуулав.  

Тэрбээр, 1995 оны конвенцод хулгайлагдсан, хууль бусаар хилээр нэвтрүүлсэн эд зүйлийг нэхэмжлэх хугацаа, уугуул оршин суугчдын соёлын эд зүйлийг өмчлөх эрх, нөхөн төлбөрийн нөхцөл, конвенцын зорилгыг хэрэглэхгүй байх нөхцөл, өмчлөх эрхийг тогтоох үйл ажиллагаа зэрэг 1970 оны конвенцод заагаагүй зарим асуудлыг нарийвчлан зохицуулсан. Энэ нь оролцогч талуудыг соёлын эд зүйлийн хууль бус эргэлтээс сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгахад зохих хувь нэмэр оруулж байна. Тухайлбал, 2013 онд АНУ-ыг хууль сахиулах байгууллагаас Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, худалдсан Т-батаарын олдворыг эргүүлэн өгөх үйл ажиллагааг 1995 оны конвенцод үндэслэн зохион байгуулсныг дурдаж болно. 

Монгол Улсын хувьд гадаадаас соёлын эд зүйлсийг импортлох хэрэгцээ шаардлага бага хэдий ч өөрийн түүх соёл, өв уламжлал, ёс заншилд холбогдох эд зүйлсийг хууль бусаар хилээр гаргахаас урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгож, үндэсний чадавхыг бэхжүүлэх хэрэгцээ шаардлага өндөр байна. Учир нь сүүлийн жилүүдэд тодорхой сэдвийн хүрээнд хөдөө орон нутгийн ард иргэдийн гар дээрээс эд зүйлсийг худалдан авах, эсхүл хулгайлах замаар цуглуулж, зөвшөөрөлгүй хилээр нэвтрүүлэх зөрчил буурахгүй байгааг хууль сахиулах байгууллагаас анхааруулж байна. Түүнчлэн, соёлын эд зүйлийн хууль бус эргэлттэй үр ашигтай тэмцэхийн тулд улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, олон улсын эрх зүйн механизмыг ашиглах талаар ЮНЕСКО, ИНТЕРПОЛ, ЮНИДРУА (Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн) зэрэг олон улсын байгууллага зөвлөсөөр ирсэн. 

Иймд Соёлын яамнаас дээрх бодит хэрэгцээ шаардлагад үндэслэн “Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” ЮНИДРУА-гийн конвенцод нэгдэн орох нь зүйтэй гэж үзэн, Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу уг хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

ЮНЕСКО-гийн 1970 оны “Соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай” конвенц нь соёлын үнэт зүйлийн эсрэг гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааны шинэ механизмыг бүрдүүлсэн ч зарим зохицуулалт хэтэрхий ерөнхий, эсхүл шаардлагатай зохицуулалт дутуу орхигдсоноос конвенцын зорилгын хүрээнд хэрэглэхэд оролцогч талуудын өмнө багагүй бэрхшээлийг учруулж байв.

ЮНЕСКО 1980-аад оноос хулгайлагдсан, хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлийг хууль ёсны өмчлөгчид буцаах, эргүүлэн өгөх үйл ажиллагааг илүү хөнгөвчлөн боловсронгуй болгох, ойлгомжгүй үлдсэн асуудлыг тодорхой болгох, хувийн эрх зүйн хүрээнд зохицуулах боломжийг эрэлхийлж, олон чиглэлээр судалгааны ажлыг эхлүүлсэн байна.

Энэхүү 10 гаруй жилийн судалгааны үр дүнд “Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” ЮНИДРУА-гийн конвенцын төслийг боловсруулж, оролцогч талуудаар хэлэлцүүлэн, 1995 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотноо баталжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version