УИХFocus

БНУУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Бүгд Найрамдах Унгар Улсад албан айлчлал хийж, тус улсын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Дьөрдь Шухтай хамтран ажиллах /2024.05.29/ санамж бичиг үзэглэлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнгөрсөн гуравдугаар сард Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн урилгаар тус улсад айлчлах үеэр уг санамж бичгийг байгуулах яриа хэлэлцээг эхлүүлсэн. Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд талууд парламентын ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, Байнгын хороодын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэгт хамаарах асуудал, хоёр улсын парламентын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж буй хууль тогтоомжийг харьцуулан судлах, цахим парламент, номын сан, судалгааны газруудын үйл ажиллагаа, сайн туршлагаас суралцах зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллахаар харилцан тохиролцов.

Санамж бичиг байгуулах үеэр Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат эртний түүхт Унгар улсын нийслэл Будапешт хотод хүрэлцэн ирж хоёр улсын парламент, түүний Тамгын газрын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах үүд, хаалгыг нээж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн хоёр орны парламентын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Тамгын газар болон парламентын найрамдлын бүлгийн нягт хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлов.

Мөн тэрбээр, хууль тогтоох байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг гардан хариуцдаг Тамгын газар хоорондын олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлж, хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар санал нэгдсэнд талархсанаа хэлээд энэхүү санамж бичигт үндэслэн Тамгын газрын ажилтнуудын туршлага судлах солилцооны хөтөлбөр зохион байгуулах, цаашлаад хууль тогтоох чиглэлээрх хамтарсан судалгаа хийх боломжтой гэж үзэж байна гэв.

Унгар Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Дьөрдь Шух энэхүү санамж бичгийн ач холбогдлыг өндөр түвшинд үнэлж байгаагаа онцлоод цаашид хоёр улсын парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны цар хүрээ зогсолтгүй өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Улмаар уг санамж бичгийн хэрэгжилтийг бүрэн хангаж, хамаарах асуудлаар жил тутам үр дүнтэй хөтөлбөрүүдийг хамтран зохион байгуулахад анхаарч ажиллана гэв.

Албан уулзалт болон санамж бичиг байгуулах арга хэмжээнд Улсын Их Хурлын Тамгын газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ оролцов.

Түүнчлэн айлчлалын хүрээнд Унгар Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Соёл, боловсролын хэлтэс, Хуулийн хэлтэс, Санхүү, захиргааны хэлтсийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, тус улсын парламент, түүний Тамгын газрын парламентын боловсрол олгох хөтөлбөр, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэн батлах үйл явц, хүний нөөцийн сонгон шалгаруулалт, төсвийн сахилга батыг хэрхэн сахидаг зэрэг үйл ажиллагааных нь талаар туршлага судалж, харилцан мэдээлэл солилцож ажиллалаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version