ОХУFocus

Орос-Монголын хамтарсан 162-р сургуулийн сурагчдад Свердловск мужийн үе тэнгийнхнээс нь ном бэлэглэлээ

Орос-Монголын 162-р сургуулийн сурагчдад Свердловск мужид амьдардаг үе тэнгийнхнийх нь бэлэглэсэн номнуудыг /2024.05.29/ хүлээлгэж өглөө. Тус мужийн таван сургуулийн нэгдүгээр болон хоёрдугаар ангийн сурагчид “Найздаа бэлэглэх ном” аянд оролцож, монгол хүүхдүүдэд номнуудтай хамт зурсан зураг, богино захидлуудаа илгээжээ. Бүх ном шинэ бөгөөд цагаан толгой, уран зохиол, Орос болон Дундад Уралын ард түмнүүдийн үлгэр зэрэг номнуудыг бэлэглэв.

“Би өөрийн дуртай номнуудын нэг болох алдарт зохиолч Николай Носовын өгүүллэгүүдийн түүврийг бэлэглэж байгаадаа маш их баяртай байна. Өгүүллэгүүдийн дотроос миний хамгийн дуртай нь «Амьд малгай» юм. Уг номыг хүлээн авах хүүхэд над шиг энэ номыг унших дуртай болно гэж найдаж байна. Үүнд хөгжилтэй, инээдтэй түүхүүд байдаг” гэж 13-р сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Савелий Кустов ярьж байна.

1 / 7

“Манай сургуулийнхан уг арга хэмжээнд дуртайяа оролцсон, яагаад гэвэл энэ нь Орос, Монголын хүүхдүүд бие биетэйгээ танилцах, уншсан номынхоо тухай санал, сэтгэгдлээ хуваалцах сайхан боломж юм. Аав, ээжтэйгээ хамт ном сонгож, захидал бичиж, монгол найзууддаа зүрх сэтгэлийнхээ нэгээхэн хэсгийг илгээх энэ өдрийг хүүхдүүд маань үнэхээр тэсэн ядан хүлээж байлаа. Одоо сурагчид захидлынхаа хариуг хүлээж авна гэж найдаж байна” гэж тус сургуулийн дэд захирал Марина Кузнецова хэллээ.

“Свердловск муж болон Монгол Улсын хамтын ажиллагаа нь Уралын машины үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн цогцолборын бүтээгдэхүүний нийлүүлэлтээс авахуулаад хүмүүнлэгийн болон боловсролын төслүүд гээд олон салбарыг хамардаг. Манай бүс нутгийн их дээд сургуулиуд монгол оюутнуудыг элсүүлэхдээ таатай байдаг. Тухайлбал, энэ хичээлийн жилд Свердловск мужид Монгол Улсын 66 иргэн дээд боловсрол эзэмшиж байна. Тус улсад орос хэл түгээмэл бөгөөд эрэлт хэрэгцээтэй байдаг” гэж Свердловск мужийн Олон улсын болон гадаад эдийн засгийн харилцааны сайд Вячеслав Ярин онцлов.

Дашрамд дуулгахад, 2023 оноос хойш Орос-Монголын шинэ хамтарсан 162 дугаар сургуулийн сургалт Оросын боловсролын стандартын дагуу явагдаж эхэлсэн. Одоогоор нэгдүгээр ангийн 127 хүүхэд орос хэлээр суралцаж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version