Эрүүл мэнд

УГТЭ: Лаосын эмч нарыг чадавхижуулна

УГТЭ-ийн захирал анагаах ухааны доктор, Монгол Улсын зөвлөх зэргийн эмч Ц.Төмөр-Очироор ахлуулсан баг БНАЛАУ буюу Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Вьентьян хотод зүрх судасны тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлдэг туршлагаа хуваалцаж лаос эмч нарыг чадавхижуулах, хамтран ажиллах, нөхцөл байдлын судалгаа хийх чиглэлээр энэ сарын 6-10-нд ажиллаад ирлээ.

Монгол Улсад зүрх судасны өвчлөл жил бүр нэмэгдэж буй ч зүрх судасны өвчнөөс шалтгаалах нас баралт жилээс жилд буурч байгаа нь УГТЭ-ийн Зүрх судасны үндэсний төв нь аймаг, дүүргийн эмч нарыг телемедицинээр нэгтгэх, тоног төхөөрөмжийг сайжруулж хүний нөөцийг тасралтгүй чадавхжуулахад чиглэсэн Люксембургийн Их Гүнт Улсын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй Зүрх судасны төв төслийн үйл ажиллагааны үр дүн, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын бодлого, эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чармайлт, нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хамтын хүчин чармайлтын үр дүн юм.  

Лаос улс нь 7,5 сая хүн амтай, дундаж наслалт нь ±56. Зүрх судасны тусламж үйлчилгээний хувьд нийслэл Вьентьяны төв эмнэлэгт суурилсан ба орон нутгийн эмнэлгийн хөгжил харьцангуй сул, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах зайлшгүй шаардлагатай зэрэг тулгамдсан асуудлууд бий. Иймд УГТЭ-ийн Зүрх судасны үндэсний төв нь Люксембургийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Зүрх судасны төв төслийн хүрээнд эрүүл мэндийн салбарт анх удаа амжилттай нэвтрүүлж, нутагшуулсан 20 жилийн телемедициний сүлжээний хөгжил, хүний нөөцийг тасралтгүй хөгжүүлж чадавхжуулсан туршлагаа хуваалцан Лаосын зүрх судасны тусламж үйлчилгээг дэмжиж ажиллах төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэллээ.

УГТЭ-ийн менежментийн баг Лаост ажиллах хугацаанд Монгол Улсаас Лаос улсад суугаа Элчин сайд, Лаосын Эрүүл мэндийн яам болон Лаос дахь Люксембургийн хөгжлийн агентын бүсийн төвийн удирдлагууд, эрүүл мэндийн төслийн багтай уулзаж санал солилцсон байна.

Эмч нарын баг энэ удаа тус улсын Махосол эмнэлгийн Лао-Люксембург Зүрхний төв, Миттапап Төв эмнэлэг, Вьентьян Аймгийн нэгдсэн эмнэлэг, Ван Виен дүүргийн эмнэлгүүдэд ажиллаж нөхцөл байдлын судалгааг хийжээ.

Тэд томилолтын хугацаандаа нийт аймгийн эмнэлгийн удирдлага, эмч нар, дүүргийн эмч нарын төлөөлөл, Эрүүл мэндийн яам, төрийн удирдах байгууллагын мэргэжилтнүүдийн оролцоог хангасан уулзалтыг зохион байгуулж Монгол Улсад зүрх судасны өвчний тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлдэг талаар танилцуулах, Лаосын зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулахад эмч нарынх нь  саналыг сонсох, монгол эмч нарын туршлагыг сурталчлах зэргээр уулзалт, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулжээ.  

Манай улсын зүгээс зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулсан 20 жилийн туршлагадаа тулгуурлан Лаосын төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийг зүрх судсан дотуурх мэс ажилбарт сургах, нийт эмч нарын зүрх судасны өвчний оношилгоо эмчилгээний мэдлэгийг сайжруулах, зүрхний цахилгаан бичлэг, зүрхний эхогийн сургалтуудыг шат дараатай зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хамтран хийхээр санал нэгдсэн байна.

УГТЭ-ийн Зүрх судасны үндэсний төв Лаос улсын зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулахад туршлагаа хуваалцан дэмжлэг үзүүлж хамтран ажиллах төслийг Лаосын эмч мэргэжилтнүүд, эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхийг зорьж буй юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version