АХБ-ны төслөөр Чингэлтэй дүүрэгт шинэ эмнэлэг барина
Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2019-2029 онд хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн хоёрдугаар шатны ажил хэрэгжиж эхлээд байна.
Уг төслийн хоёрдугаар шатанд Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн өргөтгөл, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын эрүүл мэндийн төв, нийслэлийн зургаан өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр төлөвлөсөн.
Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн X хороонд Нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэх санамж бичигт ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар өнөөдөр /2024-05-20/ гарын үсэг зурж баталгаажууллаа.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Чингэлтэй дүүрэг нь Нэгдсэн эмнэлэггүй, оффиссын зориулалттай барилгад тусламж үйлчилгээ үзүүлж ирснийг дурдаад “Өнгөрсөн жилүүдэд дүүргийн хэмжээнд эмнэлэг барих 5 га газрын асуудал маргаантай байсан.
Харин 2018 оноос хойш Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон удирдлагууд тус дүүргийн X хороонд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар жишиг эмнэлэг барих 10 га газрыг олгож, өнөөдөр албан ёсоор зураг төслөө батлууллаа. Удахгүй газар дээр нь очиж шав тавих, тендерийн урилга хүргүүлж шалгаруулах ажлыг зохион байгуулна” гэв.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл шинэ эмнэлэгтэй болсноор дүүргийн 170 мянган иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх чанар, хүртээмж эрс сайжирна гээд “Манай дүүргийн эрүүл мэндийн төв хэдийгээр хотын төвд байрлалтай ч барилга нь зориулалтын биш, тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлага хангадаггүй, өрөө тасалгааны хүрэлцээ муу нь иргэдэд үзүүлж буй тусламж үйлчилгээний чанарт шууд нөлөөлдөг. Шинээр баригдах эмнэлэг 250 хүн хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдана гэж буй тул энэ байдал сайжирна гэж итгэж байгаа.
Түүнчлэн АХБ-ны төслөөр баригдах зургаан өрхийн эмнэлгийн хоёр нь манай дүүргийнх байх юм. Ингэснээр иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ илүү ойртож, чанартай тусламж үйлчилгээг цаг алдагүй авах боломж бүрдэнэ” гэсэн юм.
Төслийн нэгдүгээр шатны ажил 2020 оноос хэрэгжиж байгаа бол Азийн хөгжлийн банкны багийнхан хоёдугаар шатны төслийн бэлтгэл ажлыг хангахаар 2023-2024 онд манай улсад ирж ажилласан. Тус багийн зорилго нь олон үе шаттай хөтөлбөрийн санхүүжилтийг тохиролцох, төслийн хүрээнд хөрөнгө оруулалт хийх эмнэлгүүдийн байршил, цар хүрээг тодорхойлох байв.
“Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн хоёрдугаар шатны төслийн бэлтгэл ажлыг хангах багийнхан Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамны удирдлагуудтай уулзалт хийснээр хоёрдугаар шатны санхүүжилтийн 82,2 сая ам.долларын зээлийг 100 хувь АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн юм.