Засгийн газарОнцлох

Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай болон эдгээр хуулийн төсөлтэй дагалдан боловсруулсан хууль, УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах нийтлэг журам, хотын зэрэглэл тогтоох шалгуур, хот, тосгоны удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага болон аж ахуйн нэгж, байгууллага, оршин суугчидтай харилцах харилцааг зохицуулна.

Хууль батлагдсанаар

  • Улсын зэрэглэлтэй болон орон нутгийн зэрэглэлтэй хот, түүнчлэн тосгоны өөрийн удирдлагыг шинэчлэн зохион байгуулах, тэдгээр нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харилцаанд оролцох эрх зүйн үндэс бүрдэнэ;
  • Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар суурин газруудыг улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгон болгон байгуулах асуудлыг дэс дараалалтай хэрэгжүүлэх боломж бүрдэнэ;
  • Улсын зэрэглэлтэй тав /Дархан, Эрдэнэт, Шинэ Хархорум, Багануур, Налайх/ хотыг, орон нутгийн зэрэглэлтэй 44 хотыг /нийслэлд 14, аймгуудад 30/, мөн дагуул гурван хотыг байгуулж, бие даан хөгжүүлнэ;
  • Хот, тосгон нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжээс тусдаа өөрийн удирдлагатай, санхүү, эдийн засгийн хувьд бие даан хөгжих нөхцөл бүрдэнэ;
  • Хот, тосгон өөрийн оршин суугчдадаа төрийн үйлчилгээ буюу гагцхүү засаг захиргааны нэгжээр дамжих хэрэгжих үйлчилгээг хот, тосгоноор дамжуулан хэрэгжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулна;
  • Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас тодорхойлсон бүсчилсэн хөгжлийн болон Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжиж, Хот, хөдөөгийн сэргэлтийг дэмжих эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна.


 
Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах нийгэм болон хууль зүйн баталгааг бүрдүүлэх, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилтын хүрээнд Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлыг тогтоож, хотын бүтээн байгуулалт, тогтвортой хөгжлийг дэмжих бодлогыг тодорхойлох зорилго бүхий Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг зургаан бүлэг, 29 зүйлтэйгээр боловсруулжээ.

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл батлагдсанаар

  • Нийслэл хотын төвлөрлийг задалж, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангана;
  • Орон зайн оновчтой төлөвлөлт бүхий суурьшлын зөв тогтолцоотой хотыг хөгжүүлж, бүтээн байгуулалтын үйл ажиллагааны журам, зохицуулалт тодорхой болно;
  • Дагуул хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ;
  • Нийслэл хотын түгжрэл, агаар, хөрсний бохирдол, орон сууцны хангамж, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэхэд эерэг нөлөө үзүүлнэ;
  • Нийгмийн болон инженерийн дэд бүтцийн төвлөрсөн хангамж бий болж, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг кластераар хөгжүүлж улс, нийслэл, цаашлаад бүс нутгийн нийгэм, эдийн засгийг дэмжиж, өрхийн орлогыг нэмэгдүүлнэ;
  • Шинээр ажлын байр бий болж, дотоодын нийт бүтээгдэхүүн болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ;
  • Орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж орон сууцны хангамж нэмэгдэж, нийслэлээс иргэд шилжин суурьших, төрийн байгууллага, их, дээд сургууль, коллеж, шинжлэх ухааны байгууллагуудыг нүүлгэх нөхцөлийг бүрдүүлнэ;
  • Тээвэр логистикийн нэгдсэн төвийг байгуулж, хөгжүүлснээр орон нутгийн болон бүсийн цаашлаад олон улсын логистикийг сайжруулна;
  • Иргэдийн аятай таатай амьдрах орчин бий болж, амьдралын чанар сайжирна;
  • Шинэ Зуунмод хот дүрэмтэй болж хууль тогтоомжоор зохицуулагдаагүй хотын амьдрал, үйл ажиллагаатай холбоотой асуудлаа оршин суугчид, иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэнэ;
  • Бусад улсуудын хотуудын жишгээр Шинэ Зуунмод хотын оршин суугчид хотын удирдлагаа сонгодог болох юм.
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version