БоловсролОХУ

Оросын их, дээд сургуулийн багш нар Монголд ажиллаж байна

ОХУ-ын тэргүүлэх 12 их, дээд сургуулийн багш нар дөрөвдүгээр сарын 18,19-нд Монголд ажиллалаа. Тэд ахлах ангийн 500 гаруй сурагчидтай уулзаж, мэргэжил сонголтын талаар зөвлөгөө өгч, сургалтад хамруулсан билээ. РЦНК буюу Оросын шинжлэх ухаан соёлын төвөөс уг мэргэжил сонголтын өдөрлөгийг анх удаа зохион байгуулсан. Тийм хэдий ч нийгмийн хүлээлтэд нийцсэн, олон хүний сонирхсон хүсэн хүлээсэн үйлчилгээ боллоо гэдгийг сургалтад, өдөрлөгт хүүхдээ хамруулсан аав, ээжүүд онцолсон билээ.

Тиймээс ирэх жилүүдэд уламжлал болгон уг өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ. Сургалтад хамрагдахыг хүссэн сурагчдыг зургаан багт хуваан, найман танхимаар аялуулсан. Тухайлбал сурагчид өнгөрсөн өдрүүдэд үдээс өмнө шинжлэх ухаан, технологи, математикийн чиглэлээр мэдээлэл авсан. Мөн үдээс хойш соёл урлаг, нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарын өнөөгийн нөхцөл байдлыг ойлгож мэдэж авсан юм.

Хөвгүүд шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун ухааны ололт амжилтыг илүүтэй сонирхож, энэ төрлийн мэргэжлийг сонгон суралцвал хэр ирээдүйтэйг сонирхохоос гадна улс орны хөгжилд ямар нэмэртэй вэ хэмээн гэдгийг асууж байсан. Тэгвэл охид бизнесээс гадна балет, театр урлагийн сургуулийнхантай илүү ойр байлаа. Зарим охин ОХУ-ын Театр урлагийн сургуулийн багш нараас зөвлөгөө авч, мэдрэмжээ илүүтэйгээр нээсэн гэсэн. Мөн “Эрчим хүч эх орны хөгжлийн түлхүүр” гэсэн сэдэв сурагчдын сэтгэлийг илүүтэй татсан. Тиймээс охид, хөвгүүд гэлтгүй цөөнгүй нь энэ чиглэлийн мэргэжлийг сонгохоо хэлж байлаа.

Сургалтад хамрагдаж, зөвлөгөө авсан хүүхдүүд сэтгэгдлээ баяртайгаар хуваалцсан юм. 72 дугаар сургуулийн 11А ангийн сурагч Г.Оюун-Эрдэнэ “Мэргэжлээ Бизнесийн удирдлагаар сонгосон. Зөвлөгөө сонсоод эрчим хүч, дулааны талаар мэдээлэл аваад физик сонгомоор санагдлаа. ОХУ-ын их, дээд сургуульд суралцахад байр, сарын тэтгэмж гээд хэрэгтэй бүх зүйлээр хангаж өгдөг, зөндөө боломж байдаг юм байна. Энэ өдөрлөгт оролцсоноор олон зүйлийг ойлголоо” гэв. Дараагийн ангид төмөр замын бүтээн байгуулалтын талаар багш нар хүүхдүүд мэдээлэл өгч байлаа. 72 дугаар сургуулийн 11А ангийн сурагч М.Саран-Эрдэнэ “Энэ уулзалтаас байгалийг зөв ашиглаж чадвал олон зүйл хийж болдгийг ойлголоо. Өртөөнүүдээр яваад мэдээлэл авахад маш их сонирхолтой байлаа. Би мэргэжлээ сонгосон ийм боломж байдгийг хожуу мэдэж авлаа гэсэн юм.

Мөн сурагчид энэ өдөр байгалийн шинжлэх ухаан, геологи хайгуул, төмөр замын бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй тэр дундаа газар тариалан, газар зүй, бизнесийн ухаан, дуулаач хөгжимчний мэргэжлийн багш нараас “номын дуу” сонссон.

ОХУ-ын тэргүүлэх 12 их, дээд сургуулийг танилцуулъя

-Геосистем технологийн улсын их сургууль (СГУГИТ)

-Эрхүүгийн зам харилцааны улсын их сургууль (ИРГУПС)

-А.А. Ежевскийн нэрэмжит Эрхүүгийн хөдөө аж ахуйн улсын их сургууль (ИРГАУ)

-Эрхүүгийн үндэсний судлалын техникийн их сургууль (ИРНИТУ)

-Эрхүүгийн улсын их сургууль

-Л.П. Сахьянова П.Т. Абашеев нарын нэрэмжит Бүжгийн коллеж

-Дорно-Сибирийн соёлын улсын дээд сургууль (ВСГИК)

-Өмнөдийн холбооны их сургууль (ЮФУ)

-Санкт-Петербургийн улсын их сургууль (СПБГУ)

-Доржи Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургууль (БГУ)

-Байкалын улсын их сургууль (БГУ)

-Арктикийн соёлын сургууль (АГИКИ)

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version