Гадаад харилцааFocus

Б.Батцэцэг: Цахим инновацын хүчийг ашиглаж, илүү тогтвортой ирээдүйд хүрэх ёстой

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын 80 дугаар чуулган “Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой хөгжилд цахим инновацыг ашиглах нь” сэдвийн хүрээнд Тайландын Хаант Улсын Бангкок хотноо 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр эхэллээ.

Тус чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 80 дугаар чуулган эхэлж, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг чуулганы даргаар сонгогдов. Чуулганы даргын үүрэгт ажлаа 79 дүгээр чуулганы дарга Тонга Улсын Гадаад хэргийн сайд Фекитамоэла Катоа Утойкаманугаас хүлээн авлаа.

НҮБ-ын АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы дарга, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг чуулганы үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Технологийн дэвшил ба уур амьсгалын өөрчлөлтийн уулзварт цаг үеийн тулгамдсан сорилтыг шийдвэрлэхийн тулд цахим инновацын хүчийг ашиглаж, илүү тогтвортой ирээдүйд хүрэх ёстой. Бүс нутгийн цахим инновацын хөгжил нь эрчим хүч, зам тээвэр, хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг олон салбарт тогтвортой хөгжлийг хангах ихээхэн боломжийг олгож байна.

Цахим инновацаар дамжуулан тогтвортой хөгжлийг эрэлхийлэхийн хэрээр өмнө нь тулгарч буй аливаа сорилтыг анхааралдаа авч үзэх ёстой. Технологийн ашиг тусыг хүн бүрт хүртээмжтэй байлгахын тулд цахим тэгш бус байдал, мэдээллийн нууцлал, кибер аюулгүй байдал зэрэг асуудлыг шийдвэрлэх нь чухал” гэдгийг онцлов.

Комиссын 80 дугаар чуулган нь бүс нутгийн хувьд чухал ач холбогдолтой сэдвийг хөндөж байгаагийн хувьд НҮБ-ын АНДЭЗНК нь цахим инноваци ба тогтвортой хөгжил хоорондын уялдааг бэхжүүлэх, бодит цахим шилжилтийг хангах шилдэг туршлага, технологийг хуваалцах стратегийн хамтын ажиллагааг дэмжихийг мөн уриалав.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version