НийгэмЭнэ сардФото сурвалжлага

М.Энх-Амар: “Шинэ хөдөө-Шинэ амьдрал” хөтөлбөр хөдөөг зорих нүүдлийг эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төвийн бүсийн зөвлөгөөн Өвөрхангай аймагт боллоо. Зөвлөгөөнд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын Мал эмнэлэг, үржлийн мэргэжилтнүүдийн төлөөлөл болсон 250 гаруй хүн оролцсон юм. Төвийн бүсийн зөвлөгөөнөөр салбарын 2018 оны бодлого, зорилт, түүний хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг ХХААХҮЯ-ны тодорхой асуудал хариуцсан дарга, мэргэжилтнүүд танилцуулж, аймгууд хоорондоо тэргүүн туршлагаа солилцож, санал бодлоо хуваалцсан билээ.

Энэ үеэр ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амартай ярилцсанаа хүргэж байна.

-Хөдөө аж ахуйн салбарын зөвөлгөөнийг бүс нутгаар нь зохион байгуулж байна. Энэ зөвөлгөөний онцлогийн талаар дурьдвал?

-Манай яам өнгөрсөн жилээс ХХААХҮ-ийн салбарын ажилчдын зөвлөгөөнийг сэргээж хийсэн. Энэ удаад хоёр дахь нь болж байна. Энэ жилийн  зөвлөгөөний онцлог нь мал аж ахуйн салбарт шинээрхэрэгжиж эхэлсэн хоёр хуулийн хэрэгжилтийг хангах, энэ хуулийг салбарын мэргэжилтнүүдэд илүү ойлгуулж таниулах зорилготой.

Мөн мал аж ахуйн салбарт чухал үүрэгтэй Бэлчээрийн тухай хуулийн төслийг танилцуулж санал авах болон салбарын 2018 оны эхний хагаст хийж хэрэгжүүлсэн бодлого, зорилтыг хэрэгжилт ямар байгаа талаар ярилцаж байна.

Түүнчлэн Салбарын сайд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр гаргасан зөвлөмж, албан даалгаварыг танилцуулж үүрэг чиглэл өгч байна. Аймгуудын ХХАА-ын байгууллагууд туршлага солилцохоос гадна зөвөлгөөнд оролцогчдын чөлөөт цагийг  зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор урлаг спортын  арга хэмжээ зохион байгуулж байна.

-Өнгөрсөн  жилийн зөвөлгөөний үр дүнг дүгнэвэл?  

-Салбарын хэд хэдэн хуулийг шинээр батлууллаа. Салбарын Дунд хугацааны хэд хэдэн хөтөлбөрүүдийг эхлүүллээ. Газар тариалангийн салбарт “Хүнсний ногоо”, “Жимс жимсгэнэ” гэсэн хөтөлбөрүүдийг Засгийн газраар батлуулж,  хэрэгжилтийг нь хянаад явж байна. “Малын эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр” болон хүнсний үйлдвэрлэл, хөнгөн  үйлдвэрийн чиглэлээр  “Үйлдвэржилт 21:100”  гэдэг Засгийн газрын мөрийн хөтөлбөр батлагдсан байна.

Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон нутгийн Хөдөө аж ахуйн газруудын үүрэг  оролцоо маш чухал. Мөн “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль” УИХ –аар хэлэлцүүлэгдээд дэмжигдээд явж байна.  Энэ хуулийн танилцуулга, “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээг орон нутагт танилцуулах зэргээр яамны бүх газар, хэлтсийн  хийж байгаа ажлуудаа танилцууллаа. Оролцож байгаа аймгууд маань өөрсдийнхөө зорилго зорилт, хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ бусаддаа танилцуулж, туршлага хуваалцаж байна.

-Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь ХХААХҮЯ-тай хамтран ажиллаад багагүй хугацааг өнгөрүүлж байна. Салбарын яамны зүгээс ямар бодлого баримтлан хамтран ажиллаж байгаа вэ?

-МБАНХ-той  хамтран “Бэлчээр хамгаалах тухай хууль”  болон бусад энэ чиглэлийн судалгааны ажлууд дээр идэвхитэй хамтран ажиллаж ирсэн. Олон улсын төсөл хөтөлбөрүүдийн хэмжээнд ч тэр МБАНХ-г дэмжин ажиллаж байна.

Тиймээс орон нутгуудаар хийж байгаа сургалтад хамт  оролцож байна. “Бэлчээрийн тухай хууль” болон түүнийг  дагасан тодорхой судалгааны ажлуудыг зайлшгүй хийх шаардлагай байдаг. Энэ ажилд хамтарч байна. “Бэлчээрийн тухай хууль”-ийн үзэл баримтлалыг ТББ-ууд, салбарын эрдэмтэн судлаачид, малчидтай хамтран боловсруулсан.

Энэ хуулиа Хууль зүйн яаманд, Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлсэн байгаа.  Хамтран сайд нар батлаад энэ намрын чуулганаар өргөн барих төлөвлөгөөтэй байна.

-“Бэлчээрийн тухай хууль”-ийг баталсанаар малчдын амьдрах газар нутгийн хуваарилалт, түүнийг дагасан бүх л асуудалд цэгцтэй болно. Энэ хуулийг илүү амьдралд нийцтэй болгоход малчдын зүгээс юунд анхаарах вэ?

-Малчдыг зайлшгүй хариуцлагажуулах асуудал гарч ирсэн. Мянган малтай айл,  цөөн малтай айлуудаас давуу байдлаар бэлчээр ашиглаж байгаа. Үүнийг зохицуулж, хамгийн багадаа хот айлаараа байх, малчдын бүлэг хоршоогоор дамжуулж, бэлчээрийг ашиглахдаа баримтлах дүрэм журмыг аймаг, сумдын ЗДТГ баталгаажуулна.

Бэлчээрийг ашиглаж байгаа малчдын бүлэг, хот айл, хоршоотой “Бэлчээр ашиглалтын гэрээ” хийж,  ашиглалтын хугацааг тодорхой зааж өгснөөр энэ харилцааг зохицуулах юм. Улмаар бэлчээрийн төлбөр, малын хөлийн татвар зэргийг ямар нэгэн байдлаар хуулийн хүрээнд асуудлыг шийднэ.

Бэлчээр ашигласаны төлбөрийг буцаагаад бэлчээрийн усан хангамж, бэлчээрийн ургамалын нэр төрлийг сайжруулах, бэлчээр ашиглалтыг сайжруулах  хамгаалах чиглэл рүү зарцуулна гэдэг тооцоо судалгаа хийгээд явж байна.

-Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа энэ цаг үед Өвөрхангай аймгийн Уянга суманд “Нэхмэлийн цех” байгуулах ажил эхэлсэн байна. Орон нутагтаа эхний ээжлинд сурагчийн дүрэмт хувцасны ноосон майкийг үйлдвэрлэх талаар “Монгол Нэхмэл” компанийн удирдлагуудтай ярилцлаа. Салбарын яамны зүгээс орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч болон үндэсний үйлдвэрлэгч нарт зориулан ямар  бодлого баримтлан ажиллах вэ. Энэ талаар?

-Салбарын яамны зүгээс “Жижиг дунд үйлдвэрлэлийн сан”-гийн мөнгийг нэмэгдүүлэх бодлогыг баримталж байгаа. Тиймээс 2019 оны төсөв дээр харьцангуй томоохон буюу 300 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг хүсч байгаа. Энэ нь эргээд “Үйлдвэржилт 21:100” жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа салбарыг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад зарцуулах юм.

Мөн аймаг орон нутагт хуваарилахдаа “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрт заасан чиглэлийн үйлдвэрийг барьж байгуулахад зээл тусламж үзүүлна. Тухайлбал, Ноос ноолуурын салбарын хувьд хөнгөлөлттэй зээл үзүүлж, зээлийн хөнгөлөлтийг улсын төсвөөс шийдэх юм. Энэ жилийн хувьд Хөгжлийн банкзаар дамжуулан Ноос ноолуурын салбарт тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээлийг олгосон байгаа.

Эцсийн бүтээгдэхүүн хийж байгаа үйлдвэрүүдийг маш хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл тусламжаар хангах, гадны хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр Хөгжлийн банк болон бусад Түншүүдтэй хамтран ажиллаж байна.

-Орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжиж өгсөнөөр “нутгийн брэнд”-үүд албан ёсоор үүсээд эхлэх юм байна, тийм үү?

-Тийм. Бид “Нэг суурин, нэг бүтээгдэхүүн” нэртэй аяныг зохион байгуулахаар төлөвлөж байна. Аймаг болгон өөрийн гэсэн онцлогтой. Тэр онцлогийг нь харуулсан брэнд бүтээгдэхүүн гаргах  боломж байна. Зарим аймгууд хэдийнэ өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлээд явж байгаа сайн туршлагууд байна. Энэ ажлыг улам сайжруулах, технологийн дэвшил нэвтрүүлэх,  гадаадад экспортлох боломжийг бий болгох, экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжих зэргээр ажлууд хийгдэнэ.

Гэхдээ сум болгонд, аймаг болгонд ноос угаагаад байхгүй.  Энэ бүгдийг зөв хийхийн тулд аймаг болгоны зах зээлийн судалгааг сайтар хийж, дараа нь барьж байгуулах талаас нь яамны зүгээс тодорхой чиглэлүүдийг өгч байгаа. Өнөөдрийн байдлаар Ноос ноолуурын салбарт угаах, боловсруулах шатны хүчин чадал хоёр дахин их байгаа. Тэгэхээр одоо самнах, ээрэх, сүлжих буюу эцсийн бүтээгдэхүүн болгох чиглэлээр технологийн шатанд үйл ажиллагааг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай.

-Хөдөө аж ахуйн ялангуяа мал аж ахуйн салбарт залуу малчид цөөрч байна. Малчдын залгамж халааг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал яригдах болсон. Яамны зүгээс энэ асуудалд ямар бодлого баримталж байгаа вэ?

-Энэ чиглэлээр зөвхөн ХХААХҮЯ-наас гэлтгүй салбар дундын, бодлогын асуудал авч хэрэгжүүүлэхээр ярилцаж байна. Тухайлбал, НХХЯ, БСШУЯ ЭМЯ-уудтай хамтраад зөвхөн “Залуу малчин” гэлгүй “Залуу газар тариаланч”-ийг орон нутагт илгээхийг зорьж байна. Хот суурин газар шилжиж ирсэн, тодорхой эрхэлсэн ажилгүй гэр бүлийг орон нутагт ажиллах боломжийг хангах чиглэлээр “Шинэ хөдөө-Шинэ амьдрал” хөтөлбөрийг боловсруулаад яамдуудаас санал авах түвшиндээ явж байна.

Энэ ажилд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулж, хөдөө орон нутагт ажиллах сонирхолтой гэр бүлийг бүртгэж судалгаа авч байгаа. Үнэхээр олон малтай малаа хариулж дийлэхгүй байгаа малчдын туслах малчнаар ажиллавал эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлж, тодорхой хөнгөлөлттэй нөхцлөөр малжуулах, гэртэй болгох юм.

Нийслэлээс тухайн гэр бүлийн тээврийн зардлыг нь хариуцах гэх мэтээр цогцоор нь харж, арга хэмжээ авах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Гол нь энэ ажлыг эхлэхэд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгөний асуудал яригдаж байгаа тул ямар хэлбэрээр  өрнүүлэх талаарх гаргалгааг гаргаж байна.

-Энэ хөтөлбөр маань хэзээнээс ажил хэрэг болон хэрэгжих вэ?

-Бид энэ онд эхлээд 500 гаруй өрх айлийг хотоос гаргаж, 500 яндан цөөрнө гэж тооцоолсон ч хөрөнгө мөнгөний асуудал хүндрэлтэй байгаа тул ирэх жил ажил хэрэг болгоно. Нийтдээ 3-5 мянган өрхийг залуу малчин, залуу тариаланч хэлбэрээр Улаанбаатар хотоос  орон нутаг руу шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Малыг нь авч өгөөд, амьдрах нутгийг нь зааж өгнө. Тэгээд малынхаа тэдэн хувийг хэдэн жилийн дотор эргүүлж төлөх ёстойг тогтож, Нийгмийн  даатгал, ЭМД-ийн шимтгэлийг нь төлж, нүүх зардал унааг нь шийдээд өгчихвөл хотоос хөдөөг зорих нүүдэл эхлэнэ  гэж хараад байгаа.

-Судалгаа хийж үзсэн үү. Хотоос хөдөө орон нутаг руу нүүх сонирхолтой айл өрх хэр их байгаа вэ?

Бид дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэсүүдээр дамжуулан судалгаа авсан. Судалгаанд оролцогчид таатай хүлээж авсан. Гол нь ганцаараа биш гэр бүлээрээ явна. Аймаг орон нутагт очиж ажиллахад хүүхэд багачуудыг нь сургууль цэцэрлэг, дотуур байранд байлгах асуудлыг зохицуулна гэсэн санал тавьсан. Хөдөө явахыг хүссэн хүмүүсийн бүртгэл хангалттай бий болсон.

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

3 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
!3456465476576588tytryutrutr
6 Жил

Enkhamraa Hotoos hodooruu chiglesen nuudel ehluuchih sanaa chini show bitgii l baigaasai uneheer Ta nar tanai yam sain ajillaj chadah yum bol ehneesee hodoo l amidrah huseltei baigaa bolomjiig ni… Цааш унших

Зочин
6 Жил

Бэлчээрийн хууль нүүдэлчин Монгочуудад тохирохгүй хэрэггүй зүйл хийж байхаар хуучин ажиллаж байсан үйлдвэрүүдийг хөдөөд сэргээх хэрэгтэй . Сүү тос цагаан идээг сайхан хийгээд зарах борц хийх наад захын юмаа өөд… Цааш унших

Зочин
6 Жил

Malaa toolood huuruud baihaar hotod hiih ajilgui shoudaj gemt hereg hiigeed guij yvaa zaluuchuudiig oron nutag ni asuuj surj butsaah heregtei bainaa. nutgiin zuvlul ni henii hen ajilgui hotod baigaa… Цааш унших

Back to top button
wpDiscuz
3
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version