О.Оюунчимэг: Энэ сарын 11-14-нд зарим нутгаар бороо, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурна
УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл /2024.04.10/ хийх үеэр Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг танилцууллаа. Тэрбээр, “Дөрөвдүгээр сарын 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.
- Дөрөвдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр
- Дөрөвдүгээр сарын 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар
- Дөрөвдүгээр сарын 14-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр, бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Тодруулбал, дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Увс, Завхан, Архангайн нутгаар цасан шуурга аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ.
Дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Завхан, Архангай, Булган, гуравдугаар сарын 13-14-нд шилжих шөнө Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл болохыг онцгойлон анхааруулж байна.
Дөрөвдүгээр сарын 12-нд Алтайн уулархаг нутгаар, 13-нд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийн нутгаар 18-24м/с хүрч, шороон шуурганы аюултай үзэгдэл болох төлөв гарлаа” гэв.