ЯрилцлагаСЕХОнцлох

Т.Гүенбаатар: Сонгуульд оролцож саналаа өгөх нь иргэдийн улс орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлага

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил, сонгогчид саналаа өгөхөд юуг анхаарах талаар Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гүенбаатартай ярилцлаа.

-Яг одоогийн байдлаар сонгуулийн бэлтгэлтэй холбоотой ямар ажил өрнөж байна вэ?

-Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн нэгдүгээр сарын 9-ний өдөр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь баталсан. Энэ хуваарийн дагуу холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Сонгогчдын санал авах, тоолох зорилгоор 2187 хэсэг байгуулахаар сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэрлэсэн.

Сонгуулийн тойрог томссон, сонгогчдын тоо өссөнтэй холбоотойгоор өмнөх сонгуулиас хэсгийн тоо 100 гаруйгаар нэмэгдсэн байна. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог ирэх сарын 19-ний өдрөөс өмнө, сум, дүүргийн сонгуулийн хороог 29-ний өдрөөс өмнө байгуулна. Улмаар сум, дүүргийн сонгуулийн хороо тавдугаар сарын 14-ний өдрөөс өмнө хэсгийн хороогоо байгуулна.

-Хэсгийн хороодод ажиллах хүнийг бэлтгэх, сургах ажлыг сонгууль болгоноор хийдэг байх аа…?

-Сонгуулийн хороодод ажиллах хүний нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нээлттэй сургалтад хамрагдаж, гэрчилгээ авснаар сонгуулийн хороодод ажиллах эрх үүсдэг.

Өмнөх сонгуулиар 18 мянга орчим төрийн албан хаагч сонгуулийн хороодод ажилласан. Дээр хэлсэнчлэн тойрог томссон, хэсэг нэмэгдсэн, сонгогчдын тоо өссөн шалтгаанаар 26 мянган албан хаагч ажиллах тооцоо байна. Эдгээр албан хаагчдыг www.e-election.mn цахим системээр бүртгэж байгаа.

Сонгуулийн хороодод ажиллах хүсэлтэй төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид www.e-election.mn цахим системд бүртгүүлж, холбогдох хичээлийг бие даан судалж, сорил өгснөөр гэрчилгээ авна. Тухайн аймаг, сум, хэсгийн хороонд ажилламаар байна гэдэг хүсэлтээ мөн л цахимаар гаргасны үндсэн дээр томилох юм.

Одоогоор гурван мянга гаруй төрийн албан хаагч бүртгүүлээд хичээлээ судалж байна. Гэрчилгээгээ авч шат шатны сонгуулийн хороодод томилогдсон албан хаагчдад зориулсан давтан сургалтыг манай албан хаагчид 21 аймаг, есөн дүүрэгт ажиллаж зохион байгуулдаг.

 -Сонгуульд ажиллах хүмүүсийн цалин хөлс ямар байгаа вэ. Ажиллах хүчний дутагдал гарах уу?

-Хүн ам олонтой аймгийн төв, дүүрэг болон төрийн албан хаагч цөөтэй сумдад хүний нөөц бүрдүүлэхэд хүндрэлтэй байдаг. Сонгуулийн хороодод ажиллах албан хаагчдынхаа ажлын байрыг хадгалж, цалин хөлсийг нь хасахгүйгээр олгож хуулиа биелүүл гэдэг үүднээс төрийн захиргааны төв байгууллага, агентлагийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулах арга хэмжээ авч байна. Сонгуулийн хороодод ажиллах албан хаагчдад хуульд заасны дагуу урамшуулал олгодог.

-Энэ жилийн хувьд сонгуулийн ирц хүрэх эсэх асуудлаар тооцоо судалгаа хийсэн үү. Сонгуулийн ирцийг бүрдүүлэх чиглэлд ямар ажил хийгдэх вэ?

-Сонгуульд оролцож саналаа өгөх нь иргэдийн төрийн эрхийг төлөөллөөрөө дамжуулан барих эрхээс гадна улс орныхоо өмнө хүлээсэн том үүрэг хариуцлага. Тиймээс сонгуульд оролцож буй нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй сайтар танилцаж, судалж, хариуцлагатайгаар сонгуульд оролцох хэрэгтэй.

Сонгуулийн хууль тогтоомжийг сонгогчдод тайлбарлан таниулах, мэдээлэл өгөх, сонгуулийн боловсрол олгох зорилгоор залуу сонгогч, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, улс төрийн намын гишүүд, төрийн албан хаагчид гэхчлэн сургалтын олон төрлийн хөтөлбөр гаргаж 2024 оны нэгдүгээр сараас хойш долоо хоногт 2-4 удаагийн сургалт зохион байгуулж байна. Бусад төрийн байгууллага, сонгуулийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд ч мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулсаар байгаа.

Мөн сонгогчдод зориулсан гарын авлагыг тараахаар бэлтгэж байна. Сонгох эрхийг хангах чиглэлээр Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллаж, байнга оршин суугаа хаягаасаа өөр газар ажиллаж байгаа иргэдийг санал өгүүлэхээр орон нутаг, уул уурхайн компаниудтай уулзалт хийсэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд ажилчдынхаа сонгох эрхийг хангах тодорхой арга хэмжээ аваач гэдэг хүсэлтийг Компанийн удирдлагад тавьж байна.

-Төв суурин газраас алслагдсан бүсэд амьдарч байгаа иргэдийг сонгуульд хэрхэн оролцуулах вэ. Зөөврийн хайрцгаар саналаа өгөх үү?

-Хуульд бол алслагдсан бүсэд амьдарч байгаа иргэдээс зөөврөөр санал авна гэж тусгагдаагүй. Эрүүл мэндийн байдлаас шалтгаалж санал авах байранд очиж чадахгүй, нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа болон захиргааны журмаар албадан саатуулагдсан, хэвтэн эмчлүүлж байгаа болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогчдын саналыг өөрийнх нь хүсэлт, эмнэлгийн магадалгаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авдаг. Алслагдсан бүсэд амьдарч буй иргэд тухайн орон нутгийнхаа сонгуулийн хэсэгт очиж саналаа өгнө.

-Сонгууль яг хэдний өдөр, хэдэн цагаас хэдэн цаг хүртэл үргэлжлэх вэ?

-Санал авах өдөр 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр 07:00-22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Гадаад улсад амьдарч байгаа иргэдээс санал авах өдрийг 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд байхаар тогтоосон.

-Гадаадад байгаа иргэдийнхээ саналыг хэрхэн авах вэ?

-Дипломат төлөөлөгчийн газар буюу салбар комисст зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө сонгуульд оролцохоо цахим шуудан, факс эсвэл биечлэн мэдэгдэх ёстой. Улмаар зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдийн аль нэгэнд тухайн Улсынхаа цагаар 07:00-22:00 хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт байрлах санал авах байранд иргэний үнэмлэх, эсвэл үндэсний гадаад паспортыг авч очин саналаа өгнө.

Гадаад улсад санал хураалтын үйл ажиллагааг зохион байгуулах төв комисс дөрөвдүгээр сарын 29-өөс өмнө байгуулагдах бөгөөд байгуулагдсан даруйд санал хураалт болоод урьдчилан бүртгүүлэх талаар нарийн зааварчилгаа мэдээллүүдийг дипломат төлөөлөгчийн газруудаараа дамжуулан түгээх болно.

-Сонгуулийн саналын хуудас хэзээ танилцуулагдах вэ?

-Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл болон бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 14-20-ыг дуустал үргэлжилнэ. Үүний дараа саналын хуудаст бичигдэх нэрс тодорхой болно. Өмнө хэлсэнчлэн саналын хуудасны хэмжээ нэмэгдэх магадлалтай байгаа. Гэхдээ сонгогчдод аль болох эртнээс танилцуулахаар ажиллаж байгаа.

-Ямар тохиолдолд саналын хуудас хүчингүй болох вэ?

-Саналын хуудас тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх, нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх гэсэн тус тусдаа хэсэгтэй байна. Сонгогч мандатын тооноос цөөн эсвэл илүү дугуйлбал санал тоолох төхөөрөмж уншихгүй, хүчингүй болно.

-Хэрэв саналын хуудас дээрээ алдаа гаргавал дахин саналын хуудас авах боломжтой юу?

-Нэг удаа дахин хуудас авч болно.

-Намуудын жагсаалтад багтсан улстөрчдийн нэрсийг тойрог бүрээр нь гаргах уу, эсвэл улс даяар зарлах уу?

-Улс даяар нэг л жагсаалт гарна. Жагсаалт буюу хувь тэнцүүлэх (пропорционал) гэдэг маань тухайн намд өгч байгаа сонгогчдын санал юм. Тэгэхээр Монгол Улс нэг тойрог гэсэн үг.

-Сонгуульд оролцох нам бүр жагсаалтад багтах нэрсээ заавал 48 болгох шаардлагатай юу. Дутуу жагсаалт гаргаж болох уу?

-Болно. Гэхдээ жагсаалтаас суудал хуваарилалтад оролцох хуульд заасан хоёр шаардлага бий. Нэгдүгээрт, тухайн нам тойрогт нэр дэвших 78 нэр дэвшигчийн 50 хувиас дээш нэр дэвшүүлсэн байх. Хоёрдугаарт, нам, эвсэлд өгсөн нийт саналын дөрвөн хувь буюу түүнээс дээш, хоёр нам бүхий эвсэл болбол таван хувь, гурав ба түүнээс дээш нам бүхий эвсэл бол долоон хувийн санал авсан бол суудал хуваарилалтад оролцоно.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version