НийтлэлМГБССНВидеоОнцлохЭрүүл мэнд

“Өсвөрийн эмч” нар үе тэнгийнхэнтэйгээ мэдлэгээ хуваалцана

Монгол улсад өсвөр үеийнхний жирэмслэлт өндөр буюу 15-19 насны 1000 охид тутмын 40 нь төрдөг ба хүсээгүй жирэмслэлтийн уршгаар энэ насны жирэмсэн охидын 14.1 хувь үр хөндүүлж байна гэсэн судалгааг НҮБ-аас гаргажээ. Монгол Улсад жилдээ 4000 орчим өсвөр насны охид хүүхэд төрүүлж буй бөгөөд дийлэнх нь хүсээгүй жирэмслэлт байдаг аж. Мэдээлэл дутмаг, жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийн талаарх мэдлэг ойлголт хангалтгүй байдаг тул энэ талаар охид, хөвгүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх, үе тэнгийн сургагч багш бэлтгэх ажлыг Mонголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгээс зохион байгуулж байна.

Иймд тус нийгэмлэгийн Улаанбаатар  дахь “Өсвөрийн эмч” клубын гишүүдэд “Үе тэнгийн сургагч бэлтгэх” ээлжит сургалтыг  /2024.04.04-05/ зохион байгуулаа. Энэ удаагийн сургалтаар “Сайн дурын ажил гэж юу вэ?, Үе тэнгийн сургагч гэж хэн бэ?, Нөхөн үржихүйн эрүүл мэнд ойлголт ба өсвөр үеийнхний НҮЭМ асуудлууд, Нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо түүний ач холбогдол, Үр тогтолт ба жирэмслэлт бэлгийн ариун цэвэр ба эрүүл ахуй, Гэр бүл төлөвлөлт ба жирэмслэхээс хамгаалах арга хэрэгсэл, бэлгийн замаар дамжих халдвар, хүний эрх бэлгийн чиг баримжаа, жендэр” зэрэг сэдвүүдээр мэргэжлийн эмчийн сургалт, мэдлэгээ сорин багаар ажиллах зэргээр мэдлэг, мэдээлэлтэй болцгоов.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, 1994 онд байгуулагдсан Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг нь НҮБ-ын нийгэм, эдийн засгийн зөвлөлтэй онцгой зөвлөлдөх статустай Монгол Улс дахь анхны төрийн бус байгууллага юм. Байгуулагдсан цагаас тасралтгүй, тогтмол үйл ажиллагаа явуулсаар өдгөө 30 дахь жилийн түүхийн хуудсаа бичиж явна. Тиймээс Mонголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг ТББ-аас бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц боловсрол олгох үе тэнгийн сургагч багш, сайн дурынхны тусламжтайгаар өсвөр үеийнхэнд үнэн зөв, мэдээлэл өгөхийг зорин ажилладаг. Энэ хүрээнд 16 аймгийн салбар болон Улаанбаатар дахь “Өсвөрийн эмч” клубын гишүүдээрээ дамжуулан үе тэнгийн сургагч багш бэлтгэн ажилладаг билээ.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version