Уянга сум “Нэхмэлийн цех”-ээ өргөжүүлж, сурагчийн цамц үйлдвэрлэнэ
Өвөрхангай аймгийн Уянга суманд “Нэхмэлийн цех” байгуулах ажил эхэлжээ. Тус сумын Бизнес хөгжлийн төвийн байранд байрлах тус цех одоогоор 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Захиалга авч үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлээгүй тул суралцагчид дадлагын нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм байна. Тэдний үйл ажиллагаатай МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, “Монгол нэхмэл” компаний захирал Р.Энхболд, Өвөрхангай аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захnрал Л.Жаргалбаатар нар танилцсан юм. Нэхмэлийн цехийн үйл ажиллагааг Уянга сумын БАХ-ны дарга Р.Содномцэрэн болон дадлагжигч н.Адьяадулам, н.Нансалмаа нар танилцуулсан юм.
Энэ үеэр дадлагжигч нар хэлэхдээ “Бид долоо хоногийн сургалтад суусан. Эхний өдөртөө л хийгээд сурчихсан. Одоо бидэнд уурын индүү, угаалгын машин хэрэгтэй байгаа. Нэхмэл утсаараа бүтээгдэхүүн хийгээд дуусахаар их гоё санагддаг. Хамгийн гол нь хийхдаа сайн анхаарах хэрэгтэй. Олон жижиг зүүг жигд ажлуулахгүй бол нэхмэл маань цоорхой болчихно. Нэгийг л сул хаячихвал цоорхой болчихдог. Сум орон нутагтаа үйлдвэрлэл эрхэлж, ирээдүйд хүүхдүүдэд хэрэгтэй юм хийнэ гэж бодохоор бахархал дүүрэн хийж байна. Цаашид бид сумынхаа иргэдийн захиалсан нэхмэл хувцас хийж өгдөг болно” хэмээн өгүүлж байлаа.
Өвөрхангай аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал Л.Жаргалбаатар
Сумын иргэд өөрийн гэсэн үйлдвэрлэлтэй болъё гэдэг хүсэлтээ сумын удирдлагууд, иргэдийн зүгээс ч илэрхийлсэн учраас бид бүх боломжоо дэмжин ажиллаж байна. Тиймээс та бүхэнд хандаж байгаа юм. Бид хүмүүсээ илүү сайн сургахыг хүсэж байна. Одоогоор хөгжлийн шатандаа яваа тул томоохон захиалга энэ тэрд анхаарлаа хандуулж амжаагүй байна.
“Монгол нэхмэл” компаний захирал Р.Энхболд
Монгол хонины ноосны ач холбогдол их. Сумын сургуульд сурч байгаа хүүхдүүд малчдын хүүхдүүд. Бидэнд малчид маань ноосоо бэлдээд өглөө, харин бид утас болгон боловсруулаад өгнө. Та бүхэн эндээ ноосон цамцыг үйлдвэрлээд хүүхдүүддээ өмсүүлчихнэ. Ийм л зүйл Монгол улсад хэрэгтэй. Сайн байна. Одоо энэ жижиг цехэнд угаалгын машин, уурын индүү хэрэгтэй юм байна. Бид та бүхэнд хэрэгтэй нэхмэлийн технологийн картыг өгнө. Ажлыг нь дэмжиж үйлдвэртээ сургалтад хамруулах бүрэн боломжтой. Цаашдаа орон нутагт жишиг нэхмэлийн цех болгон өргөжүүлэх талаар хамтран ажиллая.
МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг:
Уянга сумын бэлчээр ашиглагчдын холбоо “Сүлжих цех” ашиглалтад оруулж эхлээд байна. Сумын Засан даргын зүгээс дэмжлэг үзүүлж “Бизнес хөгжлийн төв”-д үнэ төлбөргүй байр гаргаж өгсөн байна. Цаашид “Монгол нэхмэл” компанитай хамтран сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхээр төлөвлөлөө. Улмаар БАХ-ийн дундын мөнгөн хуримтлалын үйл ажиллагаагаа сайжруулж, “Бэлчээр ашиглах гэрээ” байгуулах бэлтгэл ажлаа хийж байгаа юм байна. Цаашид “Сум хөгжүүлэх сан”, “Орон нутгийн хөгжлийн сан”-д төсөл бичиж өргөжүүлэх боломж байна.
Уянга сумын БАХ-ны дарг Р.Содномцэрэн:
Би Цагдаагийн байгууллагад олон жил ажилласан, өндөр насны тэтгэвэрт гараад өөрийн санал хүслээр Уянга сумын Бэлчээр ашиглагчдын холбооныхоо ажлыг сумандаа төлөөлж хийдэг. Өнгөрсөн оны сүүлээр манай сум бэлчээр ашиглагчдынхаа шугамаар 500 орчим малчин айл өрх бүрээс 25 мянган төгрөг цуглуулж “Хамтын сан” бий болгон ажиллаж байна. Одоо дансандаа 5 орчим сая төгрөгтэй байгаа. Өнгөрсөн Цагаан сарын үеэр Хамтын сангаасаа айл өрхүүдэд зээл өгч одоо зээлийн хугацаа дуусаад эргэн төлөлт хийгдээд явж байна.
Үүнийхээ хажуугаар бид сумынхаа “Бизнес хөгжлийн төв” дээр Нэхмэлийн жижиг цех байгуулья гэсэн хүсэлтээ аймгийнхаа Хоршоодын холбооны дарга, Өвөрхангай аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал Л.Жаргалбаатар даргад илэрхийлсэн юм. Бид харилцан ярилцаж тохиролцоод Улаанбаатар хотоос 6 төрлийн машин авчирч, 10-аад хүнд “Монгол-Солонгосын коллеж”-ийн мэргэжлийн багшаар сургалт хийлгэсэн.
Сайн сургахын төлөө хичээсний үр дүнд 3-4 хүн гайгүй сайн сурч байна. Богино хугацаанд дадлагжих маягаар сургасан ч цаашдаа туршлагажиж, цех болон өргөжих бүрэн боломжтой нь харагдаж байна. Тиймээс бид сумынхаа дунд сургуулийн хүүхдийн сурагчийн дүрэмт хувцасны ноосон цамц, майкийг үйлдвэрлэх хүсэл зорилготой байна.
Цехээ өргөжүүлэхэд мэргэжлийн хүний тусламж, дэмжлэг зааварчилгаа хэрэгтэй тул үйлдвэрлэгч нартай хамтран ажиллах гэрээ хэлцэл байгуулах зорилгоор “Монгол Нэхмэл” компаний удирдлагатай уулзаж байна.
Бэлчээрийн хувьд манай сум нь Өвөрхангай аймгийн Хар хорин Хужирт сумын дараа ордог 9800 гаруй хүн амтай томоохон сумын нэг. Сумын хэмжээнд 8 баг, 600 орчим өрх бий. Тиймээс бид Бэлчээр ашиглалтын журмыг идэвхитэй дагаж байгаа газрууддаа “Бэлчээр ашиглалтын гэрээ”-г мэргэжлийн хүмүүсийн туслалцаагаар хийе гэсэн бодлоготой байна. Манай Уянга суманд 6 түмэн сарлагтай. Өнгөрсөн онд 6 түмэн сарлагийн баяр тэмдэглэсэн. Бидэнд түүхий эдийн нөөц хангалттай бий.
П.Нарандэлгэр