ОХУ-аас хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Москва мужийн Красногорск хотын “Крокус Сити Холл” концертын танхимд гуравдугаар сарын 21-нд болсон террорист халдлагад гэм зэмгүй олон энгийн иргэн амь насаа алдаж, шархтаж бэртсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлэв.
Мөн тэрбээр зудын хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулан ОХУ-ын Засгийн газраас 8500 тонн тэжээлийн буудайг хүмүүнлэгийн тусламжаар олгосонд талархал илэрхийлээд энэхүү тусламж хүнд цаг үеийг даван туулахад манай малчдад ихээхэн тус дөхөм болж байгааг тэмдэглэв.
Уулзалтын үеэр талууд энэ онд тохиож буй Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ой, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн 75 жилийн ойг ёслол төгөлдөр хамтран тэмдэглэхийн ач холбогдлыг онцолж, Иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан хоёр талын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд хоёр талын худалдааг хөнгөвчлөх нөхцөлийг бүрдүүлэх, дэд бүтэц, эрчим хүчний салбаруудад бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, хүмүүнлэгийн солилцоог нэмэгдүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ.