Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгын Боомтын сэргэлт форумд (МҮХАҮТ) хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Өнөөдрийн энэхүү форумд хүрэлцэн ирсэн эрхэм бизнес эрхлэгчид болон, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын гишүүд, Танхимын Ерөнхийлөгч Энхтүвшин та бүхэнд чин сэтгэлийн халуун мэнд өргөн дэвшүүлье.
Монгол Улсын Засгийн газар, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Гадаад Харилцааны Яам, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулж буй Боомтын сэргэлт үндэсний форумын өнөөдрийн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье.
Юуны өмнө Та бүхэнд баяртай мэдээ дуулгая. БНХАУ-тай Замын-Үүдийн авто замын боомтыг 24 цагаар ажиллуулах тухай албан ёсны шийдвэрийг Замын-Үүд боомтын цогцолборын нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан ёсоор зарлалаа.
Монгол Улсын Засгийн газраас боомтын сэргэлтийн үндэсний хороог 10 яам болон Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, Монголын ложистикийн холбоо нэг баг болон хамтран ажиллаж байна.
Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран өнөөдрийн форумыг зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү форумаас ажил хэрэгч санал санаачилгууд гарч, Засгийн газар, УИХ-д шийдүүлэх асуудлаа бизнес эрхлэгч, аж ахуй нэгж, байгууллагууд та бүхэн чөлөөтэй тавин, холбогдох байгууллагууд уг санал, санаачлагыг ажил хэрэгчээр дэмждэг сайн тогтолцоо, сайхан жишиг тогтоно гэдэгт найдаж байна.
Цаашид энэхүү форумыг уламжлал болгон, жил бүр зохион байгуулах бөгөөд Худалдаа аж үйлдвэрийн танхим, түүний салбар, гишүүн байгууллагууд хариуцан зохион байгуулах болсонд талархал илэрхийлье.
Шинэ сэргэлтийн бодлогын нэг онцлог нь бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгаж, төр ба хувийн хэвшлийн түншлэлийг дараагийн шатанд гаргаж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийнхээ санаачилга, ур чадвар, туршлагыг Монгол Улсын хөгжлийн цөм хэмээн үзэж байгаад оршино.
Өнөөдөр өглөө Хилийн боомтын захиргааны дарга, хилийн боомтын бүрэн эрхт төлөөлөгч Б.Батхишиг, Боомтын сэргэлтийн үндэсний хороон даргын зөвлөх Э.Эрдэнэжамъян, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны гишүүн бөгөөд МҮХАТ-ын “Эдийн засгийн коридор, боомт, тээвэр ложистикийн зөвлөлийн дарга А.Мөнхболд нарын тавьсан илтгэл, танилцуулгаас Боомтын сэргэлтийн бодлого, ерөнхий ойлголт, хийгдэж буй ажлууд ба төсөөллийн талаарх мэдээллийг сайтар авсан гэж итгэж байна. Түүнчлэн өнөөдөр, маргааш тавигдах бусад илтгэл, танилцуулгууд ч Боомтын сэргэлтийн талаар бид бүгд нэг зүгт харж, зорилго, зорилтоо нэгтгэн, үр дүнд хүрнэ гэж итгэж байна.
Тиймээс би бусдын илтгэл, хэлэлцүүлэгтэй аль болох давхцуулалгүйгээр дараах хэд хэдэн асуудлыг хөндье.
Нэгт: Боомтын сэргэлтийн үндсэн зорилго нь боомтоор дамжин хийгдэх худалдааг дэмжих, хөнгөвчлөх, боомтоор дамжин ажил бизнес эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүд аль болох ахиу ашиг орлого олох, улмаар боомт нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн бүтэц, чадавхтай болж эдийн засгийн өсөлтийг эрс нэмэгдүүлэхэд чиглэх ёстой.
Боомтын хөгжил ярихын тулд эхлээд төр ба хувийн хэвшлийн түншлэлийн тухай ярих хэрэгтэй. Бид одоохондоо төр ба хувийн хэвшлийн тухай хоёрлосон харилцааг л хөндөж байгаа. УИХ-аас төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг баталсан ба, Монгол улсын хилийн тухай хуульд ч төр хувийн түншлэлийг боломжтой нээлттэй тусгаж өгсөн байдаг. Харин судлаачид, эрдэм шинжилгээний байгууллагын талаар аль ч хууль бодлогод хараахан тусаагүй, ач холбогдлыг нь бүрэн гүйцэт үнэлээгүй хэвээр байна. Аливаа улс хөгжих үндсэн түншлэлийн хэлбэр нь хоёр талтай бус гурван талтай байна. Төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага бол хөгжлийн тулгын гурван чулуу юм.
Манай хөрш улсууд ч гадаад дотоод худалдаа, аж үйлдвэрийн хөгжил түүн дотроо боомтын хөгжил, чөлөөт бүсүүдийг тусгайлан судалдаг, судлаачдыгаа маш өндөр түвшинд авч үздэг төдийгүй төлөвлөлт судалгааны хүрээлэнгүүд, тэдгээрийн судалгааны ажлын үр дүнд тулгуурлан хөгжлийн бодлого шийдвэрээ гаргадаг.
Миний бие боомтын сэргэлтийн хороог даргалж эхэлснээс хойш гадаад худалдаа, аж үйлдвэр, чөлөөт бүс, хөгжлийн талаар судалдаг монголынхоо тэргүүлэх эрдэмтэд, хөрш орны судалгааны байгууллагуудтай нягт хамран ажиллаж байна. Манай улсын хувьд худалдаа, аж үйлдвэр тэр дотроо боомтын талаар судалдаг судлаачдын эрэлт хэрэгцээ, орон зай их байгаа бөгөөд энэ чиглэлээр их дээд сургуулиуд тусгайлсан хүний нөөц бэлтгэх хэрэгцээ шаардлага зайлшгүй байна.
Өөрөөр хэлбэл, аливаа салбарыг хөгжүүлье гэвэл тухайн салбарын суурь судалгааг, түүн дээр үндэслэсэн төлөвлөлтийг хийж гүйцэтгэдэг чадавхыг бүрдүүлэх нь чухал юм. Боомтын сэргэлтийн үндэсний хорооны зүгээс Худалдаачин үндэстэн санаачилгыг дэмжин ажилласан ба төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудад ч боомтын менежментийн чиглэлээр хамтран ажиллах санал хүргүүлээд байгаа юм. Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дэргэд цугласан эрдэмтэн судлаачидтайгаа хамтран цаашид энэ талаар илтгэл, лекц, судалгаа, бодлогын шинжтэй асуудлыг өргөн хүрээнд танилцуулж ажиллах байна” гэв.