Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн танилцуулга
Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах нийгэм болон хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүднээс Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд дараах зохицуулалтыг тусгасан. Үүнд:
1) Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөл хүртээмжийг нэмэгдүүлж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах замаар замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх, агаарын болон хөрсний бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулахад анхаарч гэр хорооллыг орон сууцжуулахтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгалаа.
2) “Замын хөдөлгөөний түгжрэл”, “Нийгмийн зайлшгүй хэрэгцээ” зэрэг нэр томьёог тодорхой болгож, хуулийн үйлчлэх хүрээг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэр байхаар тогтоож өгсөн.
3) Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор авто зогсоолын төрөл, тэдгээрт тавигдах нийтлэг шаардлагыг хотын стандартаар тогтоох, авто зогсоолын менежментийг сайжруулах, нэгдсэн системтэй болгох зохицуулалтыг тодорхой болголоо.
Авто зогсоолын менежментийг зөв зохистой хэрэгжүүлснээр иргэд авто замын зорчих хэсгийн дагуу хөдөлгөөнд саад учруулж олон цагаар үнэ төлбөргүй автомашинаа байршуулах явдлыг цэгцэлж, авто зогсоолыг төв замд бус замын хөдөлгөөний эрчим багатай холбоос замд байршуулах ажлыг төлөвлөх боломжтой болохоос гадна хяналтын төхөөрөмжийн тусламжтайгаар зогсоолын дүүргэлт, багтаамж, хүчин чадлыг харгалзан ойролцоох зогсоолыг санал болгох мэдээллийн тогтолцоо бий болох нөхцөл бүрдэх юм.
4) Авто замын түгжрэлийг зохицуулах дараагийн арга хэмжээ нь нийслэл Улаанбаатар хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг хязгаартайгаар олгох зохицуулалт бөгөөд тээврийн хэрэгслийн өсөлт, авто замын сүлжээний нягтрал, замын хөдөлгөөний түгжрэлийг харгалзан нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоож байх зохицуулалтыг тусгалаа.
5) Мөн нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх үндэслэлийг тодорхойлж, уг шийдвэрийг гаргахад иргэдийн оролцоог ханган тухайн төсөл, арга хэмжээний нөлөөлөлд өртөж байгаа газар өмчлөгч, газар эзэмших эрхтэй этгээд, улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч иргэн, хуулийн этгээдийн 70-аас доошгүй хувийн дэмжлэгийг авсан байхаар, түүнчлэн хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байршилд заасан гэр хорооллыг нэн түрүүнд орон сууцжуулах, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд заасан хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлэх, тус үйл ажиллагааг нийслэлийн өмчит гэр хорооллыг орон сууцжуулах байгууллага хэрэгжүүлэхээр хуульчилсан.
Мөн “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан бөгөөд тогтоолоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан. Үүнд:
1) Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 3-т заасан Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийн хэмжээг бууруулахгүйгээр хилийн цэст өөрчлөлт оруулах асуудлыг судлан шийдвэрлүүлэх, уг нутаг дэвсгэрт үүссэн суурьшлын бүсийг нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн иргэдийн хотын нийтийн аж ахуйн үйлчилгээ авах эрхийг хангах арга хэмжээ авах;
2) Улсын хэмжээнд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар албадан чөлөөлөхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор хуулийн төсөл боловсруулж, Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлэх;
3) Нийслэл Улаанбаатар хотын орон сууцны байшингийн цахилгаан шатны болон дулааны техникийн шинэчлэл /фасад, дээвэр, босоо шугам, хаяавч, узель/-д шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт тусгаж шийдвэрлэх;
4) Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг 2023 оны 12 дугаар сард багтаан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
5) Зөвшөөрөлгүй нийтийн тээвэр, таксины үйлчилгээ эрхэлсэн бол Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл нь цахим платформд бүртгэлтэй зорчигч тээвэрлэдэг иргэнд хамаарахгүй байхаар зохицуулах зэрэг болно.
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид буцаасан болно.
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр баталсан.
Хамт батлагдсан Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс, бусад хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, баталгаажуулах үндсэн эрх хангагдах боломж бүрдэх юм.