Идэвхтэй хөдөлгөөн огт хийдэггүй хүн амын үзүүлэлт Завхан аймагт өндөр байна
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ХААН банк сан, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран 2017 оноос “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг тасралтгүй зохион байгуулж байгаа ба уг аяныг энэ онд үргэлжлүүлэх санамж бичгийг /2024-03-15/ байгууллаа.
Өнгөрсөн онд Дундговь, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Дархан-Уул аймагт тус аяныг амжилттай зохион байгуулсан бөгөөд НЭМҮТ-ийн баг тэдгээр аймгийн хүн амын дунд цусны даралт ихсэлтэд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийг ДЭМБ-ын эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу 18-90 насны 5730 хүнийг хамруулж үнэлгээ хийсэн.
Цусны даралт ихсэлтийн анхдагч эрсдэлт хүчин зүйлийг илрүүлэх үнэлгээгээр 18-39 насныхны 27.8 хувь нь бага, 32.7 хувь нь дунд, 24.5 хувь нь өндөр, 14.3 хувь нь маш өндөр эрсдэлийн үнэлгээтэй байсан. Харин 40-өөс дээш насны хүмүүсийн 25.8 хувь нь бага, 47,3 хувь нь дунд, 16.4 хувь нь өндөр, 10.6 хувь нь маш өндөр эрсдэлтэй гарсан ба уг эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан үйлчлүүлэгчдийг эрэмбэлэн ангилж, эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөгөө, мэдээллийг өгсөн байна.
Эрсдэлт хүчин зүйлсээр нь ангилан судлахад Дундговь аймаг архи, тамхи, хорт зуршлын хэрэглээгээр бусад аймгаас харьцангуй өндөр үзүүлэлттэй бол Өвөрхангай аймгийн хүн амын хооллолтын хэв маягаас шалтгаалсан давс, өөх тосны хэрэглээ өндөр гарчээ.
Идэвхтэй хөдөлгөөн огт хийдэггүй хүн амын үзүүлэлт Завхан аймагт өндөр байсан бөгөөд долоо хоногт таваас дээш удаа идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх ДЭМБ-ын зөвлөмжийг биелүүлдэг иргэд Дархан-Уул аймагт 39,2 хувьтай байв.
Мөн иргэдийн дунд цусны даралт ихсэлтэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг илрүүлэх мэдээлэлд дүн шинжилгээ хийж, үнэлгээний тайланг боловсруулан аймгуудын Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн нь тухайн орон нутгийн эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад дэмжлэг болох юм. Цаашид уг аяныг Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.