“Усыг энхтайваны төлөө ашиглая”
Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд болдог Дэлхийн усны өдрийг энэ жил “Усыг энхтайваны төлөө ашиглая” урианд дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ өдрийг угтан “Тогтвортой хөгжлийг дэмжигч, уриалагч Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчид клуб”-ээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агeнтлаг Усны газрын дарга З.Батбаярыг урьж, Монгол Улсын усны тулгамдсан асуудлаар мэдээлэл сонсов.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр хэлэхдээ “Өнөөдөр хүн төрөлхтөн усаа хайрлан хамгаалж хэрэглэхэд уур амьсгалын хурдацтай өөрчлөлтөөс эхлээд дайн байлдаан, олон улсын хямрал, хөгжил дэвшлийн төлөвлөлтгүй байдал зэрэг олон хүчин зүйл нөлөөлж буй учир усыг дэлхий нийтээр энхтайванч байдлаар ашиглан хандахыг уриалж байна. Манай улсад Дэлхийн Усны өдрийг угтан “Цэнхэр тууз” аяныг усаа хайрлаж, хамгаалж, хэмнэе уриан дор зарласан.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийн олон улс оронд мөнх цэвдэгт уулууд хайлж байна. Манай улсад энд Отгонтэнгэр, Сутай, Их Богд уул орж байна. Отгонтэнгэр уулыг Гэгээн нуур аврах магадлалтай байгаа бол Баянхонгор аймаг дахь Их Богд уул мөнх цэвдэгтэй байсан бол одоо цасгүй болоод байна. Үүний араас Сутай хайрхан орж байгаа. Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс болон хүний хүчин зүйлээс болж нэг нэгнээ тэтгэдэг гол, мөрнүүд татрах аюул нүүрлэж байна.
2040 он хүртэлх олон улсын усны эрсдлийн нөхцөл байдлыг харуулсан “Water stress map” зургаас харахад БНХАУ, Казахстан зэрэг улсыг хамгийн анхаарах түвшинд байгаа гэдгийг тодотгож улаанаар тэмдэглэсэн бол Монгол Улс ч мөн орсон байна. БНХАУ-ын хувьд тус улсын хойд хэсэг анхаарах бүсэд орж, одоо хэрэглэж буй усны хэрэглээнийхээ 40-80 хувийг хангаж чадахгүйд хүрэхээр байгааг сануулсан байна.
Дэлхийн цэнгэг усны нөөцийн 68.7 хувийг цас, мөсөн бүрхүүл эзэлдэг байна. Дээрх бүх байдал нь байгалийн үйл явц (процесс) бидний тооцсоноос бус явагдаж буйн жишээ. Гэтэл хүн төрөлхтөн бид байгалийн өөрчлөлтийг өөрийнхөө цагаар хэмжээд байна” гэв.
Усыг хайрлаж, хамгаалахад:
- Усан сан байгуулж хуримтлуулан ус нөөцлөх,
- Газрын доорх усны эрэл хайгуул хийж мөн нөөц бүрдүүлэх,
- Усыг зөв зохистой ашиглах зэрэг гарц, шийдэл байгааг хэлсэн юм.
Манай улсад орон сууцанд амьдардаг нэг хүн хоногт 180 литр ус хэрэглэдэг бол гэр хорооллын оршин суугч 8 литр ус ашиглаж буй тооцоо гарчээ. Орон сууцанд усны крантаа хаалгүйгээр аяга тавгаа угаахад 15-30 литр ус зарцуулдаг байна. Тэгвэл сав суулгыг савтай усанд усаа тосож угаахад 5-10 литр ус хэрэглэж, 20 литр ус хэмнэх боломжтой байдаг. Автомашиныг даралттай усаар угаахад 50-100 литр ус зарцуулж буй тооцоо бий.
Байшин, барилгын дээврийг ашиглан ус хуримтлуулах боломжтой байгааг Усны газрын дарга З.Батбаяр Хөвсгөл аймгийн төв Мөрөн сумаар жишээ татан хэлсэн юм. 6-9 дүгээр сард орсон 357.8 мм хур тунадасыг 10 мянга гаруй байшин барилгын дээврийг ашиглан хуримтлуулвал 372.00 тонн ус хэмнэх тооцоо гарчээ. Энэ нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Дүүрэн нуурын устай тэнцэх хэмжээний ус болж байна. Энэ хуримтлуулсан усаар 1400 орчин тонн төмс, эсвэл 203.00 орчим тонн улаанбуудайг усалж ургуулах боломжтой. Нийслэл хотод 6-9 дүгээр сард орсон борооны усыг ашигласан бол 372.000 тонн ус хуримтлуулах байлаа. Ийм хэмжээний ус хэмнэх тооцоо гарсан нь Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэртэй тэнцэх хэмжээний ус гэдгийг онцолж байлаа.
П.Нарандэлгэр