Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны IV хуралдаан 58.3 хувийн ирцтэйгээр Төрийн ордонд эхэллээ. ҮБХ-ны IV хурлыг нээж, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ үг хэлсэн юм. Хуралдаанд ҮБХ-ны гишүүдээс гадна УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар оролцож байна.
Өнөөдрийн хуралдаанаар Ардчилсан намын Үзэл баримтлалын шинэчилсэн төслийг танилцуулах, УИХ болон бүх шатны сонгуульд нэр дэвшигчийг тодруулах журмын төсөл зэрэг нийт 12 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Эдгээрээс үдээс өмнөх хуралдаанаар Сонгон шалгаруулах хорооны тухай журмын төсөл зэрэг хэд, хэдэн төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үүний зэрэгцээ Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд УИХ-ын 42 дугаар тойрогт зохион байгуулагдах нөхөн сонгуульд оролцохыг дэмжив. 2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хүчин төгөлдөр байгаа тул өөрчлөлт оруулахгүй СЕХ-нд хүргүүлэхийг С.Эрдэнэ энэ үеэр онцоллоо.
Мөн үдээс өмнөх хуралдааны үеэр Н.Түвшинбаяр, А.Бакей, А.Ундраа, П.Батчимэг нарын нийт 10 хүний ҮБХ-ны гишүүний бүрэн эрхийг батламжлан, Ардчилсан намын үнэмлэх гардуулав.
ҮБХ-ны IV хурал өнөөдөр 18.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд “Монголоо сонсъё” үндэсний аяныг дүгнэж, тайлагнах зэрэг хэд, хэдэн асуудлыг хэлэлцэнэ.