Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ын Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулах газрын Суурин төлөөлөгч Эмрха Устаөмэрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024 оны А/02 дугаар тушаалаар НИЙГМИЙН САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН цол тэмдгээр шагнасныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар гардууллаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр, ялангуяа хүүхэд хамгаалал, хөгжил, ахмадуудыг дэмжих олон хэлбэрийн туслалцаа үзүүлж Дэд сайд талархал илэрхийлсэн.
ТИКА байгууллага нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхлээд 30 гаруй жил болж байна. Энэ хугацаанд манай улсын эдийн засгийн гол салбаруудад хүмүүнлэгийн болон техникийн туслалцааг 840 орчим төсөл, хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлсэн.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт дараах төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн юм.
-Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын тохижилтод шаардлагатай эд хогшил, тоног төхөөрөмжийн тусламж,
-“Өнөр бүл” төвийн тохижилт, засварын ажил,
-Баян-Өлгий аймгийн ахмадын төвийн засварын ажил,
-Тус яамны харьяа Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан контор, сургалтын өрөөг засварлан тохижуулах засварын ажил,
-Бүгд Найрамдах Турк Улсын тэтгэврийн даатгалын тогтолцоотой танилцах, хоёр улсын нийгмийн даатгалын талаар харилцан туршлага солилцох зорилгоор Нийгмийн даатгалын байгууллагын албан хаагчдыг Бүгд Найрамдах Турк Улсад богино хугацааны сургалт,
-Нийслэлийн Сонгинохайрхан, Налайх, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүрэг, Увс, Хөвсгөл, Баян-Өлгий аймгийн 2000 айл өрхөд тусламжийн багц буюу хүнс болон зайлшгүй хэрэгцээт долоон нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний тусламж.