ОБЕГFocus

Л.Долгормаа: Иргэд амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулаад байгаа нь харамсалтай

Гавшгай, гялалзуур, хөнгөн шаламгай хүнийг “шав хийсэн” хэмээн тодорхойлдог. Ийм нэгэн шав хийсэн бүсгүйг #Nematimes онцолж байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үгийг тунхагаа болгон амьдралдаа мөрддөг тэрбээр “Цэргийн цол зүүсэн л бол эр, эм гэлгүй зарчимтай, элдэв тайлбар хэлэхгүйгээр албандаа зүтгэх ёстой” гэх чигч шулуун бодолтой. Түүнийг Лхагвын Долгормаа гэдэг.

Би 2006 онд ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийг инженер-орчуулагч мэргэжлээр төгссөн. Англи, орос хэлтэй. Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургуульд багшилж байгаад 2013 оноос Онцгой байдлын газар сургалтын мэргэжилтнээр ажилд орсноос хойш 11 дахь жилтэйгээ золгожээ.

Миний аав Зэвсэгт хүчний 0245 дугаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Хошууч цолтой, намайг цэргийн хүн болох учиртай гээд аав энэ албанд хөтлөн оруулсан. Нөхөр маань хот хоорондын зорчигч тээврийн жолооч, манайх гурван хүү, хоёр охинтой. Бага охид ихэр, одоо дөрвөн нас хүрч байна.

Орон нутагт ажиллахын нэг давуу тал нь замын түгжрэл, стресс үгүй. Тиймээс хотынхноос илүү гэр бүлдээ зарцуулах цаг гардаг. Үдийн цайны цагаар 5-10 минутын зайтай гэртээ очоод хүүхдүүдээ хооллож, ундлаад хичээл сургуульд нь явуулчихна. Ажлаа цалгардуулахгүй ар гэрээ ч зохицуулаад байх давуу талтай.

Гадаад хэл сургах гэхээс илүү үндэснийхээ бичиг соёлыг хамгаалж, өвлүүлэхсэн гэж бодож хүүхдүүддээ монгол бичиг сайн заадаг. Дунд сургуульд байхдаа монгол бичгийн хичээлдээ сайн байсан нь одоо их хэрэг болж байна. Цаг зав гарвал дээл оёх дуртай. Хааяа дөрвөн мөрт шүлэг бичих хоббитой.

Манай аймаг энэ жил хамгийн их цастай, 10 гаруй сум зудын нөхцөлд байна. Ахуйн түймрийн тохиолдол их гардаг. Цаг агаар хүйтэн болохоор жолооч нар машинаа асаах гэж доогуур нь гал түлж орхиод машинаа шатаах тохиолдол ер нь олон. Хэдийгээр аврагч-гал сөнөөгч биш ч хүн хүч дутагдалтай үед түймэр унтраахаар явах тохиолдол бидэнд тулгарна.

2015 онд ийм тохиолдол гарч ой хээрийн түймэр унтраалцсан. Гал түймрийн 5-6 дуудлага зэрэгцэж, ангид өөр бүрэлдэхүүн үлдээгүй учраас би түймэрт явсан юм. Галын дөл нүүр төөнөөд, гутлын ул хайлуулчих гээд аврагч нар ямар хүнд нөхцөлд ажилладгийг биеэр мэдэрч Онцгой байдлын байгууллагын гол хүч, цөм нь болсон аврагч-гал сөнөөгчдөө маш их өрөвдсөн. Одоо ч дуудлагад явахад нь сэтгэл түгшиж үлддэг.

Мэдээж гал, гамшиг гарсан үед манайхан ажиллах үүрэгтэй ч урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлж ухуулан таниулах ажил гамшиг ослоос хамгаалахад маш чухал. Тиймээс бид иргэддээ хандан олон төрлийн сургалт сурталчилгааг цахимаар явуулдаг. Уг нь танхимаар хичээл орвол илүү үр дүнтэй. Гэхдээ танхимын сургалтад иргэд хойрго ханддаг гэж миний хувьд боддог.

Ялангуяа цай, кофе ядаж дэвтэр бал тараахгүй бол бүр ч ирдэггүй. Төрийн байгууллагын төсөв бага учраас олон улсын эсвэл төслийн байгууллагатай хамтарч сургалт явуулахыг хичээдэг болсон. Гамшиг ослын дуудлага жилээс жилд нэмэгдэж, байгаль цаг агаарын давагдашгүй үзэгдэл элбэгшлээ. Үүнтэй холбоотой Онцгой байдлын албаны ачаалал нэмэгдэж байна. Анхааруулж, сэрэмжлүүлээд байхад л иргэд өөрсдийн амь нас эрүүл мэнд эд хөрөнгөө эрсдэлд оруулаад байгаа нь харамсалтай.

Энэ далимд, үргэлж бие биесээ ойлгож тусалж дэмждэг Увс аймгийн Онцгой байдлын газрын хамт олондоо талархаж явдгаа илэрхийлье.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version