Нийгмийн эрүүл мэндийг дэмжих хүрээнд мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд цогц бодлогын ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн байгууллагын хэвлэл мэдээллийн ажилтан болон сэтгүүлчдэд зориулсан сургалтыг Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийг дэмжих сантай хамтран /2024.02.23/ зохион байгууллаа.
Олон улсад эрүүл мэндийн чиглэлээрх мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээн ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан болон энэ чиглээрх сэтгүүлчдийг тусгайлан бэлтгэж мэргэшүүлдэг байна. Өөрөөр хэлбэл их, дээд сургуулийн түвшинд эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөтөлбөрийг судалж, нийгмийн эрүүл мэндийн талаар ойлголттой төгсдөг ба мэргэшсэн сэтгүүлчдийн оролцоо, нөлөөг эрчимжүүлснээр тухайн улс орны хүн амын эрүүл мэндийн мэдлэг, боловсрол дээшилж, нийтийн эрүүл мэндийг хангахад чухал нөлөө үзүүлдэг ажээ.
Т.МӨНХСАЙХАН: СЭТГҮҮЛЧДИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙГЭЭР МЭРГЭШҮҮЛЭХ НЬ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛД ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ
Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт нийгмийн бодлогын зөвлөх, анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан сургалтыг нээж хэлэхдээ “Манай улсын хүн амын 3,9 хувь нь эрүүл, зөв зан үйл, идэвхтэй амьдралын хэв маягтай. Харин үлдсэн нь амьдралын буруу дадал, хэвшил, урьдчилан сэргийлэлт хангалтгүйгээс өнөөдрийн олон өвчин, эндэгдэл үүсэхэд голлон нөлөөлж буй гэсэн судалгаа бий. Тэгвэл эрүүл мэндийн сэтгүүл зүй нь олон нийтийн эрүүл мэндийн талаарх мэдлэг ойлголтыг сайжруулах, буруу ташаа мэдээллийг засах, эрүүл зан үйлийг дэмжих, сурталчлах зэрэг нийгэмд үзүүлэх үр нөлөө их. Энэ ч үүднээс бид олон улсын сайн туршлагыг судалж, нутагшуулахаар эрүүл мэндийн сэтгүүл зүйг хөгжүүлэх чиглэлд их дээд сургуулийн хэмжээнд хөтөлбөр нэмэлтээр оруулах ажлыг эхлүүлээд байна. Өнөөдрийн сургалт бол цогц ажлын нэгээхэн хэсэг юм” гэлээ.
НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЛЭГ, БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, СЭТГҮҮЛЧДИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ
ЭМЯ, НЭМГ-ын Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Туяа “Монгол Улсын урт болон богино хугацааны бүхий л баримт бичигт иргэдэд эрүүл мэндийн боловсролыг олгох, эрүүл амьдралын дадал зуршлыг бий болгох, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэх, энэ чиглэлд ухуулга нөлөөллийн ажлыг хийж хэрэгжүүлэх томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Нийтийн эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдийн үүрэг, оролцоо нэн чухал. Тиймээс өнөөдрийн сургалтаар эрүүл мэндийн мэдээ мэдээллийг бэлтгэх, түгээх, арга аргачлалаас суралцах, мэдээ мэдээллийг үр дүнтэй олон нийтэд хүртээмжтэй хүргэхэд шаардлагатай ур чадварыг олж авна гэдэгт итгэлтэй байна” гэв.
“ЭРҮҮЛ МЭНДИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙН ХӨТӨЛБӨР”-ИЙГ НЭМЭЛТЭЭР ОРУУЛНА
Бүтэн өдөр үргэлжилсэн сургалтад нийт 60 орчим төлөөлөл оролцов. Цогц ажлын нэгээхэн хэсэг болох Эрүүл мэндийг дэмжих сангийн санхжүүжилтээр зохион байгуулж буй өнөөдрийн сургалтыг шат дараатай зохион байгуулах юм байна. Ташрамд дурдахад “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд сэтгүүл зүйн боловсон хүчин бэлтгэдэг их дээд сургуулиудад “Эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөтөлбөр”-ийг нэмэлтээр оруулахаар болж, зургаан сургууль хамтарсан ажлын хэсэг байгуулсан аж.
“Эрүүл мэндийн сэтгүүл зүй ба мэдээлэл, харилцаа холбоо” сургалт
#ЭрүүлМонголХүн#TheHealthyMongolians#HealthJournalism#HealthforAll#PublicHealthEducation