Малын хорогдол нэг сая 552 мянгад хүрчээ
Монгол оронд зудын гамшиг нүүрлэж, холбогдох албаныхан орон нутагт ажиллаж байна. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн байгууллагууд болон төрийн бус байгууллагууд, иргэд хандивын аян өрнүүлж байна. Тэгвэл өчигдөр “Эм Си Эс” групп малчдад туслах хандивын аянд нэгдэж 500 сая төгрөг бэлнээр, мөн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ зэрэг нийт тэрбум гаруй төгрөгийн тусламж олгохоор болжээ. Тус компанийнхан ОБЕГ-ын удирдлагуудтай уулзаж хандивын аяны талаар ярилцаж, хэрхэн хамтарч ажиллахаа зөвлөлджээ. Мөн малчдад хүрэх зам гаргахад техникийн туслалцаа үзүүлэх гэнэ.
Уулзалтын үеэр зудын нөхцөл байдлын талаар, малын хорогдол тав хоногийн өмнөх мэдээгээр 667 мянга байсан бол өнөөдөр нэг сая 552 мянгад хүрч огцом өссөн.
Нөхцөл байдал сайжирч, цаг наашлахад хугацаа шаардлагатай байгаа гэх зэрэг цаг үеийн мэдээллийг ОБЕГ-ын Тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга бригадын генерал Б.Ууганбаяр нар танилцуулав.
Мөн энэ удаагийн зудын улмаас олон малчин өрх малгүй болж эхэлсэн. Энэ нь цаашдаа олон сөрөг үр дагавартай. Тиймээс малчдадаа туслах үйлсэд хувийн компанийн томоохон төлөөлөл оролцож байгаад талархал илэрхийлэв. Түүнчлэн тус группын мянга мянган ажилтанд ажлын амжилт хүсэж, хандивын зарцуулалт, хуваарилалтыг ил тод зарлана гэв.