Хоёр улс уламжлалт баяруудыг хамтран зохион байгуулахаар ярилцав
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Альшаа аймаг, Сэхэ боомтын удирдлагууд “Түмэн тэмээний баяр 2024”-т хүрэлцэн ирж оролцлоо. Тэмээний баярт хүрэлцэн ирсэн зочдыг Өмнөговь аймгийн удирдлагууд хүндэтгэн хүлээн авч уулзжээ.
Хоёр аймгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хил орчмын аялал жуулчлалыг эхлүүлэн, “1000 ботгоны баяр”, “Түмэн тэмээний баяр”, “Тооройн баяр” зэрэг томоохон уламжлалт баяруудыг хамтран зохион байгуулж, иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчид, жуулчдыг харилцан оролцуулж байхаар хэлэлцсэн байна.
Харин ирэх гуравдугаар сард хоёр талын албан ёсны уулзалтыг зохион байгуулж, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хамтран хэрэгжүүлэх, зохион байгуулах төлөвлөгөөт ажлуудыг хэлэлцэхээр шийдвэрлэжээ.
БНХАУ-ын Сэхэ боомтын дэд дарга Б.Алтанбагана:
-Би Өмнөговь аймгийн “16 түмэн тэмээний баяр”-т өөрийн хошууны малчидтай хүрэлцэн ирж оролцож байна. Бид сэтгэл их таатай байна. Баярын үйл ажиллагааг маш сайхан зохион байгуулалтай хийж байгаа нь бахархалтай. Баярын хүрээнд өв соёл, тэмээтэй холбоотой олон сонирхолтой үзэсгэлэн, худалдаа, тэмцээн уралдааныг зохион явуулж байгаа нь таалагдлаа. Бид хөөргийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо. Тэмээний эх орон Өмнөговийн ард иргэдэдээ баяр хүргэж, сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхэнд баярлалаа.