Ц.Ган-Өлзий: Өвөг дээдсээс бидэнд заяасан газар нутаг, мал сүрэгтэй байгаадаа баярлах хэрэгтэй
Хөвсгөл аймгийн Хатгал суманд зохион байгуулагдсан “Монгол Сарлаг 2018” фестивалийн үеэр үндэсний үйлдвэрлэгч “Жинст Мөрөн”, “Сноу Фийлдс”, “Монгол Текстайл”, “Алтай кашмер” компаниудын загварын үзүүлбэр гадаад дотоодын жуулчдын анхаарлыг ихэд татаж байсан юм. Мөн “Дархан нэхий” компанийн үзэсгэлэн худалдааны асар ч үйлчлүүлэгч ихтэй байсан билээ.
Сонирхуулахад, далайн түвшнээс дээш 1600 метрээс дээш хүйтэн сэрүүн бүсэд амьдардаг сарлагийн хөөвөр нь хүйтэн сэрүүнээс хамгаалах зохиодлогоотой байдаг. Энэ утгаараа сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн биед их эвтэйхэн, маш дулаахан, хөнгөхөн байдаг. Сарлагийн хөөврийг микроскопоор олон дахин томруулж харвал голдоо хөндий гуурсан бүтэцтэй байдаг бөгөөд гадаах агаарын чийгийг тэрхүү хөндийдөө хуримтлуулж хүний бие рүү чийгийг нэвтрүүлдэггүй онцлог, давуу талтай гэнэ.
Үйлдвэрлэгчидийн бүтээсэн загваруудыг “Монгол модель” агентлагийн загвар өмсөгчид өмсөж сонирхуулсан юм. Энэ үеэр үйлдвэрлэгчидтэй уулзаж ярилцсанаа хүргэж байна.
Ц.Ган-Өлзий: Өвөг дээдсээс бидэнд заяасан газар нутаг, үр ашигтай түүхий эд өгдөг мал сүрэгтэй байгаадаа баярлах хэрэгтэй
Манай компани 2004 онд байгуулагдсан цагаас экспортын чиглэлээр ноос ноолуур, сарлаг, торомны ноосоор бүтээгдэхүүн хийж, 85 хувийг нь экспортод гаргаж байна. Сарлагийн бүтээгдэхүүнийг 2006 оноос эхлэн үйлдвэрлэж эхэлсэн.
Тухайн үед дотоодын зах зээл дээр сарлагийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газар маш ховор. Гадаадын зах зээл дээр дөнгөж сонирхогдож эхэлж байсан.
Өнгөрсөн 12 жилийн хугацаанд бид дотоодынхоо сарлагийн хөөвөр бэлтгэдэг малчид, хоршоодуудтай нилээн сайн хамтран ажиллаж байна. 2008 оноос хойш Ногоон алт төсөлтэй хамтран ажилласан. Энэ хүрээнд МБАНХ-ны төслийн багтай хамтран ажиллаад 8-9 жил болж байна. “Монгол сарлаг” наадамд бид дэмжигч байгууллагаар оролцож ирсэн. Энэ жилийн хувьд сэтгэгдэл маш өндөр байна. Нутгийн зон олон ихээр цугларч байна. Байгаль дэлхий ч их сайхан ивээж байна. Томоохон сумын наадамтай дүйцэхүйц болж байна гэж харлаа.
Би Хөвсгөл нутагтай их холбоотой ажилладаг. Нэгд, би энэ нутгийн хүргэн. Тэр утгаараа Хөвсгөл нутгийг дэмжих сэтгэл надад байдаг. Хоёрт, Жинст мөрөн компанитай удаан жил хамтран ажиллаж байгаа. Энэ кзомпанитай анх ажил хэргийн холобоотой хамтран ажиллаж, бидний нөхөрлөл батжиж байгаа учраас Сарлаг наадмыг зорин ирсэн юм.
Наадмын үйл ажиллагаагаар дамжуулаад миний сэтгэлд байгаа ганцхан зүйл нь Монголынхоо бэлчээрийг даацыг зөв зохистой байлгаасай. Энэ бол ганц өдөр баярлаад өнгөрөх наадам биш. Энэ баяраар дамжуулаад энд хуран цугларсан олон түмэн, зорин ирсэн 18 аймгийн төслийн багийн хамт олон энэ баярт оролцсон сэтгэгдлэлээ тухайн орорн нутагтаа очиж малчдад ярина.
Тэгээд дотоод зохион байгуулалтын хүрээнд малынхаа бэлчээрийг илүү зөв зохистой ашигладаг болно гэж итгэж байна. Тэгэхгүй бол экспортын үйл ажиллагаа явуулдаг бидэнд хүндрэлтэй асуудал үүсч магадгүй гэж их санаа зовдог. Бидэнтэй ижил үйлдвэрлэл эрхэлдэг гадаадын экспортлодог компаниуд монголын зах зээлд хүч түрэн орж ирж байна.
Тэгэхдээ тэр гадны зах зээлийн орнуудад монголын бэлчээр багасах, малын тоо толгои нэмэгдэх, гарч байгаа үс ноос, хөөврийн чанар муудах огтхон ч хамаагүй. Яагаад гэвэл тэд дараагийн зах зээл рүү ороод явчихна. Харин бид Төв Азийн цээжинд орших Монгол улсын эзэд. Өвөг дээдсээс бидэнд заяасан газар нутаг, үр ашигтай түүхий эд өгдөг мал сүрэгтэй байгаадаа баярлах хэрэгтэй.
Өнөөдөр дэлхийд Монгол Улс ноолуур бэлтгэлээрээ нэгд, сарлаг бэлтгэлээрээ дэлхийн нийт үйлдвэрлэж байгаа сарлагийн бүтээгдэхүүний 22 хувийг гаргаж байна. Тэмээний ноосны 50 шахам хувийг дэлхийд экспортлодог. Энэ ноолуур, хөөвөр, сарлаг гурвал малын ширхэгтийн хувьд хамгийн чанартай нь. Тийм учраас монголын энэ бэлчээрийн аж ахуйгаас гарч байгаа түүхий эдэд гадны улс орнууд шунахаас өөр аргагүй.
Гэхдээ бид малаа авч үлдэнэ. Малаа авч үлдэхийн тулд л бид бэлчээртэй л байх ёстой. Бэлчээрийг зөв зохион байгуулалттайгаар цаашид ашиглах бол энэ нь цаашдаа бидний үр хүүхэд, тэрний дараагийн үед энэ хэвээрээ үлдэх юм. Ингэж үлдээж чадах уу, үгүй юу гэдэг нь өнөөдөр хамгийн том санаа зовоодог асуудал болсон. Энэний төлөө зүтгэж байгаа энэ төслийн хамт олны хийж байгаа бүхэн үнэхээр монголын хөрсөнд буусан.
Би олон төслийг харж, оролцож явсан. Монголдоо их өгөөж муутай төслүүд харагддаг. Эсрэгээрээ энэ төсөл малчдад, газар нутагт нь өгөөжөө өгөөд байна. Дээр нь малчид нь хамтраад, Монголын үйлдвэрлэгчид нь хамтраад явж байгаа төсөл энэнээс өөр байхгүй. Тийм учраас энэ төсөл цаашид улам амжилттай яваасай гэж дотроо боддог. Гадны ямар нэгэн нөлөөлөлд битгий ороосой гэж залбирдаг. Төр засаг дэмжээсэй гэж хүсдэг.
Г.Амарболд: Хөвсгөл аймагт жуулчдыг татах онцлогтой наадам бий болж байна
“Сарлаг наадам” маань 2018 онд анх удаа өргөн цар хүрээтэй болж байна. 2014 онд анх нэг сумын хэмжээнд зохиогдож, хоёр дахь жилдээ хоёр сумын хэмжээнд, гурав дахь жилдээ гурван сумын хэмжээнд зохион байгуулагдсан.
Энэ удаад Монгол улсын 18 аймаг, Хөвсгөл аймгийн 11 сумын хэмжээнд зохион байгуулагдлаа.
Энэ наадмыг зохион байгуулсанааар Хөвсгөл аймагт аялал жуулчлалын арга хэмжээ буюу жуулчдыг татах онцлогтой наадам бий болж байна. Ирж байгаа жуулчдын хувьд дийлэнх нь дотоодын жуулчид байгаа ч гадаадаас буюу АНУ, Япон, Хятад зэрэг улс орноос зорин ирсэн хүмүүс цөөнгүй байна. Цаашдаа Хөвсгөл аймгийн томоохон наадам болон үргэлжилнэ.
Олон улсын төслүүд энэ арга хэмжээг ивээн тэтгэж байна, сум орон нутгаас дэмжиж байна. Хамтын дэмжлэгээр зохиогдлоо. Малчдын бүлгүүд, малчид, оролцож байна. Томоохон хэмжээний наадмын дүр төрх харагдаж байна. Өнөө жил хур бороо элбэгтэй сайхан жил болж байна. Нэгхэн хоногийн өмнө усан бороо цутгаж байсан бол өнөөдөр нарлаг сайхан өдөр болж байна.
Цаашид цар хүрээгээ нэмэгдүүлж, зохион байгуулалтын хувьд хийх ажил цөөнгүй байгаа. Энэ наадамд 4500 орчим хүн ирж, орон нутаг сумдаас 500 гаруй сарлаг цуглууллаа. Хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой бөхчүүд ирж хүч үзэн барилдлаа. Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны 18 аймгийн төлөөлөл ирж байна. Аймаг болгон өөр өөрийн онцлогийг харуулсан гэрүүдээ байршуулсан байна.
Хөвсгөл аймгийн хувьд Монголын Швейцари гэж нэрлэгддэг. Тэр утгаараа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэхээр сайхан боломжтой. Энэ наадамд манай Жинст мөрөн компани амжилттай оролцож байна. Сарлаг бугуйлдах тэмцээнийг манай компани хариуцсан. Цаашид энэ наадмыг хоёр жил тутамдаа аймаг болгонд зохион байгуулахаад шийдвэр гаргаад байна.
Р.Энхболд: Цахим сайт нээж, энэ наадмаа аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох боломжтой
Сарлагийн фестивалийг анх зохион байгуулагдаж эхэлсэн цагаас манай компани оролцож байна. Сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компаниуд энэ фестивалийг дэмжиж оролцдог. Сарлаг гэдэг дэлхийд ховор өвөрмөц амьтан. Энэ амьтныг зөвхөн дотоодын зах зээлд таниулахаас гадна дэлхийд таниулж, ийм ховор сайхан амьтан байдаг юм шүү.
Ийм сайхан хувцас хийдэг юм шүү гэж таниулах нь наадмын гол зорилго. Бид тэрийг дэмжиж оролцож байна. Сарлаг байдаг аймгуудад зохиогдож байгаа учраас жил ирэх тусам энэ наадмын зорин ирэх жуулчдын тоо улам нэмэгдэж байна. Цаашид тусдаа цахим сайт нээж, энэ наадмаа дангаар нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох боломжтой гэж харж байна.
Тэгж чадвал энэ наадам маань өөрөө дэлхийд танигдаж, соёл урлаг, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг илүү сайн таниулах боломж нээгдэнэ. Ингэвэл монголын соёлын бүтээгдэхүүнийг таниулах томоохон үйл хэрэг болно гэж бодож байна.
Б.Гэрэлмаа: Сарлагийн арьсаар YAK брэндийн пүүз, гуталнууд хийж байна
Дархан нэхий компани маань Сарлаг наадамд жил болгон уламжлал болгон оролцож ирлээ. Бид энэ наадамд оролцсоноор малчидтай илүү ойртож ажиллах болсон.
Энэ удаад бид Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Арьс ширний холбоотой хамтран сургалт зохион “байгууллаа.
Сургалт зохион байгуулахын гол зорилго нь малынхаа раьс ширийг яаж зөв оновчтой боловсруулах вэ анхан шатны боловсруулалтыг яаж зөв хийж авах гэдгийг зааж зөвлөлөө.
Энэ наадамд бид өөрийн брендийн сарлагийн арьсаар хйисэн гутал, савхи, арьсан эдлэлийг сурталчилан оролцож байна.
Сарлагийн арьс нь хүйтэнд тэсвэртэй, зузаан байдаг. Гадаадын сонирхсон хүмүүст экспортод гаргадаг. Сарлагийн арьсаар манайх YAK брэнд гэсэн гутал гаргасан.
Үүгээрээ монголдоо төдийгүй дэлхийд танигдсан пүүз, гуталнууд хийж худалдаалж байна.
М.Энхжаргал: Гадаадын жуулчид сарлагийн талаар илүү их мэдэж авч байна
“Сарлагийн фестиваль 2017”- д оролцож байсан. Их гоё болж байсан. Энэ жил Хатгалд ирж оролцож байна. Сэтгэгдэл их өндөр байна.
Сарлагийн фестивалийг зохион байгуулсанаар аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж их байна.
Хөвсгөлд ирж байгаа жуулчдыг татах боломжуудыг нэг юм. Сарлаг гэж ийм амьтан байдаг.
Түүний үс ноосоор ийм бүтээгдэхүүнүүд хийж болдог гэдгийг олон нийтэд таниулахаас гадна гадаадын жуулчид сарлагийн талаар илүү их мэдэж авч байна.
П.Нарандэлгэр