WorldЗТХЯ

Европ болон Төв Азийн орнуудаар дамжин нисэх боломж бүрдлээ

Өнөөдөр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт нар “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Их Британи, Умард ирландын нэгдсэн хаант улсын засгийн газар хоорондын хэлэлцээр” байгууллаа.

Ингэснээр манай улс дэлхийн 44 улсын 130 цэг рүү нислэг үйлдэх, хоёр орны хооронд шууд нислэг гүйцэтгэхээс гадна Европ болон Төв Азийн орнуудаар дамжин нисэх боломж бүрдэж байна.

Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс /ИБУИНХУ/-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2000 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулж байсан. ИБУИНХУ Европын Холбооноос гарсантай холбогдуулан Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, ИБУИНХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг шинэчлэн байгуулж байгаа юм. Талууд энэ удаагийн уулзалтаар агаарын тээвэр, төмөр зам, авто тээвэр зэрэг салбаруудад хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр ярилцлаа.

Өнөөдрийн шинэчлэн байгуулж буй Агаарын харилцааны тухай хэлэлцээр нь “Хууль, дүрэм дагаж мөрдөх”, “шударга өрсөлдөөн”, “нислэгийн аюулгүй ажиллагаа”, “аяллын дугаар хамтран ашиглах”, “түрээс”, “хөөрөлт, буултын слот”, “газрын үйлчилгээ”, “олон төрөлт агаарын тээвэр”, “хүрээлэн буй орчны хамгаалал”, “олон улсын иргэний нисэхийн байгууллагад бүртгүүлэх” зэрэг шинэ заалтууд нэмэгдэж байна. Мөн нисэхийн аюулгүй байдлын зүйлд нисэхийн аюулгүй байдлын ажилтнуудыг /In-Flight Security Officer/ зорчихыг зөвшөөрөх, хэлэлцэн тохирогч талууд  тухай заалтуудыг тусгажээ.

Ингэснээр хоёр талаас томилогдсон агаарын тээвэрлэгчид дурын агаарын хөлгийн маягаар долоо хоногийн 7 удаагийн давтамжаар зорчигч тээврийн нислэг үйлдэх, дан ачаа тээврийн нислэгийг дурын агаарын хөлгөөр давтамжийн хязгаарлалтгүйгээр нислэг үйлдэхээр боллоо. Хоёр талын томилогдсон агаарын тээвэрлэгчид Европ болон Төв Азийн доорх цэгүүдэд агаарын тээврийн 5 дугаар эрх эдлэн зорчигч тээврийн нислэг үйлдэхээр тохирсон.

Европ дахь цэгүүд: Албани, Армени, Австри, Азербайжан, Бельги, Босни Герцеговина, Болгар, Хорват, Кипр, Чех, Дани, Эстони, Финлянд, Франц, Гүрж, Герман, Грек, Унгар, Исланд, Ирланд , Итали, Латви, Литва, Люксембург, Мальта, Молдав, Монтенегро, Нидерланд, Хойд Македон, Норвеги, Польш, Португал, Румын, Серби, Словак, Словени, Испани, Швед, Швейцарь, Турк, Украин

Төв Ази дахь цэгүүд: Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан.

Одоогийн байдлаар ИХБУИНХУ-ын Лондон хотын чиглэлд Монголын талаас зорчигч тээврийн нислэг үйлдэхээр “МИАТ” ТӨХК, дан ачаа тээврийн нислэг үйлдэхээр “Изинис Эйрвэйз” ХХК-иуд томилогдоод байна.

Монгол Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Засгийн газар хооронд “Агаарын харилцааны тухай хэлэлцээр” шинэчлэн байгуулснаар хоёр орны хооронд шууд нислэг гүйцэтгэхээс гадна Европ болон Төв Азийн орнуудаар дамжин нисэх боломж бүрдлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version